Д.БОЛОРМАА

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа.

 

-Шүүхийн ерөнхий зөв­лөл хэмээх том айлыг удир­даад хагас сар бол­жээ. Том, жижиггүй шүү­хийн шинэтгэлийн тухай ярьж байна. Та хариуц­лагатай, их ажил бу­цалсан үед энэ албанд ирэх шиг боллоо?

-Шүүхийн захиргааны байгууллага буюу Шүү­хийн ерөнхий зөвлөлийг  тусгаар айл болгож байгаа нь нэг байгууллага нэмж, зардал гаргаж байгаа юм шиг атлаа мөн чанартаа шүүхийг хараат бус бол­гож, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсонд оруулж бай­гаа хөрөнгө оруулалт, шүүгч эрхэмсэг байх нэг нөх­цөл гэж харах нь зөв юм. Өөрөөр хэлбэл, шүүх бусад эрх мэдлийн бай­гууллагын гар харах бус, бид өмнөөс нь шүүх, шүүг­чийн бие дааж, хараат бу­саар ажиллах бүхий л аж­лыг хариуцна гэсэн үг.

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, эсвэл хэн нэг шүүгч Засгийн газраас мөнгө, байр, машин, техник хэрэгсэл гуйж, эсвэл шүүгчдийнхээ цалинг УИХ-аар тогтоолгож болдоггүй юм. Тэр бүгдийн цаана хараат бус байдал нь хөндөгдөж байдаг. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл арын албыг амжуулдаг байгууллага. Тийм учраас байнгын тасралтгүй ажиллагаа шаардлагатай. Хуулиар их ч чиг үүрэг ногдуулсан, эрх мэдэл ч бас сайн  олгосон.

 -Ямар том эрх мэдэл хуулиар олгосон юм бэ?

-Тухайлбал, Шүүхийн төсвийг бие даан боловс­руулж УИХ-д оруулж батлуулна. Шүүгчдийнхээ цалинг өөрөө тогтооно. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан ир­гэн, эрх мэдэлтэн, бай­гууллагыг торгох, огц­руулах, чөлөөлөх, татан буулгах ажиллагаа Шүү­хийн ерөнхий зөвлөлийн хүсэлтээр, шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 -Таныг томилогдох хүртэл энэ албанд очих сонирхолтой олон хүн ил, далдаар өрсөлдсөн байх аа?

-Өрсөлдсөн тухай мэдэхгүй юм. Хуулиараа гурван шатны шүүхээс нэг, нэг хүн томилдог. Яах вэ, сонин хэвлэлээр янз бүрийн юм гарч л байсан. Яагаад намайг энэ ажлыг хийлгэхээр болов гэдгийг эргээд боддог юм.  Монгол Улсын Ерөнхийлөгчид би “Надад их сургуулийн профессороос өөр  том албан тушаал харагдахаа байчихсан хүн. Надад албан тушаал хэрэггүй. Харин би албан тушаалд хэрэгтэй байж магадгүй” гэсэн. Яг үнэндээ тийм л юм. Эрдэмтэн хүнд иймэрхүү ажил ер сонин биш. Тэгээд ч би энэ аж­лыг эрх мэдэл гэж харах­гүй, харин хариуцлага, ажил гэж харж байгаа. Хүн амьдралдаа сэтгэл ханах гэж бий. Миний хувьд академик хүрээнд хүрсэн амжилтаараа ханаж, цадсан хүн.  Амьдралдаа албан тушаал хүнээс гуйж явсангүй. Саяхныг хүртэл Хууль зүйн сайдын зөвлөх бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллалаа.  Их сургуульдаа ч давхар багшилна. Эдгээр ажил надад их амар тайван байсан. Хууль зүйн үндэсний хүрээлэн бол гарын арван хуруу шигээ мэддэг маш сонирхолтой ажил. Харин  Х.Тэмүүжин сайд “Та 10 жилийн өмнө шүүхийн шинэтгэлийн тухай эхэлж дуугарсан. Таны ярьж байсан зүйл Ерөнхийлөгчийн санаа­чилсан хуулиудаар хэрэгжээд эхэлчихлээ. Бас нэлээд ажил ч өрнө­чихлөө. Өөрийн чинь судалж, ярьж, дэвшүүлж байсан ажлыг хийх, хэрэгжүүлэх цаг боллоо” гэсэн. Би бодсон.  Хийх үү, зугтах уу гэж.  Бодож, бодож  нэг өдөр шүүх рүү чулуу шидчихээд, дараа нь ажил хийх болохоор  зугтах нь нэг л эвгүй  санагдаад, өөр хүн хийвэл дутуу хийчих юм шиг санагдаад, зарим нэг хүний уур уцаарыг баран байж ирчихээд сууж байна даа.  Ажлаа авсны дараа бодоход сүүлийн 10 жил судалж байсан зүйл эргэн тойронд харагдаж байна.  Нөгөө талаас шүүх эрх мэдлийн хүрээнд ажил­лана гэдэг сургуулийн профессор байсантай харьцуулахад сүрдмээр том харагдаж байна. Гэх­дээ миний мэдэхгүй сэ­дэв, барьц алдах тийм зүйл алга. Тиймээс өөрийн­­­хөө төлөө биш,  Мон­голын ард түмэн, шүү­хийн хараат бус байдлын төлөө  санаснаа зоримог хийнэ.

