Д.МЯГМАР

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Р.Содхүүг урилаа.
-Оюутан сурагчдын хичээл эхлэж улс орны өнцөг булан бүрээс Улаанбаатар хотод харьцангуй олон хүн ирж суурьшиж байна. Хотод гэнэтийн осол ар араасаа гарч, иргэд эм, тарианд хордлоо гээд таагүй үйл явдал хөвөрсөн долоо хоног болж өнгөрлөө. Чанаргүй ажил, хууль бус барилгажилт нийслэлд бугшиж захаасаа тэсэрч байгаад иргэд хамгийн түрүүнд танай байгууллагыг буруутгаж байх шиг?
-Мэргэжлийн хяналтын байгууллагыг иргэд хамгийн түрүүнд муу хэлдэг. Гэхдээ муулах, сайлахаас урьдаад энэ ямар чиг үүрэгтэй байгууллага вэ гэдгийг бодох хэрэгтэй. Манайх төрийн үйлчилгээний байгууллага биш. Хамгийн хүнд сурталтай гэж бас ойлгодог юм шиг. Бид Засгийн газар, төрийн нэрийн өмнөөс ажиллаж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын 11 чиглэл 24 зүйлийг хэрэгжүүлж ажилладаг. Эдгээр хуулийг дагаж гарсан 137 тогтоол, журам, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хянаж, тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгт нь хяналт тавьдаг. Манайх улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй төрийн захиргааны хяналтын байгууллага юм. Үйлчилгээний болон хяналтын байгууллага хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Үндсэн хуулийн 42 дугаар зүйлд Монгол Улсын төр, УИХ-ын өмнө Ерөнхий сайд хуулийн хэрэгжилтийг хангана гэж заасан байдаг. Ерөнхий сайдын Үндсэн хуулиар хүлээсэн энэ үүргийг манай байгууллага хангаж ажилладаг. Хүн төрөлхтний түүхэнд үеийн үед элдэв алдаа, эндэл гарсаар л ирсэн. Ганцхан өнөөдөр Улаанбаатарт таны хэлснээр муу ажлын тэсрэлт болоод байгаа юм биш шүү.
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд танайхан ямар ажил амжуулав. Үндэсний аюулгүй байдал салбар бүрт алдагдлаа гэсэн яриа нийгэмд хүчтэй явдаг. Аюулгүй байдлын төлөө ажиллаж чадаагүй юм биш үү?
-Бид үндэсний аюулгүй байдлын төлөө ажиллаж харин ч чадсан. Азийн чонын архины хэрэг хэдэн жилийн өмнө гарав. Оюутолгой дээр болсон хоолны хордлого, Ховдын Булган сумын сурагчдын үдийн хоолны хордлого хэзээ илрэв. Энэ бүхнийг өнөөдөр болсон юм шиг ярьж таарахгүй. Илэрч байгаа нь энэ хэд боловч бид ийм дайны хэчнээн хордлого, аваарыг зогсоож чадсан бэ гэдгийг хүмүүс харж чадахгүй л дээ. Үндэсний аюулгүй байдлыг бид Түмэн Шаньюугийн үеэс хамгаалж ирсэн. Чингис хааны эцгийг хордуулж алчихаад байхдаа “Төрийн хяналт байх ёстой” гэж хэлж байсан үгийг бид өнөөдөр мартаж болохгүй. Өнөөгийн төрийн хяналт маань тийм холоос улбаатай юм байна. Өнөөдөр бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хөдөө явахад нь яагаад хоол унд, унаа машин, байр саванд нь хамгаалалт хийдэг вэ. Энэ бол аюулгүй байдлыг нь хангаж байгаа хэрэг. Үндэсний аюулгүй байдлын чиглэлүүдийг дурьдахаар хүмүүс манай ажлыг сайн ойлгоно доо.
-Хийсэн ажлаа үнэн мөнөөр нь тайлагнаж болдоггүй юм уу?
-Бүх хийсэн ажлаа олны өмнө зарлах боломжгүй. Өнөөдөр тахиа, шувууны ханиад сарстай хэчнээн хүн Буянт-Ухаагаас буцаж буйг иргэд мэдэхгүй. Нууц шугамаар шалгаад бид хэчнээн хүнийг буцааж байгаа гэж бодно. Хүний аюулгүй байдал, өвчин эмгэгийг бид бас хянаж, шалгаж байна. Өмнөговьд хийсэн нэгдсэн шалгалтаар Монгол хүн өвчилдөггүй өвчин тэнд гарсныг тогтоолоо. Гадна, дотны олон хүн цугласан Цогтцэций суманд шар өвчин яагаад гаарав. 525 мянган хүн амтай монголчууд өнөөдөр гурван сая болтлоо үржлээ.
