.БОЛД

МАН ДАХЬ ЛИДЕРГҮЙТЭЛ

Ардын нам лидергүй болжээ. “Манай намд юу л байна, лидер л байна” гэдэг байсан тэр цаг өнгөрч Ерөнхийлөгчийн сонгуульд  мэргэжлийн улстөрчийг биш мэргэжлийн бөх сойв. Ерөнхийлөгчийн сонгууль гэж наадам болох янзтай.

 Дараалсан хэд хэдэн цохилтын дараа Ардын нам эргэж босохгүйгээр нуран унасны нэг шинж энэ мөн. Ард түмний итгэлийг даах улстөрчгүй болсон байна. Улстөрчид нь авлига хээл хахууль, аваа өгөөний торонд орооцолдоод түүнээсээ айн болгоомжилж буй хэрэг.

МАН-аас нэр дэвшсэн хэн боловч сонгуулийн үед ихээхэн сүгсэлзвэл ардаа бариатай учраас, “арай нэр цэвэр” гэсэн ганцхан шалгуураар Б.Бат-Эрдэнэ аваргыг дэвшүүлж байна.

2012 оны сонгуулийн дараачаас эхлээд тэрбум тэрбумын хэргээр МАН-ын үй олон дунд шатны албан тушаалтнууд баригдан шалгагдаж эхэлсэн нь үзүүртээ заавал нэг “лидер”-т уяатай нь даан ч нэг тодорхой л доо. Чухамдаа сонгуулийн ялагдлын дараахь намынхаа их хурлаар намынхаа даргыг солихдоо ”шинэ” хүн биш бүр хуучруулан сольсон нь ердөө л амиа хоохойлох сэтгэхүйд баригдсаных байж.

Ө.Энхтүвшин бол аль Н.Энхбаярын үеийн “кадр”. Гэтэл ардчилсан хувьсгалын дараахь хүнд бэрх дарамтнаас салж чадаагүй сарнин бутарч байсан намыг хөл дээр нь босгосон Н.Энхбаярыг хөөж явуулснаас хойш М.Энхболд, С.Баяр, Сү.Батболдын үеийг туулж, залуужин тэнхэрч байгаа гэгдэж байсан нам эргээд Н.Энхбаярын үеийн хүнийг сонгосон нь бараг л “үхлийн халуундаа ид шидэд” найдахтай адил алхам болсон юм.

Үнэндээ ялагдлын дараа намыг сэргээн босгохын тулд үлгэрлэвээс 1996 оны Н.Энхбаяр лугаа адил “цоо шинэ” хүн хэрэгтэй атал яагаад 1996 оны Ө.Энхтүвшинг сонгов хэмээн гайхах хүн олон байсан. 1996 оны сонгуулийн үр дүн бол коммунист дарангуйллаас салсны дараах нийгмийн эргүүлэгч хуучин коммунист намууд хамагдан цохигдсон дэлхий дахины нийтлэг үзэгдлийн хам шинж байснаас өнөөгийнх шиг шинэчлэгдээд удаагүй намын сүйрэл биш байсан юм.

Тэр үед хуучны МАХН-ын УТТ-ны хашир луугарууд ярилцаж тохироод шинэ залуу хүнээр бамбай хийж, намын үзэл суртал, үзэл баримтлалыг өөрчлөх алхам хийсэн бөгөөд ингэхдээ шазруун шийдэмгий ч адгуу С.Баяр, аядуу боловч алсдаа унацтай Н.Энхбаяр нараас “шалгалт” авч байж сонгосон түүхтэй. Ингэхдээ Б.Даш-Ёндонгийн үеийн тогтонги хэт идэвхгүй “дундаж үзлийг” халж, намыг барууны үзэл санааны орон зай руу хүчтэй шилжүүлж, тэр үеийн бүрэлдэн байсан МСДН-ыг шахан зайлуулж, орон зайг нь бүрэн эзэлсэн билээ. П.Жасрай, Ц.Гомбосүрэн, хотын намын хороонд дарга байсан Б.Лантуу нар болон армийн улстөрийн туршлагатай генералууд энэ тактикийг боловсруулсан. Тэд МСДН-ынхныг ятгаж байж Соц-интернээс холдуулаад өөрсдөө орсон ба хожим МСДН МАХН-тай социал демократ үзэл баримтлалыг булаацалдаж магадгүй гэсэндээ шинэ социал демократ нам гэгч тоглоомын намыг Б.Лантуугийн хүүгээр байгуулуулж, ар талаас нь ноцож, эцэст нь МСДН ч үгүй, шинэ социал демократ ч үгүй болж харин МАХН тэр орон зайд ганцаараа үлдсэн билээ. Энэ алхамд саад хийж болзошгүй хуучны хэт коммунистуудыг намын удирдлагаас холдуулахад Н.Энхбаяр хэрэгтэй байсан, шинэ хүн шинэ зоримог санаачлага гаргаж байгааг дэмжиж байгаа нэрээр хууччуулыг намын удирлагаас холдуулж, оронд нь залуу кадр Ч.Улаан, намын түүхийн Ө.Энхтүвшин, Б.Энхмандах нараар хүрээлүүлж,тэр цөмийг ашиглан коммунист намаа социал-демократ болгож ахин босгосон түүхтэй.

