Д.СҮРЭН
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн байр гэхээр хүмүүс андахгүй. Эл газрын үүдэнд шилэн өргөтгөл босгож 2007 онд Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр Сүхбаатар дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн барилгын гадна үүд хэсгийг “Сэтгэл зүйн мөрөөдөл төв” ТББ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлэхийг зөвшөөрсөн захирамж гаргаж байжээ.
Энэ төрийн бус байгууллагын тэргүүн нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч “эсэргүү” М.Ганбаатарын аав гэж хэлбэл хүмүүс илүүтэй мэдэх байх. Тэд номын сангийн газраас 420 ам метр талбайг эзэмших болжээ. Тухайн үед талбайг эзэмшигч н.Мягмаржав газрын түрээс өгч байхаар тохирсон ч өнөөдөр сард 300 гаруйхан мянган төгрөг төлдөг байна.
Энэ номын сан нь 1980 онд ашиглалтад орсон. Улаанбаатар хот дахь цорын ганц зориулалтын номын сан. Гэтэл тэнд 10 орчим байгууллагаа барааны болон ном, бичиг хэргийн дэлгүүр, гэрэл зургийн студи, морин хуурын болон төгөлдөр хуурын сургалтын төв, оёдлын газар гэх мэт номын сангаас тэс өөр төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 300 гаруй мянган номын багтаамжтай хоёр танхим тус бүрдээ 120 уншигчийн суудалтай, Хууль эрхзүйн төв гэж хуул зүйн чиглэлийн номтой, 80 хүний суудалтай 10 мянга гаруй фондтой номын сан байсан. Гэвч өргөтгөл барьснаар энэ танхим хаагджээ. Одоо энэ номын сан нарны гэрэл тусахгүй харанхуй, бүгчим, ямар ч агааргүй шахам хонгил болсон гэнэ. Энэ байдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаад “Стандартад тохирохгүй газрыг уншлагын зориулалтаар ашиглалаа” гэдэг ажээ.