Д.БОЛОРМАА

 

Монголын Өмгөөлөгч­дийн холбооны Ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.

-Та өмгөөллийн бай­гуул­лагыг удирдаад бага­гүй хугацаа өнгөрлөө. Ямар өөрчлөлт хийж ам­жуу­лав гэдгээс яриагаа эхэлье?

-Бүрэн эрхийн хугацаанд маань онцлог үе тохиож байна. Намайг энэ албыг удирдах болсноос хойш Өмгөөллийн тухай хууль хүчингүй боллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шинэ хуулийн дагуу бидний баримтлан ажилладаг хууль маань хүчингүй болсон нь энэ. Зарим хүн гайхаж магадгүй. Хууль нь хүчингүй болчихоод байхад байгууллага нь байхгүй болох ёстой юм биш үү.  Эсвэл өмгөөлөгч гэж нийгэмд байхгүй болох нь гэсэн буруу ойлголт төрж магадгүй. Тэгвэл үгүй юм. Энэ хуулийг хүчингүй болсонтой зэрэгцээд Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүгээр өмгөөллийн үйл ажиллагаа, эрх зүйн харилцааг  зохицуулсан байгаа. Нэг үгээр хэлбэл, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгч, прокурор, өмгөөлөгч нийлээд Хуульчдын холбоо гэдэг шинэ байгууллагыг үүсгэн байгуулж байгаа юм.­­­­­­­­­­­­­­­­­­­­­­

Хуульчдын холбоог ирэх наймдугаар сард бай­гуу­лан анхдугаар их хурлаа хийх төлөвтэй байна. Мэ­дээж энэ үеэр удирдлагаа сонгож таарна. Ер нь хуульчийн холбоод Хууль­чийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд өмгөөлөгчийн оролцоо маш их бий.

-Хууль хүчингүй бол­сон гэхээр та бүхэн харъяалалгүй болох юм биш үү. Ямар статусаар ажиллаж байгаа юм?

-Өмгөөлөгчдийн хол­боо нь гишүүн өмгөө­лөг­чийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой. Энэ хүрээнд сайн дурын гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн бус байгууллагын статусаар ажиллаж байгаа гэсэн үг. Энэ байгууллага нь цааш­даа ямар байр суурьтай байх вэ гэдэг нь ирэх наймдугаар сард хуралдах Хуульчийн их хурлаар шийдэгдэх учиртай. Ер нь хуульчдын холбооны журамд нь өмгөөлөгчийн тухай тодорхой зохицуу­лалтыг оруулах ёстой. Үүнд зорилгоо хан­дуулж байна. Ирэх найм­дугаар сар хүртэл эрхзүйн өөрчлөлтөд нийцсэн үйл ажиллагаа явуулж, хол­богдох дүрэм журмын ши­нэч­лэл хийх байх. Өм­гөөлөгчдийн холбоо бол төрийн бус байгууллагын сонгодог жишээ нь байж, гишүү­дийнхээ дотоод ардчиллыг бий болгоход анхаарч байна.

-Хуульчийн холбоонд нэгдэхээр цар хүрээ ху­мигдах уу?

-Нэгдсэнээр үйл ажил­­­­­лагааны хувьд хяз­гаарлагдах, хумигдах асуу­дал байхгүй. Харин ч хуульчдад мэргэжлийн хариуцлагыг тогтоож өгч байгаа юм. Хуульч гэдэгт шүүгч, прокурор, өмгөө­лөгч гурав нэгдсэн байх ёстой гэдгийг хуулиар тогтоож өгсөн. Энэ мэр­гэжилтнүүд маань өөрсдөө мэргэжлийн ур чадвар, хариуцлагын хувьд нэг стандарт давж байж хуульч болох ёстой. Гэхдээ хууль тогтоомж өөрчлөгдөх явцад орхигдож байгаа зарим асуудал бий. Ялан­гуяа, өмгөөллийн бие даа­сан хараат бус байдалд нь нөлөөлдөг  хүчин зүйлсийг багасгах, эрх зүйн хийд­лүүдийг арилгахад анхаар­лаа хандуулах шаардлага тулгарч байна. Цаг хуга­цаа маань эрч хүч, хурд­тай ажиллахыг шаардаж байна гэх үү дээ. Эцсийн дүндээ өмгөөлөгч нар ши­нэч­лэлийг идэвх­тэй дэм­жиж, өөрсдөө түүчээлэх ёстой гэж үзэж байгаа шүү.

-Өмгөөлөгч бол сэжиг­тэн, яллагдагч, хохирогч­той хамгийн ойр байдаг хүн. Тэд алдаа гаргах эрхгүй хүмүүс. Эрх зүйн чадамжийг нь сайж­руулахад яаж анхаарч байгаа юм бол?