Үндэсний аюулгүй байдлыг хамгаалсны шинж нь “500 жилийн настай улс. Удахгүй мөхнө” гэж хэлүүлээд байсан бид олуулаа болж чадлаа. Алтайн хязгаарын Барнаульд сибирийн боом гарч гурван хүн нас барж, 15 хүн хорионд орсон. Манай тусгай албаныхан Цагааннуурын хилийн боомтыг хаагаад Алтайн хязгаарыг өдөр, шөнөгүй хамгаалаад 21 хонолоо. Хилээр хүн, мал оруулахгүй гээд хорио, цээр тогтоочихсон. Хятадын өндөг, Польшийн гахайн махыг бид газар дээр нь очиж хянаж, шалгаж байна. 14 хоног лабораторийн шинжилгээ хийж байж мялзантай мах уу гэх мэтээр нарийн ширийн зүйлийг тогтоож ирлээ. Ямар ч бүтээгдэхүүнийг Монголд орж ирсэн хойно нь бид хяналт тавьж чадахгүй. Хил дээр дээжийг нь хянаагүй хүнсний бүтээгдэхүүн Монголд орж ирэхгүй. Бидний хийж байгаа ажил ингээд л хүний нүдэнд харагддаггүй юм. Манайхан хагас цэргийн зохион байгуулалттайгаар ажилладаг болохоор өндөр, шөнийг ялгахгүй явдаг юм. Байгаль орчин, уул уурхай, зам гүүрийн аюулгүй байдалд хяналт тавьж, болохгүй зүйл дээр нь засч залруулахыг шаардаад явж ирлээ. Мэргэжлийн хяналтын байгууллага гэж Есүхэй баатарт уулгах хорыг байцаагч түрүүлж амсаад үхээгүй тохиолдолд монголчууд иднэ хэмээн ойлгоод байдаг. Мэргэжлийн хяналтынхан ид, уу гэсэн бүхнийг хэрэглэнэ гэдэг. Хүнсний аюулгүй байдал гэдэг маань тухайн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, импортлогч Монгол Улсын хуулийн өмнө хариуцлага хүлээхийг хэлдэг юм.
-Сая барилгын кран унаж явган хүний гарцаар ээж, эгчтэйгээ хамт явж байсан балчир охины амийг авч одлоо. “Хурд” компанийн барилгыг барьж байсан кран өнгөрсөн баасан гаригт хугарч нэг залуу амиа алдлаа. Энд хэн буруутай, ямар хариуцлага үүрэх вэ?
-Нарийн дээрээ барилга барьж байгаа эзэн хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэж зөвшөөрөөд тэр ажлыг эхлүүлдэг юм. Үүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ямар ч хариуцлага хүлээхгүй. Барилга барих гэж байгаа бол мэргэжлийн хяналтаа тогтоогоод өөрийн хийгээд өрөөлийн аюулгүй байдлыг тэр бизнесмэн хангах ёстой. Ашиг олохоор компанийнхан хувааж иддэг. Алдагдал хүлээж, хариуцлага үүрэхээр улсын байцаагч нар буруутай болдог жүжгээ болимоор юм.
Би сая баруун европын орнуудаар яваад ирлээ. Бүх ажлаа чанараар тодорхойлж байна, тэнд. Бизнесийг хамгийн хяналтгүйгээр явуулж байгаа газар аюулгүй байдал алдагддаг юм байна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж байгаа үйчилгээний чанараар нь тухайн орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог аж. Чанарын хяналт гэдэг нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үеэсээ мэргэжлийн хяналтын байгууллагад ирж ажлаа тайлагнахыг хэлдэг юм байна. Бид ажлыг эхнээс нь хянаж үзвэл бүтээгдэхүүн чанаржиж зах зээлд нэр хүндтэй болох учиртай. Ингээд л сүүлд нь “мэргэжлийн хяналтынхан баяртай” гэдэг юм байна. Монголчуудыг ингэж чадахгүй гэж би басч байгаа юм биш.