-Багшийн ажлаа орхиг­дуулж байна уу?

-Багшийн ажлаа орхимооргүй байна. Шавь нар маань миний лекцийг сонсох дуртай байдаг юм. Тэд нарыгаа орхихгүй байхыг хичээнэ. Залуу­чуудтай ажиллах, тэдэнтэй санал бодлоо хуваалцах нь ажил биш амралт юм шиг санагддаг.

-Таны эрх мэдлийн хүрээнд Шүүхийн шинэ хууль хэрэгжээд эхэлчих­лээ. Тойргийн шүүх, дагнасан шүүх байгуулах гэхчилэн хуулийг практик болгох ажил ихтэй яваа байх. Ер нь тойргийн шүүх хэр оновчтой юм бэ. Зарим хүн бүс дамнан шүүхдэх болж зардал чирэгдэл дагуулах нь гэж шүүм­жилж байгаа?

-Судалгаанаас хара­хад Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давах гомдол гаргагчид  шүүх хуралдаанд олонхи нь биеэр оролцдоггүй. Үүний адил аймгуудад бүсийн давж заалдах шатны шүүх байгуулахаар шүүх хуралдаанд биеэр оролцоод байх шаардлага тэр гарахгүй. Тэгээд ч дэлхий дахинд цахим засаглал хүчтэй өрнөж байна. Цаашдаа зам тээ­вэр, шуудан харж суулгүй цахим ертөнцөөр  асуудлыг шийддэг чиг хандлага руу  явах биз. Тэгэхээр тойргийн шүүх тийм ч их хүндрэл болоод байхгүй. Яах вэ, шинэ юм болгон бэрхшээлтэй санагддаг шүү дээ. Хүн чинь өөрөө амьтныхаа хувьд хуучин дассан зүйлдээ зууралдах дуртай. Харин тодорхой хуга­цааны дараа дасчихна. Энэ утгаараа ард түмэнд чирэгдэлтэй гэж бодохгүй байна. Нөгөө талаас шүү­хээр эрхээ хамгаалуулмаар байгаа бол иргэн хүн өөрөө чармайлт гаргадаг, зардал гаргадаг байх ёстой. Хүн өөрөө хүч чармайлт гаргадаг хариуцлагатай нийгэмд амьдарч байгаа учраас энэ бол бэрхшээл биш. Бүс болгон хуваах нь юутай холбоотой гэхээр дагнасан шүүхийг бай­гуулахад чиглэсэн хэрэг. Шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудал нь бүсийн шүүх байгуулахаас илүү шүүхийг дагнуулж байгаад юм. Дагнахын ач холбогдол маш их. Даг­наснаар шүүгч мэргэ­шинэ. Эрүү, иргэн, гэр бүл, хөдөлмөр гээд олон янзын маргааныг нэг шүүгч шийдээд байхаар мэргэшихгүй байгаа юм.  Харин мэргэшиж эхлэ­хээр шүүхийн шийдэж байгаа шийдвэрийн чанарт эргэлт гарна. Жишээлбэл, шүүгч Дорж иргэний хэрэг дагнан шийдээд байвал чадвар нь дээшилнэ.  Дээрээс нь хөдөлмөрийн хуваарьтаа дасч, бүтээмж нь өснө. Ингэснээр шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлж бай­гаа хүмүүсийн эрх нь илүү чанартай хамгаалагдна. Шударга ёс, хууль ёсыг хамгаалахад энэ хувилбар илүү ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, бүсээр байгуулж ард түмнээс холдууллаа гэхээс илүү шүүгчээ мэргэшүүлж, шүүхийн чанарт эргэлт оруулж байна гэж харах хэрэгтэй.