-Өмгөөлөл нь мэр­гэжлийн болоод чөлөөт үйл ажиллагаа юм. Мэргэж­лийн үйл ажиллагааг чө­лөө­тэй эрхэлж байгаагийн хувьд тодорхой мэр­гэж­лийн ёс зүйн шаардлага хангаж ажиллах ёстой. Өмгөөлөгч иргэдэд хам­гийн ойрхон, дотно найз нөхөр нь байх ёстой. Тийм учраас мэргэжлийн хувьд өндөр шаардлага тавигд­даг. Одоогоор ма­найх ал­бан ёсны 1200 гишүүнтэй. Олон хүн дунд сайн, муу янз бүр л бий. Олны дотор мэргэжлийн ха­риуц­лагын алдаа гаргадаг, тэрэндээ тодорхой ха­риуц­лага хүлээдэг тохиолдол байна. Гэхдээ үүнийг нийт өмгөө­лөгчийн тоотой харьцуулж үзэх юм бол харьцангуй цөөхөн. Нийт өмгөө­лөг­чийн 5-7 хувь нь ёсзүйн асуудлаар хариуц­лага хүлээж байна. Үүнийг зөв гэж үзэж байгаа юм биш. Алдаа нь хаана, хэндээ  байна вэ гэдэгт анхаарах ёстой. Бид ийм хүмүүстээ харин хатуу хариуцлага тооцдог. Шаардлагатай тохиолдолд эрхийг нь хүр­тэл хасч байна. Цаашид мэргэжлийн ха­риуц­лага­тай холбоотой асуудлыг Өмгөөлөгчдийн холбоо эсвэл Хууль зүйн сайд биш шийдэх биш хуульч­дын холбоо шийднэ.

-Орон нутагт хэдэн өмгөөлөгч байна. Нийс­лэлд тэдний тоо олширч, орон нутагт очих нь багас­сан гэх юм билээ. Энэ нь урамшуулал, дэмжлэгтэй холбоотой юу?

-Би түрүүн хэлсэн дээ. Өмгөөлөл нь  чөлөөт мэр­гэжлийн ажиллагаа гэж. Чөлөөт уран бүтээлч уран бүтээлээ туурвихдаа өөрийн зоргоор ажилладаг шиг өмгөөлөгч бас ийм.  Энэ утгаараа ажил хөдөл­мөрөө эрхлэх асуудлаа өөрөө бий болгох ёстой. Харин холбоо болоод тө­рийн зүгээс үүнд нь дэмжлэг туслалцаа үзүү­лэхэд нь анхаарах учиртай. Өнөөдрийн байдлаар орон нутагт 300 орчим өмгөө­лөгч байна. Нийслэлтэй харьцуулахад харьцангуй цөөхөн. Орон нутагт очих­гүй байгаа нь юутай хол­боотой вэ гэхээр мэргэж­лийн үйл ажиллагаа нь чөлөөтэй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хаана ажиллах, ямар газар өмгөөлөл хийхээ өөрсдөө сонгож байгаа учраас тэр. Цаашдаа орон нутагт ажиллах өмгөөлөгчийн тоог нэмэгдүүлэх зайлш­гүй шаардлага хэрэгцээ бий. Үүнд зориулсан бод­лого нэвтрүүлж, урам­шууллын системийг бий болгох талаас нь бидэнд бодсон зүйл бий.

-Өмгөөлөгч та бүхэн мэргэжлийн хуульч байх ёстой гэж байна. Гэсэн атлаа цагдаа, прокуророос халагдсан хүн өмгөөлөгч хийгээд явж байна. Энэ хэр ёс зүйтэй вэ. Эргээд та бүхний үйл ажиллагаанд сэв суух асуудал байх юм уу?

-Манай өмгөөлөгч­дийн эгнээнд шүүх, бусад хуулийн байгууллагад аж­лаж байгаад мэргэжлийн болоод ёс зүйн алдаа гаргасан хүмүүс нэлээд орж ирдэг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр ту­хайн байгууллага хүнээ бодоод өөрсдийнх нь хүсэлтээр ажлаас халсан  мэт шийдвэр гаргачихдаг. Ингэснээр манай хол­боонд орж ирэх болом­жийг нь бүрдүүлчихэж байгаа юм. Тиймээс Хууль­чийн эрхзүйн байд­лын тухай хуулиар үүнийг халж зөвхөн Хуульчийн холбоо шийддэг байхаар болж байна. Тухайн  бай­гууллагын дарга хүнийхээ эрх ашгийг бодож шийд­дэг биш Хуульчийн холбоо хуульчийнх нь хувьд хариуцлага тооцохоор энэ завхрал арилах байх.

-Шүүх хуралдаанд бо­лоод бусад үед өмгөөлөгч хязгаарлагдмал байдалтай оролцдог гэсэн шүүмжлэл бий. Ялангуяа, зарим хуулийн байгууллагын ажилтнууд хавчиж шахсан байдалтай байдаг гэх юм билээ?

-Одоо энэ асуудал хурцаар яригдаж байна. Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж бидний эрх зүйн баталгаа байхгүй болохоор тэр. Үүнийг нь нөхсөн орон зай ч байхгүй байна. Нөгөө талаас бусад хуульчтай харьцуулахад эрх, үүрэг нь хязгаар­лагдмал байгааг юугаар нотлох гэхээр мэтгэлцээ­нээс хараарай.  Яллах, цагаатгах талууд эрх тэгш мэтгэлцэж байцаан шийтгэх ажиллагаа явуу­лах тухай үндсэн зарчим­тай. Өөрөөр хэлбэл, про­курор буюу улсын яллагч өмгөөлөгч хоёр хуулиар олгогдсон эрх, үүрэг бо­лоод хуулиар хамгаа­лагд­сан эрх зүйн батал­гаа­ныхаа хувьд ижил төвшинд байж  мэт­гэлцээн болно. Өнөөдрийн хувьд шүүхийн хаалгаар ороход жижүүрээсээ эхлээд про­курорт илүү хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгчийг үл ойшоож байх жишээтэй. Цэвэр­лэгчээсээ эхлээд ийм сэтгэлгээтэй байгааг нь халах, өөрчлөх зайлш­гүй шаардлага байна.

-Үүнийг яаж халах вэ?

-Хуулиар нэг тийш болгоно. Хоёрдугаарт хүмүүсийнхээ сэтгэлгээг өөрчлөх ёстой юм байна. Мянган сайхан хууль гар­сан ч түүнийг нь хэрэглэж байгаа хүмүүсийн сэтгэл­гээ хуучнаараа байвал хууль хэзээ ч төгс төгөлдөр хэрэгжиж чадахгүй.

-Өмгөөлөгч нар төл­бөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Нийт хэдэн хүнд үнэ төлбөргүй үйлчилсэн байна вэ?

-Саяхан тоо авч үзлээ. Хуулиараа нэг өмгөөлөгч жилд хоёроос доошгүй үнэ төлбөргүй эрх зүйн тус­лалцаа үзүүлэх үүрэгтэй . Энэ нь татан буугдсан Өмгөөллийн тухай хуу­лиар заасан үүрэг. Шинэ хуулиар бол үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх тухай заагаагүй. Өмнөх хуулийн үед нийслэлд 260, улсын хэмжээнд 400 хүнд үнэгүй үйлчилсэн байна. Өмнө нь хуулиар шаардлага тавьж байсан бол хууль нь хү­чингүй болчихсон учраас сайн дурын асуудал бол­чихож байгаа юм. Гэхдээ манай өмгөөлөгч нар энэ үүргээ үргэлжүүлээд биелүүлж байгаа. Ер нь өмнө нь төрөөс тодорхой хэм­жээний төлбөр шилжүүлж Өмгөөлөгч­дийн холбоо төлбөрийн чадваргүй иргэ­дэд эрх зүйн туслалцаа үзүүлдэг байлаа. Харин 2007  оноос хойш нэг ч төгрөг улсын төсвөөс өгөөгүй.

-Одоо тэгээд хаанаас санхүүжиж байгаа юм?

-Гишүүдийн татвар, дэмжлэг, хандивт тулгуур­лан ажиллаж байна. Төрөөс өмгөөлөгчдийн байгууллагыг дэмжиж нэг ч төгрөг өгөлгүй зургаан жил болжээ.

-Гишүүдийн татвар гэж сард хэдэн төгрөг авдаг вэ?

-Нэг өмгөөлөгч сардаа 25 мянган төгрөг төлнө. Жилдээ 300 мянган төгрөг.

-Өмгөөллийн үйл ажил­лагаа үзүүлээгүй байсан ч өгөх ёстой юу?

-Тэгнэ. Энэ бол ги­шүүнчлэлийн татвар. Ги­шүүний эрхээ баталгаатай байлгахын төлөө өгч байгаа татвар юм.

-Өмгөөлөгч зарим то­хиолдолд үйлчлүүлэг­чээ­сээ их хэмжээний мөнгө нэхэх нь бий. Хэрэг тус бүрт тогтсон үнэ ханш гэж байхгүй юм уу. Амны зор­гоор өндөр ханш нэхэхийг байгууллагын зүгээс яаж зохицуулдаг юм бэ?

-Тогтолцоо нь өөрөө ийм. Бусад улс оронд ч гэсэн ийм байдаг.  Өмгөөлөл нь өөрөө бие даасан үйл ажиллагаа. Нэгэнт бие даасан ажил эрхэлж хүний дотоод асуудалд төр ороод байх боломжгүй. Өндөр үнэ хэлээд байвал тэрийг зөвшөөрөхгүй байх ёстой. Өмгөөллийн хөлс нь үзүүлэх гэж байгаа эрх зүйн туслалцааныхаа хэм­жээ, үйлчлүүлэгчийнхээ төлбөрийн чадвар зэргийг нь харж байж шийддэг асуудал. Манай өмгөөлөгч нар төлбөрийн чадваргүй, амьдралын боломж бага­тай хүмүүст  хатуурхдаг­гүй  гэдэгт итгэж байна.

-Үйлчлүүлэгчийн сэт­гэл зүйн баталгаа хэр байдаг юм бол. Нөгөө талд үйлчиллээ. Хөлсөндөө тохирсон үйлчилгээ үзүүл­сэнгүй гэх гомдол байнга гардаг шүү дээ?

-Юм өөрөө төгс бай­даггүй. Иргэд өмгөөлөгч нарт янз бүрийн сэтгэлээр хандах нь бий. Ер нь нийт үйлчилгээний 80 гаруй хувьд нь сэтгэл ханамж­тай. Тодорхой хэм­жээнд сэтгэл ханамжгүй байх нь бий. Энэ нь өмгөөлөгчийн ур чадвар, хариуцлагад хамаатай. Нөгөө талаас үйлчлүү­лэгчийн дур зоргын асуудал юм.

-Өмгөөлөгчийн ёс зүйтэй холбоотой гомдол хэр ирж байна?

-Жилдээ 100 гаруй өр­гөдөл ирдэг. Гэхдээ өмгөө­лөгчийн тоо нэмэгдээд байхад энэ тоо харьцангуй тогтвортой байгаад нь олзуурхаж байгаа. Өмгөө­лөгчийн тоо олон болох ч ирэх гомдол нь нэг төв­шинд байгаа нь өмгөө­лөгчийн хариуцлага өндөр байна гэж ойлгож болно.

-Энэ өдрүүдэд өмгөөл­лийн байгууллага үүсэн байгуулагдсны 85 жилийн ой тохиож байна. Баярын хүрээнд нэлээд ажил зохиож байгаа байх?

-Ойгоо тэмдэглэх тө­лөв­лөгөө гаргаад ажиллаж байна даа. Тавдугаар са­рын 11-нд “Ногоон бай­галь” сэдвийн дор мод тарьж Нийслэлийн цэ­цэрлэгт хүрээлэнд өмгөө­лөгчдийн төгөлтэй боллоо. Энэ сайн үйлсээ ирэх сард үргэлжлүүлж Сэлэнгэ аймагт Тужийн нарс очиж тарина гэж бодож байна. Түүнээс гадна өнгөрсөн баасан гаригт “Өмгөөлөгч нар нийгмийн сайн сайх­ны төлөө” гэсэн өдөр­лөгийг улс орон даяар зохиолоо. Бүх аймгийн төв талбайд өмгөөлөгч нар маань асар майхан бариад суучихсан иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн. Харин маргааш /өнөөдөр/ “Өмгөөлөгчийн хараат бус байдал” сэдвээр олон улсын бага хурал зохион байгуулна. Бага хурлаар өмгөөллийн үйл ажиллагааг бие даасан байдлаар явуулахад юу шаардлагатай, хараат бус байдал гэж юуг хэлэх вэ зэргийг ярилцахаас гадна бусад орнуудын сайн турш­лагыг судална. Ху­ралд таван орны зургаан хуульч илтгэл тавьж хэ­лэлцүүлэг өрнүүлнэ. Ха­рин үүний дараа өдөр нь өмгөөлөгч оролцсон концерт хийнэ.

-Өөрсдөө дуулах юм уу?

-Манайд авьяастай өм­гөөлөгчид олон бий. Тэд бүжиглэж, жүжиглэж, дуу­­лах авъяастай. Урла­гийнхныг ажилгүй болгох л хүмүүс дээ.

-Өмгөөллийн бай­гуул­лагыг удирдаж яваа Д.Бат­сүх гэж хэн бэ. Дуулиантай хэргүүдэд л ажиллаж байсныг мэдэх юм байна?

-Сэхээтэн хүний гэр бүлд төрсөн, бага насаа Говь-Алтай аймагт өнгө­рөөсөн энгийн нэгэн хуульч.  Эцэг, эх, багш нарын олгосон эрдэм чад­лаа хүний төлөө, нийг­мийн төлөө зориулж явъя гэсэн чин хүсэл зорил­готой явна даа. Энэ бай­гууллагынхаа төлөө зүтгэх ёстой. Зүтгэх ч болно.