-Энэ ажлыг аваад та хувийн компаниудын эсэргүүцэлтэй нэлээн тулгарсан. Байцаагч нарын найраан дундаа хийдэг ажлыг ухаж, өөрчилсөнтэй холбоотой гэсэн үү?
-Намайг дөнгөж ажлаа аваад Өмнөговь аймгийн олон салаа замын ажлыг зогсооход тэд яаж эсэргүүцэж байлаа. Жирийн иргэн эхнэр хүүхдээ мотоцикльд сундалж яваад юу ч үзэгдэхгүй тоосон дунд том тэрэгтэй мөргөлдөж осолдож байхад Цогтцэцийгийн замыг би хаахаас өөр яах билээ. Үүний төлөө би Засгийн газарт дуудуулж загнуулаад өдий төдий хүн намайг занаж, зүхээд сүйд болж байсан. Эргээд харахад нөгөөдүүл маань хар замаа тавиад “Энержи ресурс”-ийнхэн намайг хадны мангаа гэж хардагаа больсон. Одоо нэг кран босгож, лифт тавьсан ч, уурхайн ам нээсэн ч тэр “Алив дарга аа, ажлаа сайн мэддэг байцаагч явуулаарай. Манай нүүрсний баяжилт, коксжилт ямар байх ёстойг заагаад өгөөч” гэж хүсдэг болж. Үүнд би баярлаж байгаа. Бид бүх газартаа ингэж чадах юм бол мэргэжлийн хяналтаас зугтаадаг бус эрж, хайж угтаж ирээд хамт ажиллаад баруун европынхон шиг “баяртай” гэдэг болохсон. Бидний ажил үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдгийг ойлгож өөрийгөө хийгээд өрөөлийг хуурч чанаргүй ажил хийж нэрээ хугалахаар эртнээс яах уу гээд зөвлөгөө, зааварчилгаа авч байя цөмөөрөө.
-Танай байцаагч нарын нэр хүнд нийгэмд сайнгүй вэ. Хүнд сурталтай, авлига авдаг. Юм л бол хаана, торгоно гэх мэтээр үйлчилгээний байгууллагыг айлгадаг. Үнэтэй хоолны газруудаар үнэгүй үйлчлүүлдэг. Авто угаалгын төвүүдээр машинуудаа угаалгах нь жирийн үзэгдэл. Тэгсэн хэрнээ нурж унах гэж байгаа барилга, эвдэрхий машинтай барилгын ажил гүйцэтгээд явж байгааг хянаж болдоггүй юм уу?
-Энэ бол байцаагчийн ёс зүйн тухай асуудал юм. Манайх 3000 шахам байцаагчтай. Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт ажиллаж байна. 1400 шахам улсын байцаагчтай, дээр нь орон тооны бус, яамдын байцаагч бий. Ёс суртахууны алдаа гаргасан, тангарагаа зөрчсөн байцаагч нарт өмнөх удирдлагууд арга хэмжээ авч байгаагүй юм билээ. Харин би ирээд 10 шахам хүнд ёс зүйтэй байхыг сануулж арга хэмжээ авсан шүү. Үүрэгт ажлаа хийгээгүй, бизнесийн ямар нэг байгууллагатай хуйвалдсан, хувийн эрх ашгаа хүндэтгэсэн, улсын байцаагчийн эрхээ хэтрүүлж барилга байшин бариулсан, хувьдаа эмнэлэг, сургууль бариулсан байцаагч нарыг би ажлаас нь өөрчилсөн. Дорнод аймагт дураараа авирладаг байсан таван байцаагчид би арга хэмжээ авсан. Бүх байцаагчдаа арга хэмжээ авч би чадахгүй. Цөмийг нь хаана, юу хийж байгааг тогтоож чадахгүй. Гэхдээ алдаа гаргасан хэнд ч болов ёс суртахууны асар том шанаа өгдөг, би. Муу хэлүүлсэн болгогыг бас халахгүй шүү. Юманд учир бий. Ажлыг нь хянана. Үнэн зөв эсэхийг нь тогтооно. Өргөсөн тангаргаа няцсан хэний ч Улсын байцаагчийн эрхийг нь цуцлах ганцхан эрх надад бий. Баримттайгаар манай байцаагч нарыг буруутгаж байвал харин мөрөөр нь мөшгинө шүү.