Тэр үед М.Энхсайхан Ерөнхий сайд болоод яг өнөөгийнх шиг Лениний музейн байрыг нь хураан авч, МАХН-ын 15000 кадр ажилтныг гудамжинд хөөн гаргаж, өмнөх нийгмийн үеэс уламжилсан хэргүүдийг татан авч шалган бүгдийнх нь дээлийг толгой дээгүүр нь нөмөргөж, намыг нь бүрмөсөн устгахаар улайран зүтгэж байлаа. Ийм үед АН-ынхнаас дутахгүй залуу хүн тэдэнд хэрэгтэй байжээ.

Харин өнгөрсөн зун МАН-ынхан үүнийг эргэн санаж үлдсэн Ө.Энхтүвшинг намын дарга болгосон мэт авч яг үнэндээ намын удирдлагад өөрийн хүн хэрэгтэй байсан юм. Хэрэв У.Хүрэлсүх, хуучин МАСЗХ-ны угшилтай залуучуудаас эрч хүчтэй лидер гаргасан бол тэрээр намаа аврахын тулд өнгөрсөн хугацаанд элдэв хэрэг төвөгт орооцолдсон, нэр хүндээ алдсан этгээдүүдийг намаа цэвэршүүлэх нэрээр АН-д хаяж өгөөд өрсөлдөгчгүйгээр намдаа ноёрхохыг төлөвлөж байжээ.

Тиймээс тэднийг “зоригжуулан зохион байгуулагч” У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж, эхнэрийг нь эмчлүүлэх нэрээр гадаадад цөлөөд оронд нь бүх эрх мэдлийг Ө.Энхтүвшинд өгч түүгээр огт өөр бамбай хийсэн юм. Тэр нь Ө.Энхтүвшин өөрсөдтэй нь адил ихээхэн юманд орооцолдсон учраас энэ балчиг намгаас “гарвал хамт гарна, живбэл хамт живнэ” гэсэн үг байсан юм.

Чухам ийм шалтгаа­наар Ө.Энхтүвшинг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шүүлээгүй, хэрэв Ө.Энхтүвшин нэр дэвшвэл байдгаа ухуулаад баруун хаяанд очсон хэцүү нэртэд морилох гээд байсан юм. Тиймээс “нэр цэвэр” Б.Бат-Эрдэнийг золионд гаргажээ.

Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүн намдаа тус болдоггүй юм гэхэд өөртөө тус болж УИХ-ын сонгуульд ялахад нэг алхам ойртоно. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сурталчилгаагаа орон даяар хийлгээд авна. Дараагийн сонгуульд ороход унасан ч 10 хувийн халаасны оноотой л ордог. Ө.Энхтүвшин ялахгүй ч гэсэн ядаж үүнд найдаж байсан, Ерөнхийлөгчид нэр дэвшсэний хувьд сонгуульд ялагдсан ч, намын даргаа өгсөн ч жагсаалтад гурваас хойшгүй жагсах боломжтой гэж бодож байсан, харин ингэж балрахыг түүний үеийнхэн хүсээгүй юм.

Нөгөө талаас хэрэв Ө.Энхтүвшин дэвших л юм бол намд нь хагарал гарах байв, Өргөн утгаараа бол нам дахь эрэмбэ дараа, сахилга бат найгаа алдсаны илрэл. Хүн бүр л хувь хувиа л боддог болтлоо задарчээ.

Ингээд яалт ч үгүй Б.Бат-Эрдэнэ дэвшив. Түүнээс өөр хүн байхгүй мэт. Намын удирдлага сийрэг толгойтой бол Б.Бат-Эрдэнэ дэвшиж магадгүй гэсэн цуурхал аль хагас жилийн өмнө дэгдэж байхад л арга хэмжээ авч эхлэх байсан юм, ядаж буйдан дээр зүгээр цаас бариад сууцгааж байхын оронд үүнийгээ ярьж ээ суусан бол аштай юу. Ахиад л намын стратегийн бодлого гэж байхгүйтэй адил болж гэсэн үг.