-Шүүх засаглалын тухай нэгэн хурал дээр та “Шүүхийн байгууллагад дэд бүтцийн шинэчлэл хийнэ. Дэд бүтэц гэхээр байшин барих гэж ойлгож болохгүй. Шүүгчийг шүүх танхим руу явах тусгай орчноос эхлээд олон өөрчлөлт хамаатай” гэсэн. Өөрчлөлт, шинэчлэлийн ямар салхи оруулах тухайгаа яриач?

-Хуулиудыг батлахдаа шүүхийн дэд бүтцийг бодоогүй баталсан. Бодох ч бололцоо байгаагүй. Саалиа бэлдэхээс өмнө саваа бэлд гэдэг үг бий. Тэгвэл бид саваа базаахгүйгээр ийм зүйл руу орчихлоо. Орохоос ч өөр арга бас алга байлаа. Байшингаа барьж дуусаад шүүхийн байгууллагад зо­хион байгуулалтын өөрч­лөлт хийнэ гэвэл олон жил туулна. Зориг гаргаад шийд­сэн нь зөв. Хуулиар зөвхөн  шүүх өөрийн байртай байна гэж заасан. Харин одоохондоо аль бай­­гууллагын байрыг тү­рээслэх вэ гэсэн асуу­далтай тулгарч байна. Гэхдээ удаан хугацаанд түрээслэж суухгүй болов уу. Шүүхийн захиргааны тухай хуулиар УИХ-д төс­вөө өөрсдөө шууд оруулж батлуулдаг том эрх хэм­жээтэй болсонтой хол­богдуулаад 2014 оноос аймгуудад шүүхийн барил­гыг барих асуудлыг эрчимтэй хийнэ. Аймгийн төвд хамгийн хүндэт­гэлтэй, сүрлэг нь шүүхийн ордон байх ёстой. Тэрийг нь олон улсын жишгээр барихаар зорьж байна. Тухайлбал, шүүгч явдаг, олон нийт явдаг, шүүгч­дэгч явдаг тусгай орон зайтай байх ёстой. Х.Тэ­мүүжин сайдын санаач­лагаар нийслэлийн зүүн, баруун хэсэгт баригдах шүүхийн хоёр том ордны зураг тгарчихсан байгаа. Энэ зундаа ажил эхлэх байх гэж төсөөлж байна. Хэрэв энэ хоёроо бариад авбал шүүхийн дэд бүт­цийн асуу­дал үндсэндээ шийдэг­дэнэ. Харин үүний жижигрүүлсэн хувил­барыг хөдөө аймагт 2014 оноос барьж байгуулах төсөөлөлтэй байна. Мон­голын төр шүүхийн хараат бус байдлыг ханга­хын төлөө гар татахгүй гэсэн тогтолцоо руу орсон явдал нь шүүх эрх мэдлийг бие даалгах маш том ололт юм.

-Тэгвэл шүүгчдийн орон тооны хувьд ямар өөрчлөлт орох бол. Хуулийн дагуу 279 шүүгч нэмэхээр болсон. Тэднийг ямар шалгуураар сонгох нь бас сонин байна?

-Шүүхийн тухай хуульд шүүгчийн орон тоо хангалттай байхаар заа­сан. Одоогийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эр­дэнэт гэсэн том сууринд нэг шүүгчид ногдож байгаа хэргийн тоо асар олон. Хэргийн тоо олон болох тусам шийдвэрийн чанарт шууд нөлөөлнө. Хүний хүчнээс давсан юм овоолчихоод чанар шаардах нь бодитой бус. Хариуцлагатай бай гэж шаардах нь утгагүй. Шүүгч­­­дийн тоог төв­лөр­сөн суурин газруудад аль болохоор нэмнэ. Хуулиар нэмэх болсон 279 шүүг­чийг энэ ондоо багтаан авах бололцоо байхгүй. Бага, багаар нэмж ирэх ондоо багтаан гүйцээнэ гэж бодож байна. Мон­голд хуульчийн нөөц гай­гүй бий. Харин ширвэж биш, шилж олох нь бид­ний ажил.

-Шүүгчдийг бусдаас авлига авч, танил та­лаараа шийдлээ гэх хард­лага бий. Оргүй зүйл ингэж их хүчтэй яригдахгүй байх. Үүнийг яаж таслан сэргийлэх юм бол?