Хилээр ямар ч хяналтгүйгээр бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд оролцсон байцаагч нарыг ажлаас нь би чөлөөлсөн. Хүмүүстэй харилцахдаа алдаа гаргасан, бичиг баримт будилуулсан, ерөнхий байцаагчийн шийдвэр гараагүй байхад баримт бичгийг нь бүрдүүлээд гүйж байсан байцаагч нар надад баригдсан. Байцаагч нарын маань сахилга бат сайжирч байгаа шүү. Байцаагч нарын талаар мэдээлэл авдаг нууц шуудан, нууц утас гаргасан. Зөвшөөрөлгүй барилгын эзэн наадах чинь шүү дээ гэж ярьж байгаа хүн бас л өөрөө холбоотой болж дараа нь “би тэгж хэлээгүй” гэчихсэн явж байдаг. Тиймээс байцаагч нараа бүгдийг нь муу хэлүүлэх дургүй. Байцаагч нарын маань 70 хувь нь шударгаар ажиллаж байгаа. Алдаа, дутагдалтай зүйл өнгөрсөн 10 жилд гарсан л байх. Шалгуулсан хүн шалгасан байцаагчид хэзээ ч сайнаар ханддаггүй. Биднийг авлигачид гэж хэлж байгаа улс манайд шалгуулаад арга хэмжээ авхуулаад уурандаа дэмий зүйл зохиож хэлдэг болов уу. Би ч үүнийг амссан. Шалгуулаад алдаа мадгаа мэдээд, ухаарч уучлал хүсээд гарсан хүн эргээд “Содхүү дарга манайхыг алх шахлаа. Урьд нь би ингэж ажиллаад болоод л байсан. Одоо л чангараад болохоо байчихдаг юм гэнэ” гээд л яриад явж байна.
-Танай байцаагч нарыг чинээлэг, бараг л цалингаа тоодоггүй шидэт дохиуртай замын цагдаа шиг гэсэн хошин яриа дуулж байсан уу. Таньд ажилтнуудаа өмөөрөх боломж олговол?
-Хяналтын газар нэр хүндтэй байхад хэцүү. Тэднийгээ би хамгаалахгүй бол өөр хэн өмөөрөх билээ. Манайд боломжийн амьдралтай цөөхөн хүн байхад аж амьдрал нь хүнд хүмүүс ч бий. Мэдээж энэ олон улсыг нэгэн зэрэг сайхан сууцанд амьдруулна гэж амлаж чадахгүй, би. Монгол Улсад хуулийн хэрэгжилт задардаг дөрвөн жилийн давтамж байна. Луйврын, шударга бус ажил явуулдаг, хулгайгаар уул уурхай руу дайрч ухдаг үе бий болоод байна. Тэр цагийн балгаар манай ажилтнуудын нэр нүүрийг хөөдөд байх юм. Тэрнээс манайхан өдөр, шөнөгүй ажилладаг хэцүүхэн улс шүү. Заримдаа тэднийгээ өрөвдөх юм.
-Та сонгуулийн жилийг хэлж байна уу?
-Хяналтын байгууллагад ирээд энэ бусармаг үйлдлийг их мэдэрлээ. Сонгуулийн жил эхэлснээс өгсүүлээд манай байцаагч нар одоо ч амраагүй байна. Утас амраахгүй шөнөжингөө тэнд асуудал гарлаа гэнэ. Хөдөөний байцаагч амрах боломж алга. Тэнд шөнөөр уул ухаж, ус бохирдууллаа гэх юм. Тэнд алтны уурхайн эзэд нууцаар ажиллаад эхэллээ гэнэ. Энд хуурамч архи үйлдвэрлэж байна. Тэнд зовлон, зүдгүүртэй байшингаа зөвшөөрөлгүйгээр бариад эхэллээ л гэдэг. Бид нэг ч зөвшөөрөл, лиценз олгодоггүй. Төр засаггүй юм шиг нэг жил Монголд байх юм. Эргээд харж байхад 2008 онд бас ийм хэцүү жил болжээ. Тэнд хүн хордлоо, энд хоолны хордлого гарлаа, Булганд модны хулгайч нар ойг сүйтэглээ гээд би ер нь энэ албаны даргаар ажиллаад нэг өдөр ч амарч тайван хэвтсэнгүй. Сонгуулийн жил хууль бус үйлдэл газар авдаг юм байна. Хүмүүсийн анхаарал суларсныг далимдуулдаг юм уу даа. Хууль хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн эрхмүүд хуулиа хэрэгжүүлээсэй. Бүгдээрээ л сонгуулийн уур амьсгалд ороод өнөө хууль дашийншог болдог. Арай л гэж засаг, төртэй болтол хуулийг гажуудуулж дайрч байсан этгээдүүдийн бусармаг явдал ар араасаа ингээд л ил болдог. Чоно борооноор гэгчээр үнэхээр хуулийг буруу барьсны гайгаар тухайн байгууллага дахин нийгэмд итгэл олох аргагүй болж байгааг өөрсдөө мэдэж байгаа биз.