Ядаж нэг олигтой юм алга гэж үү? Б.Бат-Эрдэнэ дэвшсэн нь зөв ч байсан юм шиг үе байсаан. Зүгээр л бөх хүн дэвших нь сонин учраас нэг хэсэг шуугилдаа л биз. Одоо тэгээд сонин дээр нь соохолзож, сониноо буухаар гоохолзоно гэгч болж, ер нь аваргыг дэвшүүлдэг маань буруу ч байж уу гэлцэж эхэллээ. Нэг хөгшин ярьж байх юм, “Манай аваргад юу дутлаа гэж дэвшиж байгаа юм бол, бяр байна, нэр байна, хөдөлмөрийн баатар байна, УИХ-ын гишүүн байна” гэж. Энэ байдлаараа “Бөх Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч Бат-Эрдэнэ биш, хуульч Бат-Эрдэнэ” болгоод л сонгууль дуусах шинжтэй дэг ээ.

Нарийн ярьвал гоц үзэгдэл феномендаа тулбал МАХН-аас Н.Удвал дэвшсэн нь хамаагүй сонирхолтой үзэгдэл, түүхэн талаасаа анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байна. Түүхэнд анх удаа бөх хүн нэр дэвшив гэж биш, эмэгтэй хүн нэр дэвшив гэж бичигдэнэ шүү дээ.

Энэ жилийн сонгууль нэг л тийм өнгө муутай идэвхгүй эхэлж байна. Гараанаас пирхийж гараад л улаан тоос бужигнаад барианд ордог үе ч түүх болж. Морьд эргэлээ... гээд л.

 

ЭХ ЯМАР БАЙНА АДАГ НЬ ТИЙМ Л БАЙНА

Үнэндээ МАН сонгуульд огт бэлэн биш байгаа нь Ө.Энхтүвшин намын шинэчлэлийн талаарх нэг том захидлуудаа Монголын хамгийн үнэтэй сонинуудын хэдэн нүүр дамжуулан, хэд дараалан тавьсан тэр үеэс л харагдсан. Намын шинэчлэлийн тухай гэсэн хэрнээ намын туг сүлд далбаа биш юм гэхэд ядаж байрных нь ч зураг байгаагүй, шанаа тулсан, алхсан, юм бичсэн баахан Ө.Энхтүвшингийн зураг. Өөрийгөө Карл Маркс гээд, коммунист намын тунхаг зохиосоны дайтай бодсон юм уу хаашаа юм. Нам бол Ө.Энхтүвшин биш, за тэр яахав гэж бодоход баахан хийх ажлаа ярьснаас хийгээд сонгуульд бэлэн болчихсон гэх ганц ч үг байгаагүй. Уг нь захидал гарч байхад намын олон нийт юу хүлээж байсан гэхээр бид ялах ёстой, бэлтгэл хангагдсан, одоо урагшаа гэсэн заавар тушаал л хүлээж байсан. Гэтэл одоо намаа шинэчлээд эхэлмээр байна, би ингэж бодож байна гээд л урсаад байсан. Хэрэв намын дарга дөнгөж бодож байгаа бол, тэрийгээ хэрэгжүүлж эхлээгүй бол энэ том намын шинэчлэл хэзээ эхэлж, хэзээ дуусаад, дараа нь сонгуульд орох ёстой гэж? Үнэндээ нам гэж байхгүйтэй адил, намын баримт бичиг гэж интернетийн сэтгэгдлээс дор болсныг хуучин туршлагатай кадрууд хараад итгэл адарсан. Зүй ёсоор бол энэ захидлаа Ө.Энхтүвшин намын даргад өрсөлдөхдөө гаргаад намын дарга болбол яаралтай эхлүүлээд энэ тавдугаар сар гэхэд нам цэгцэрч сонгуулийн ажилдаа шуурхайлан орж байх ёстой байв. Үнэндээ тэр захидлыг “гэрээслэл” л гэвэл ононо. Би дэвшмээр байна, харин намын тухайд ийм санаа байна, та нар хийвэл хий, би чадахгүй, болоо... Дэвшмээр байна гэдэг нь дан өөрийн зургаар нүүр дүүргэсэнд байгаа юм.

МАН-ын сурталчилгааны ажил гэж эхлэл нь тэртээ дээр үеийн, яг Н.Багабандийн үеийнх. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад гурван хүчин зүйл хэрэгтэй. Нэгд намын биш хүний сонгууль учраас хүнээ зөв сонгох, хоёрт эсрэг этгээдээ хуваах хуваагчийг яаж ийгээд орон дэвшүүлэх. Гуравт эсрэг намынхаа дотор холбоотонтой байх. Сурталчилгааны эхлэл сулхан байна гэдэг нэр дэвшигчээ зөв сонгоогүйнх. Хоёрт хуваагч нь тэнцүүгийн тэмдгийн наад талд буюу “Б.Бат-Эрдэнийг хуваах нь” гэсэн байрлалтай байна. Гуравт МАН-аас АН дотор холбоотон байхгүй байна, харин эсрэгээрээ МАН дотор АН-ын холбоотон язганалдаж, бүр хэн нь илүү ашигтай холбоотон болохоо харуулах өрсөлдөөнд орчихоод баларч байна.