-Шүүгчийг авлига, ашиг сонирхлын зөрчилд өртдөг талаар их ярьдаг. Ийм юм байхыг үгүйс­гэхгүй. Байгаа ч байх. Энэ нь шүүгчийнхээ хараат бус байдлыг сайн хамгаалж чадаагүйтэй холбоотой. Шүүгчийн цалин нь хэний ч гар харахааргүй байх ёстой. Гэтэл хүний гар харахааргүй цалин өгөв үү гэхээр үгүй л байгаа байхгүй юу. Ца­лин нь амьдралд хүр­дэг­гүй, байр сууцгүй хүнээс “Чи шударга ажилла” гэж шаардах нь утгагүй. Нөгөө талаас ийм хэл ам гардаг нь шүүгчийн хариуцлагын тухай асуудлыг өндөр төвшинд ярьж шийдэж байгаагүйтэй холбоотой. Цаашдаа шүүгчийн ха­риуц­лагын тухай асуудлыг цалинг нь нэмсэнтэй уялдуулаад ярих ёстой. Өөрөөр хэлбэл, бид цалин хангамжийг нь нэмсний­хээ дараа өөрийгөө хөг­жүүл, ёс зүйтэй,  хариуц­лагатай байхыг шаардах болно. Ер нь шүүгчийг төрдөг гэж хэлэх нь юу юм бэ. Ямар ч байсан сэтгэл­зүйн хэв шинж нь бүрэлд­сэн нэгэн байх ёстой. Бид ийм хүнийг олж чадаа­гүйгээс болж хэл аманд өртөж байх шиг байна. Жишээ нь зарим хүн аливаа зүйлд хандахдаа заавал учрыг нь олох гэж чармайдаг. Зарим нь асуудалд хайхрамжгүй ханддаг. Зарим нь хатуу сэтгэлтэй бол үлдсэн хэсэг нь бүх хүнтэй хүзүү тол­гойгоо нийлүүлж явдаг, хэнтэй ч найзлаад явахад бэлэн байдаг. Түүнтэй ч дал мөрөө алгадаж, өөр нэгтэй нь тэврэлдэж явдаг. Цаашдаа ийм хүн шүүгчээр ажиллах нь тохиромжтой юу гэдгийг бодох ёстой.  Барууны орнуудад шүүгчийн сэт­гэл­зүйн хэв шинжүүдийг  гаргасан байдаг юм билээ. Харин манайх бол сэтгэл зүйгээс илүү ой тогтоомж сайтай, хууль хэрэглээний мэдлэгтэй юм байна гээд сонгочихдог. Яваандаа үүнийг сольж таарна. Тө­рөлхийн өгөгдөлтэй хү­нийг шүүгч болговол хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлөөс аяндаа тасраад ирнэ. Түүнчлэн цалинг нь нэмэхээр таван цаасны төлөө алдар хүнд, ажлын байраа алдая гэх бодохгүй байх. Гэхдээ шүүгчийг ард түмний хардлагагүй бол­гоно гэсэн ойлголт байх ёсгүй. Шүүгчийг хардаг­гүй болчихвол харин аюултай. Хардалт маань шүүхийг эрүүл байлгадаг олон нийтийн том ме­ханизм. Хардалт нь до­ромжлох, дарамтлах, нө­лөөлөх хэрэгсэл болох­гүйгээр байх нь шүүх зөв ажиллах, эрүүл байхын нэг үндэс юм. Тиймээс шүүхийг олон нийтийн хардалт, хяналтаас ангиж­руулна гэж байхгүй.

-Шүүгчийн хариуц­лагыг яаж чангатгах бол?

-Шүүхийн шинэт­гэ­лийн нэг чухал асуудал нь шүүгчийн хариуцлагын тухай. Европын холбоо улс орнуудыг эгнээндээ авах­даа тавьдаг нэг стандарт нь шүүхийн реформ. Тэр дотроо шүүгчийн хариуц­лагын асуудлыг яаж тавь­даг вэ гэдгийг чухалчилж үздэг юм билээ. Шүүгчийн хариуцлагыг ярихын тулд бүтээмж, үр нөлөө, хариуцлага гэх гурван зүйлд цогцоор хандах ёстой. Цаашдаа шүүхийн захиргаа шүүгчдийнхээ хэргийн хөдөлгөөнийг су­далж анализ хийнэ. Өөрөөр хэлбэл, прог­рам­мын тусламжтайгаар хэн гэдэг шүүгч ямар хэрэг шийдсэн, ямар хугацаанд шийдсэн, шийдвэрийнх нь чанар ямар байв. Хэд нь давсан, хэд нь хянуулсан, шийдвэр хэвээр байсан уу, үгүй байсан уу гэдгийг нь хянана. Нөгөө талаас нь биеэ авч явах байдлаар нь хариуцлага тооцно. Шүүгч хүн өөрөө ёс зүйн зөрчил өөрөө гаргаагүй ч гэсэн хүнд хардах сэдлүүдийг төрүүлэхгүй байх ёстой. Тийм үүрэг ч байдаг. Үүнийг нь ёсзүйн дүрмээр нь оруулж нарийн боловсронгуй болгоно. Хараат бус байдлаа хангах нь шүүгчийн өөрийнх хариуцлага юм. Ажлын байрандаа, шүүгчийнхээ зэрэг зиндаанд өөрийгөө бэлдэх ёстой. Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил мэд­лэгээ дээшлүүлж  шүүг­чийн өндөр сэнтийд тохируулах ёстой.