-Танай газрыг тараах талаар яриа намжсан уу?
-Манай улс газарзүйн хувьд их эвгүй, эмзэг нөхцөлтэй. Хоёр хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага л гэсэн үг. Гэтэл энэ олон тэрбум хүнтэй улс хүнсний аюулгүй байдлынхаа 50 хувийг хянаж байвал их юм болдог. Ийм нөхцөлд бид аж төрж байна. Яам, Тамгын газарт салангад байсан агентлагуудыг нэгтгээд нэгдсэн удирдлагатай, босоо тогтолцоотой болгосноор төрийн зөв бодлого болсон. Энэ ажлын үр дүн одоо л гарч эхэлж байна. Гадаадынхан одоо биднийг худалдаж авч чадахгүй боллоо. Яамныханг найрсан ч босоо удирдлагатай мэргэжлийн хянлтынханд цохиулна. Ангаахай, минж, адуу, тахиа гээд хилээр орж ирэх амьд амьтныг хэн ч авчирсан бид бүгдийг хатуу хянаж байна. Хорио цээр, эрүүл ахуй, халдварт өвчин байна уу гээд бүх талаас нь хянана. Уул уурхайнуудыг ч ялгаагүй. Байгаль дэлхий сүйдэж хүн, амьтан аж төрж болохооргүй болсныг бид тогтоож үндэсний аюулгүй байдал хэрхэн алдагдаж байгааг 11 чиглэлээр хянаад цаашид хэрхэн ажиллаж болох талаар Засгийн газарт зөвлөсөн. Цогтцэций суманд яаралтай Мэргэжлийн хяналтын тасаг (МХТ) байгуулахгүй бол болохоо байжээ. Устаж үгүй болсон бэлгийн замын халдварт өвчин тэнд дэлгэрчээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ нь аймагт бий болж байгаа бүтээн байгуулалт, иргэддээ хүрч үйлчлэх нь өнөөгийн нөхцлөөс хамаагүй хоцорчээ. Тэнд байгаа төрийн захиргааны байгууллагыг хүчирхэгжүүлэхгүй бол болохоо байжээ. Ертөнцийн бүхий л хүн Өмнөговь руу орж, гарч байхад бид байдгаараа л аймгийн захиргаатайгаа сууж байна. Бүтээн байгуулалт дагаад хүний хөл тасрахгүй нь.Тэнд эрүүл, аюулгүй орчин, эмнэлэг, сургууль, орон сууц, зам харгүй хэрэгтэй байна. Уул, уурхайн томоохон хэлтсийг том ордтой газарт байгуулах шаарлагатай болжээ. Аймаг бүр харилцан адилгүй хүн ам, хөгжилтэй учраас нэг хэвэнд цутгачихсан юм шиг хуваарилалт байж таарахгүй. Тэндхийн МХТ-ийг уул уурхайн бүтээгдэхүүний дээжээ шинжлэх чадалтай лабораторитой болгох хэрэгтэй.
Бид хаана ч очиж хяналт тавьсан алдааг нь гаргаж муулахдаа бус яаж дутагдлаа арилгах талаар зөвлөмж, дүгнэлт өгдөг. Ингэж мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоотой ажилласнаар алдаа, дутагдал гарахаар санаархагчид зугтан зайлах нүхгүй болж байгаа хэрэг. Салбар дундын уялдааг гаргаж, алдааг бид хянадаг.
1922 оны долдугаар сард байгуулагдсан мэргэжлийн хянан байцаах байгууллагын залгамж халаа нь бид. Тусгайлсан чиг үүрэгтэй мэргэжлийн хяналтын байгууллагын 10 жилийн ой энэ жил тохиож байна. Төр үндэсний аюулгүй байдлаа нэгдсэн удирдлагатай, босоо тогтолцоотой манай байгууллагаар хянуулсны үр дүнг бид хүртэж эхэлж байна.