Уриа нь хүртэл бууж өгсөн шинжтэй. “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” ч гэх шиг. АН-ын дэмжинэ, тэд зөв юм хийж байгаа гэсэн үг үү? Тэгвэл Ц.Элбэгдоржийг л сонгочихооч дээ, намаа дэмжиж л таарна. Бурууг нь хэлж л таарна. Эвийг эрхэмлэнэ гэдэг нь ерөөсөө ерөнхийлөгчийн үүрэг, амласан амлаагүй тэгэх л ёстой. Н.Энхбаярын үед нам нь “Эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ харин ч нэг харуулсан даа.

Гэтэл Ц.Элбэгдоржийн уриа нь “Ерөнхийлөгчөө дэмжье” гэж байна. Өөрөөр хэлбэл энэ бол сонгууль биш ээ, угаасаа л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байгаа, байсаар байх болно л гэсэн үг. Тэр-та бидний Ерөнхийлөгч гэдэг нь “Ерөнхийлөгчөө” гэж дотночилсноор илэрч байна. Ядаж байхад аварга янагийн ягаан зангиатай тайзан дээр харайж гарч ирдэг нь ч юув. Намын дээдэст ийм моод дэлгэрч байгаа юм гэсэн, яагаад Д.Сумъяабазар тангараг өргөхдөө зангиагаа мартаад ирэхэд нь Н.Энхболд гишүүн яг тийм зангиа өгч туслаагүй юу. Тэр соёлын хувьд хуучин бууны хугархай Ө.Энхтүвшин ондоо харагдаж байна, бараг л зөнгөөрөө цулгуй улаан зангиагаа барьж авсан байх.

Сонгуульд эрт бэлдсэн бол МАН улстөрийн тохироо хийгээд ядаж МҮАН-аас нэр дэвшүүлэх талын дипломат хэлэлцээр хийж байх ёстой атал улаан хэрүүл хийсээр байгаад яваад орчихдог юм. А.Гитлер хэлсэн: “Улстөр бол хэлэлцэн тохирохоос өөр юу ч биш”  Хэрэв “Шударга ёс” эвслээс М.Энхсайхан дэвшсэн бол хуваагч тэнцүүгийн тэмдгийн нөгөө талд гарах байв. МҮАН-ынхан нэр дэвшүүлэхгүй гээд МАХН-д бололцоо олгож байгаа нь ерөөсөө л хуваагчийг нөгөө талд гаргаж байгаа хэрэг. Гэмт хэрэгт хүртэл үйлдэх, эс үйлдэх гэж байна. МҮАН эс үйлдэхээрээ улстөр хийчихэж байна. Энэ бол сонгуулийн гарааны алдаа.

Эцсийн дүнг хэн гаргадаг гэхээр нам дахь тавдугаар цуваа гаргадаг. Өөрөөр хэлбэл урвагчид. М.Энхсайхан ялагдахад “Алтан гадас”-ыг урвуулсан Н.Энхбаяр ялсан бол Н.Энхбаярыг ялагдахад С.Баяр-Н.Багабандийн фракц урваж Ц.Элбэгдоржид тусалсан. Чухамхүү хоёр тал хатуу эмх журамтай тулалдсан сонгууль П.Очирбат-Л.Түдэвийн кампанит ажлаас хойш домог болсон. Одоо эмх замбараагүй зохион байгуулалт, сахилга батгүй нам дотор нь хэчнээн урвагч бийг тоолох ч арга алга. Фракцалдаггүй юм гэхэд нэг нэгээрээ, бөөн бөөнөөрөө нөгөө тийш нь давалгаалаад байх болжээ. Үүний шалтгаан нь мэдээж өмнө хэлсэн идсэн уусан, аваа өгөөнийхөө ялаас мултрах гэсэн аминч бодол. Энэ нөлөөлж намыг идэвхгүйжүүлсэн, энэ нөлөөлж намыг ялагдуулна. Яг үнэндээ МАН-ын дээдэс бөлдөгнөөсөө базуулчихаад сонгуульдаж байна шүү дээ.

Ийм нөхцөлд аварга хэчнээн гүлдийж зүтгээд, сүгсэлзэж гүйгээд ялах ямар ч боломж алга. Эцсийн дүндээ энэ сонгууль явж явж хөөрхий муу аваргад л ачаа болж үлдэхнэ дээ.