М.ЦЭЦЭГ

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэд хэдэн хууль, тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг эхлээд батлав. Гишүүн С.Бямбацогт “Төлөвлөгөө хэр бодитой, үнэн зөв байхаас хэрэгжилт нь шалтгаална, гэтэл улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд, богино хугацааны энэ чухал баримт бичигт нухацтай хандах ёстой байтал хэлэлцэх эсэхийг шийдээд тэр дор нь анхны хэлэлцүүлгийг хийж батлуулахаар оруулж ирлээ” гэж шүүмжлэв.
Засгийн газар макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн төвшинг зургаан хувьд барих, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 16 хувьд хүргэхээр ирэх оны үндсэн чиглэлд тусгасан байна. Мөн төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлж, агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, барилгын материалын импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, орчны бохирдлоос хамгаалж, доройтлыг бууруулж, ногоон хөгжлийг бий болгох, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, “Сум” төслийг хэрэгжүүлж эхлэх, “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж цалин хөлсний бодлогыг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, өсөлтийг бататгах боломжтой гэж тусгажээ.
Дараа нь Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Ингэснээр шинээр Монгол судлалыг дэмжих сан нэмэгдэж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Хоёр Засгийн газар дамжин удаан хэлэлцсэн энэ хууль батлагдаж, манай улс үнэт цаасны зах зээлийн олон улсын жишигт нийцсэн хуультай боллоо” гэв.