-Та 2008 онд өдөр тут­мын хэвлэлүүдэд “Шүүх эрх мэдлийн хямрал” гэсэн нийтлэл бичиж байсан. Нийтлэлд шүүхийн ялзрал, боловсон хүчний завхрал байгаа тухай бичсэн бай­лаа. Түүнээс хойш энэ завхрал, хямрал нь багас­сан уу, эсвэл нэмэгдэж үү?

-Нийтлэлд дэвшүүл­сэн олон асуудал өдгөө шийдэгдэх тал руугаа орчихсан байгаа нь тухайн үедээ элдэв нэр хоч дуулж явсан ч гэсэн ортой юм хэлж чадсандаа дотроо бяцхан хөөртэй байгаа. Тэр үед шүүхийн шинэт­гэлийн  санааг жаахан хүч оруулж, урагшуулах зорилгоор таньдаг мэддэг ойр дотнын хүмүүсдээ дуу хоолойгоо нэгтгэхийг санал болгож байлаа.  Хэн ч тэр үед ил дэмжээгүй. Хэцүү байсан биз дээ. Зарим нь бүүр шинэтгэл хийх шаардлагүй ухааны юм ярьж байсан.  Тэдний зарим нь өнөөдөр шүүх болохоо байлаа гэж хашгирч байгааг хараад хөх инээд хүрдэг юм. Тэр үед шүүхийн зохион байгуулалтыг зохицуулсан ердөө ганцхан хуультай байлаа. Зохион байгуулалтаас өөр нарийн процесс ажиллагааг огт зохицуулаагүй. Харин одоо бол шүүхийн зургаан багц хуультай болчихсон сууж байна.  Эргээд харахаар шүүхийн эрх зүйг бүрдүүлнэ гэсэн мө­рөөдөл маань бүрэлд­чих­жээ.  Мөн тэр нийтлэлд шүүхийн захиргаа шүүн таслах үйл ажиллагаа хоёр хутгалдснаас болоод шүүхэд босоо удирдлагын систем үүссэн тухай бичиж байлаа.  Ерөнхий шүүгч нар дахь захиргааны чиг үүргээр дамжиж бусад шүүгч нарт нөлөөлдөгийг шүүмжилж байсан. Харин одоо шинэ хуулиар ерөнхий шүүгч нарт байсан чиг үүргийг нь шүүхийн захиргаа буюу Шүүхийн ерөнхий зөв­лөлд өгснөөр босоо удирд­лага халагдаж байна. Мөн Үндсэн хуульдаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал харилцан хамаа­ралтай тэнцвэртэй байна гэсэн мөртлөө УИХ нь шүүгчдийнхээ цалинг тогтоож байлаа. Одоо тэр байдал түүх болон үлдэж байна. Энэ мэт олон зүйл өөрчлөгджээ. Үүнийг шинэтгэл гэх үү,  ухралт гэх үү.

-Шинэтгэл байх. Шүүгчдийн цалин одоо ямар байна. Цаашид хэр зэрэг нэмэгдэх бол?

-Одоо маш бага бай­гаа. ОХУ-ын шүүгчдээс ойролцоогоор 5-6 дахин бага байгаа байх.  Ер нь бага. Бага цалин муу бүгдийн үндэс. Тийм учраас шүүгчдийн цалинг одоо байгаа цалингийн фондоо багтааж, нэмэх бололцоог судалж байна. Ирэх оноос хуульд заасан хараат бус ажиллах, амьд­рахад хүрэлцээтэй, батал­гаатай байх боломжийг хангасан гэсэн утгаар нь нэмэгдүүлнэ. Үүний өмнө шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтооно.