Э.СОЛОНГО

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогттой энэ оны төсөв, тусгай сангуудын төсвийн зарцуулалт, хяналтын талаар ярилцлаа.

 

-Уул уурхайн салбар болон нүүрсний зах зээл таагүй байгаа нь төсвийн орлогод нөлөөлж байна гэх юм. Эдгээр хүчин зүйлс төсвийн орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?

-Улсын төсвийн орлогыг өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад өсөлттэй гарсан. Харин төлөвлөсөн хэмжээнээсээ орлого бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа. Нүүрсний борлуулалтын хөнгөлөлтийн татвар зэрэг зарим эх үүсвэрийг бууруулсан нь нөлөөлсөн байх. Энэ оны төсвийн дагуу нүүрсний салбараас нийт төсвийн орлогын 6.4 хувийг бүрдүүлэхээр тооцсон. Гадаад зах зээл дэх нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор энэ салбарын экспорт буурах, ашигт ажиллагаа багасах хандлага ажиглаг­даж байна.

Нүүрсний салбарын гол экспортыг 2-3 дугаар улиралд хийдэг. Тэгэхээр ирэх улиралд одоогийн байдал  сайжирна гэж тооцоолж байгаа. Хоёр­дугаар улиралд эдийн за­саг сэргэхтэй холбогдуу­лан төсвийн орлого ч өсөх магадлал өндөр байна. Манай эдийн засгийн үзүү­лэлт оны эхний ули­ралд доогуур гарч, сүүлийн хоёр улиралд сэргэдэг. Үүнийг дагаад төсвийн орлого өөрчлөгдөж байна.

-Олон улсын бай­гуул­лагууд Монгол Улс энэ оны төсвөө нэлээд алдаг­далтай баталсан. Алдагдал нь хуульд заасан хэм­жээнээс нь хэтэрсэн  бай­гааг мэдэгдсэн шүү дээ?

- Ер нь 2013 оны улсын төсвийг алдагдалтай ба­талсан. Төсвийн тогт­вортой байдлын тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байхаар заасан. Үүний дагуу энэ оны нэгд­сэн төсвийн төлөвлөгөө нь ДНБ-ий хоёр хүртэл ху­вийн алдагдалтай байхаар батлагдсан. Засгийн газрын зүгээс УИХ-аас баталсан  төсвийн алдагд­лын хүрээнд төсвийн гүй­цэтгэлийг хэрэгжүүлнэ.  Оны эхний улирлын нэгдсэн төсвийн тэнцэл 83.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байгаа. Ирэх саруудын гүйцэтгэ­лээр төсвийн орлого буурч, төсвийн алдагдал ДБН-ий гурван хувиас илүү гарвал хуулийн дагуу төсөвт тодотгол хийх юм.

-Дэлхийн банкны эдийн засагчид төсвийн алдагдлыг ДНБ-ий зургаан хувьд хүрсэн гэж байгаа?

-Нүүрсний салбар, эдийн засаг ирэх саруудад өмнөх улирлын байдлаас илүү сайжирдаг. Тиймээс ирэх саруудад төсвийн орлого төлөвлөсөн хэм­жээнээс давна гэж тоо­цоолж байгаа. Төсвийн орлогын биелэлт эхний улиралд 92 хувьтай гарсан. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн мөчлөгөө дагаад манай улсын төсвийн ор­логын биелэлт ийм хэмжээнд байгаа.

-Төсвийн орлого тасалдсан уу. Үүнд юу нөлөөлсөн бэ?

-Орлого тасалдсан. Гэхдээ ДНБ-ий гурван хувьд хүрэх хэмжээнд та­салдаагүй.  Монгол Улсад жилийн сүүлийн хагаст эдийн засаг сай­жирс­наар төсвийн бие­лэл­тийг нөх­дөг тогтолцоо бий болоод байна. 

-Монгол Улс сүүлийн жилүүдэд төсвийнхөө ил тод байдлыг сайжруулахад анхаарч байгаа. Үр дүн хэр мэдрэгдэж байна?

-Дэлхийн орнуудын төсвийн ил тод байдалд үнэлгээ хийж, үзүүлэлтээр нь жагсаадаг Олон улсын байгууллага байдаг. Тэд­ний үнэлгээгээр Монгол Улс дэлхийн бүх орнуу­даас 2011 онд 60 дугаарт жагсаж байсан. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт ураг­шилж 51 дүгээрт орж ир­сэн. Төсвийг хэн, хэрхэн зарцуулж, орлого зар­лагыг яаж нөхөж бай­гааг олон нийтэд хүргэх цахим хуудас ажиллуулж байна.

-Энэ оны төсөвт зэс, нүүрсний үнийг хэдээр тооцож тогтоосон бэ. Одоогийн ханш төсвийн орлогод хэрхэн нөлөөлж байна?

-Энэ оны төсвийн ихэнх орлогыг зэс, нүүрс­нээс олно гэж төлөвлөсөн. Зэсийн хувьд бид нэг тонныг нь 6300 ам.доллар гэж төсөвт тодотгосон. Одоо7100 ам.доллар байна. Харин нүүрсний үнэ бид­ний тооцоолсноос доогуур ханштай байгаа. Ирэх са­руу­дад энэ бүтээгдэхүүний зах зээл сэргэх таамгийг олон улсад дэвшүүлээд байгаа. Үүнийг дагаад өнгөрсөн улиралд нүүрс­нээс шалтгаалж орлого тасалдаж байсан байдал өөрчлөгдөнө.

-Эдийн засгийн өсөл­төд голлох салбаруудаар та алийг нь нэрлэх вэ?

-Үүнд уул уурхайн салбар тэргүүлнэ. Ойрын хэдэн жилдээ уул уурхайн эзлэх хувь эдийн засагт өндөр хэвээр байна. Манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлбэл үр дүнгээ өгнө. Барилга, төмөр замын салбар ч сэргэж байна. 

-Орон нутагт энэ жил өмнө нь байгаагүйгээр их хөрөнгө төсөвлөсөн. Танай яам үүний зарцуулалтыг хэрхэн хянаж байна вэ?

-Шинэ төсвийн хуу­лиар Орон нутгийн хөгж­лийн санг  байгуулсан. Энгэ санд 270 орчим тэр­бум төгрөгийг хуваа­рилсан. Үүнээс сум бүрт 200-300 сая төгрөгийг төсөвлөсөн. Өмнө нь орон нутгийн мэдэлд ийм хэмжээний их мөнгө очиж байгаагүй. Эдийн засгийн үзүүлэлт хөдөөд нэлээд сул байгаа. Тэнд ажлын байр хумигдаж зах зээлийг шахсанаар нийслэл рүү шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Энэ байдлыг сайжруулахад энэ хөрөнгө чиглэж байгаа. Үүнийг юунд зарцуулах нь  тухайн баг, сум, хороо, дүүргийн иргэдийн мэдэл. Орон нут­гийн хөгжлийн сан­гийн мөнгөөр хийх төсөл, ажлыг иргэдийн санал, хэлэлцүүлэг­гүйгээр хэ­рэг­жүүлэхгүй.  Тэдний саналыг авч хэлэлцсэний дүнд орон нутгийн удирд­лагууд санхүүг батлана. Өнгөрсөн дөрөв болон энэ сард манай яамны ажилтнууд аймгуудаар явж төсвийн зарцуулалттай танилцаж, заавар зөвлөгөө өгсөн.

-Монгол Улсад хэч­нээн тусгай сан байна вэ. Тэдний хөрөнгийн зар­цуулалт хэр оновчтой зүйлд хуваарилагдаж байна?

-Манай улсад салбар бүрт чиглэсэн 40 гаруй тусгай сан ажиллаж байна. Энэ сангуудын үйл ажиллагааг ил тод болгох, шинэчлэх шаардлага байгаа. Учир нь сан өөрөө хөрөнгө хуримтлуулж түүнийгээ тодорхой зүйлд зарцуулдаг. Гэтэл манай сангуудын ихэнх нь хөрөнгө хуримтлуулдаггүй. Өөрөөр хэлбэл, орлого олдоггүй төсвөөс хуваа­рилсан мөнгийг зарцуул­даг. Өөрөө орлого олж, хуримтлал үүсгэж, түүнийгээ үр дүнтэй зүйлд зарцуулдаг сангуудыг үлдээж, бусдыг нь төсөвт шилжүүлэхээр ярилцаж байна. Сангуудын төсөв нэлээд өндөр. Улсын төсвийн 30 гаруй хувийг эзэлж байна. Сангууд төсөв, татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэж байгаа. Сангуудын хөрөнгийг нийгэм, хүн рүү чиглэсэн ажилд зарцуулдаг.

-Баялгийн сан хэч­нээн мөнгөний төсөвтэй байх юм. Энэ санг хэзээ нээх вэ?

-Баялгийн сангийн хуу­­­лийг энэ улиралд багтаж Засгийн газрын хуралдаанаар хэлэл­цүүл­нэ. Энэ онд амжиж нээ­хээр төлөвлөж байна. Энэ нь уул уурхайн баялгаас олсон орлогынхоо тодор­хой хувийг хадгалж, хэрэгтэй үедээ зарцуулах сан байна. Гэхдээ сангийн хөрөнгийг хадгалахаас илүү аривжуулах зарчим баримтлаж байгаа. Сан­гийн мөнгөөр томоохон төслүүдийг санхүүжүүлж, түүнээс тодорхой хувь авах зэрэг замаар арив­жуулна. Гадны орнуудын турш­лагаас харахад ийм замаар өсгөдөг юм билээ. Хөрөн­гийн хувьд уул уурхайн салбар эх үүсвэр нь байх учраас нэлээд өндөр байх болов уу.

-Орон нутгийн хөгж­лийн санд иргэд хэр оролцож байна вэ?

-Аймгууд сангийн мөнгөө ямар нэг төсөл, бүтээн байгуулалтын ажилд зарцуулаад эхэлсэн байна. Хуулийн дагуу ир­гэ­дээс ирсэн саналуудад иргэдийн хурлаар хэ­лэлцэж, санал хураасны дүнд сангийн мөнгөөр санхүүжүүлэх ажлуудаа эхлүүлж байгаа. Харин Хөвсгөл аймагт иргэдийн хурлаар хэлэлцээгүй төсөл баталсан иргэдийн гомдол яаманд ирсэн. Үүнийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Иргэдийн гомдлын дагуу Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн зар­цуулалтыг түр зогсоосон. Сангийн яамнаас “Төслөө иргэдээрээ хэлэлцүүлж  баталсны дараа хөрөнгө олгоно” гэдгийг аймгийнх нь Засаг даргад мэдэгд­сэн.Үүнээс гадна иргэ­дийн оролцоог чухал­чил­сан бас нэг өөрчлөлтийг эхлүүлсэн. Тухайн сум, хороо дүүрэгт томоохон худалдан авалт хийхэд иргэдийн төлөөллийг заа­вал оролцуулахаар болсон. Үүнийг дагаад төсөв, сангийн хөрөнгөд иргэд өөрсдөө хяналт тавина. Эрхийг нь хуулиар олгосон шүү дээ.

-Яриагаа шинэчлэлийн Засгийн газар эдийн засагт томоохон өөрчлөл­түүдийг эхлүүлнэ гэсэн амлалтаар үргэлжлүүлье. Эдийн засгийн шинэчлэл  эхэлсэн үү?

-Засгийн газар олон чиглэлд эдийн засгийн томоохон алхмуудыг хий­сэн. Үүний эхний жишээ “Чингис” бондоор сан­хүүжиж байгаа ажлууд. Сангийн яамны хувьд эдийн засагт хийх  шинэ ажлаар татварын хоёр­дугаар шатны шинэчлэл хийх гэж байгааг онцолъё. Манай улс 2006 онд тат­вартаа өөрчлөлт хийснээс хойш үүнийг дахин хөдөлгөөгүй. Энэ онд хийх татварын шинэчлэлээр Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн албан татварыг өөрчилнө. Ингэхдээ татварын хэм­жээг багасгах боломж, гарцуудыг судалж байна. Мөн татварын зардал буу­руулах, татварын тогтол­цоог олон нийтэд ойл­гомж­той, ил тод болгох, татварын дарамтыг хөн­гөлөхөөр ярилцаж байна. Гэхдээ татварын хуу­лиу­дыг ойрын хугацаанд хө­дөлгөхөөргүй байх зарчим барьж байгаа. Нөгөө ши­нэч­лэл нь тусгай сан­гуудыг цэгцэлнэ. Орло­гогүй төсөв, татвар тө­лөгчдийн мөнгөөр сан­хүүждэг сангуудыг өөр­чилж төсөвт шил­жүү­лэхээр ярилцаж байна. Харин уул уурхайгаас олсон орлогын тодорхой хувийг хадгалах нэлээд их хуримтлалтай баялгийн санг шинээр байгуулна.

-Сонгуулийн амлалтын дагуу төсөвт суулгасан бэлэн мөнгөний хуваа­рилалтыг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Энэ тухайд нэг зүйл анхаарал татдаг. Төсвийн зардлын өсөлт хурдтай байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлт, бууралттай уялдаагүй төсвийн зарлага юм. Эдийн засаг тогт­воргүй үед тэлсэн төсвийн зарлага буурахад хэцүү байдаг. Тэгэхээр манай улс эдийн засгийн өсөлт, бууралтаа тооцоолж зардлаа тогтоох учиртай. Өнгөрсөн жилүүдээс харахад төсвийн зарлагын өсөлт орлогынхоос их байсан.  Зарлага нэг л өссөн бол буурахад их хугацаа шаарддаг. Ийм байдал төсөвт гажуудал бий болгодог. Монгол Улс 2008 онд эдийн засгийн өсөлтөө дагаад төсвийн зарлагаа өсгөсөн байдаг. Эргээд эдийн засаг нь буурахад зарлагаа буу­руулж чадаагүй. Энэ бидэнд ирэх жилүүдийн төсвөө батлахдаа заавал харах нэг  туршлага болсон.