Б.СОЛОНГО

Дотныхоо найзыг хүний нутагт эрдэмд суралцахаар явахад нь уйлж билээ. Зовлон жаргалаа хуваалцах гэхэд минь хажууд байхгүй гэж бодохоос хэцүү байсан юмдаг. Гэхдээ найз минь зорьсон газраа хүрэнгүүтээ л ирлээ гэдгээ мэдэгдэж, өдөр шөнийн алинд ч байсан энгийн тарифаар хоорондоо ярьж, интернэт хэмээх агуу сүлжээг ашиглан хамтдаа байгаа юм шиг хөөрөлдсөөр.
Энэ бол орчин цагийн харилцаа, холбоо, мэдээллийн технологийн агуу хүч юм. “Амьдралын тойрог” ээлжит дугаартаа харилцаа, холбооны салбарыг өдий зэрэгт хүрэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн эрхмийг урьж оролцууллаа. Тэр бол Завхан аймгийн холбооны газрын инженерээс их ажлын гараагаа эхэлж 1989-1994 онд Холбооны яамны сайдаар ажиллаж байсан Б.Баатар юм.
Манай улсад мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баяр ойрын өдрүүдэд тохиож, холбоочид тэр аяараа баяраа тэмдэглэж байгаа энэ үед зочноо зориуд онцлон сонгосон нь энэ.
Б.Баатар гуайнд бид их эрт зочиллоо. Өглөө бүрийн наран мандахад хашаан дахь модоо усалж, хөхөө донгодохыг сонсож зогсох шиг сайхан юм хаана байна гэсээр тэрээр биднийг угтсан юм. Энэ айлын 20 жилийн хөдөлмөр шингэсэн хашааны хаалгаар ороход өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Сайдын ажлаа өгснөөс хойш ханьтайгаа нийлээд хашаандаа мод тарьж эхэлжээ. Тэр хоёрын тарьсан моднууд өнөөдөр хэдийнэ том болж, үр жимсээ өгөөд эхэлсэн байна. 50 орчим төрлийн 400-гаад мод бий гэнэ. “Үргэлж л харж хандаж, тордож усалж байхгүй бол болдоггүй. Хотын байшиндаа өвлийг барах гэж хэцүүднэ шүү дээ. Шөнө ч унтаж чадахаа байдаг юм” гэсээр биднийг дагуулан гэртээ орлоо. Ингээд бид гол яриандаа орсон юм.
СУМ БҮРИЙГ ТЕЛЕВИЗТЭЙ БОЛГОХ САНАА ГАРГАСАН НЬ
Завхан аймгийн холбоо, Эрдэнэт хотын холбооны газар, Улаанбаатар хотын телефон радио ашиглалтын хорооны даргын үүрэгт ажлыг хийж, амьдралынхаа арав гаруй жилийг өнгөрүүлсэн түүнд ЗХУ-ын Нийгмийн ухааны академид суралцах боломж олджээ. Хийж бүтээсэн ажлыг нь үнэлж энэ боломжоор шагнасан хэрэг. Тухайн үеийн улс төрийн хүчнүүдийг бэлтгэдэг лидер сургуульд суралцаж ирээд Улаанбаатар хотын найрамдлын районы засаг дарга, Дараа нь Улаанбаатар хотын захиргааны орлогч даргаар томилогдож байж. Ингээд 1989 оны хоёрдугаар сард Холбооны яамны сайд болсон байна. Тун эгзэгтэй хүнд хэцүү үед хамгийн бүдэг, бадаг байсан салбарыг хүлээж авсан гэдгийг Б.Баатар гуай онцолж байлаа. Бидний аав, ээжүүд тухайн үед харилцаа, холбоо ямар байсныг илүү сайн тайлбарлах биз. Телевиз хэдхэн газарт гардаг. Агаарын шугам байхгүй, гар утасны талаар төсөөлөл ч байхгүй. Өөрөөр хэлбэл, тоон технологийн талаар ямар ч ойлголтгүй байсан үе. Тэр үед ганц холбоотой байсан Орос улстай агаарын 80, Хятадтай гуравхан сувгаар л харилцаж байж. Энэ нь технологийн хувьд учир дутагдалтай, шууд харилцах боломжгүй байсан гэнэ. Б.Баатарыг сайдын ажил авсны дараахан холбоо харилцаа хангалтгүй байгаа талаар ид шүүмжилж, шуугиж байжээ. Тиймээс ч сайдын хувиар даруйхан арга хэмжээ авч, холбоо харилцааг хөгжүүлэх түүхэн шаардлага тулгарсан ажээ. Цаг хугацааны хувьд ойлгомжгүй, хөрөнгө мөнгө, санхүүжилтийн асуудалтай тухайн цаг үед холбоо, харилцаа гэдэг тухайн салбарынхнаа шүдний өвчин мэт л санагдаж байж. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд ихээхэн хэмжээний мөнгө хэрэгтэй байсан нь хамгийн хүнд асуудал байжээ.
“Хуучны тоног төхөөрөмжөөс татгалзаж, шинээр ямар сонголт хийх гээд, хамгийн гол нь энэ бүхнийг тухайн үеийн улс төрийн товчоо болон Засгийн газарт хэрхэн ойлгуулах нь үнэхээр хүнд байсан” гэж Б.Баатар гуай ярив. Улс хооронд холбоо харилцаа тогтооход яах аргагүй амин тариа хэрэгтэй байсан гэв. Тиймээс 1989 оны сүүлчээр Англи, Хонгконгийн хамтарсан Кавле энд Вуайрлес компанитай хамтран олон улсын сансрын холбооны цөөн сувгийн газрын станцыг байгуулан ашиглалтад оруулсан нь тухайн үедээ Монгол Улсыг гуравдагч орнуудтай холбох цорын ганц гүүр нь болж байж. Нэгэнт улс даяар нэгэн зэрэг технологийн шинэчлэл хийж чадахгүйгээс хойш хэсэгчлэн шинэчлэх төлөвлөгөөг боловсруулжээ. Эхний ээлжинд Улаанбаатар хотод улс хот хооронд болон 27 мянган хэрэглэгчийн багтаамжтай автомат телефон станцыг байгуулах шийдвэрт хүрч 12 сая орчим ам.долларын төсөл боловсруулж. Түүнийгээ бариад Төлөвлөгөөний комиссын дарга П.Жасрай гуайд танилцуултал “Баатар минь, улс орны хөгжилд холбоо чухал ач холбогдолтой, түүгээр дамжин хөгжил орж ирдэг гэж ярьдаг л юм билээ. Гэхдээ өнөөдөр ийм их мөнгө хаана байх билээ. Бид ард түмнийхээ талхны мөнгийг яаж шийдэх вэ” гэсэн хариулт өгөөд гаргасан гэнэ. Харин 1990 оны эхээр Улс төрийн товчоо бүрэн шинэчлэгдэж, Засгийн газар шинэчлэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайдаар Ш.Гунгаадорж, Төлөвлөгөөний комиссын даргаар Д.Бямбасүрэн нар томилогджээ. Энэ хүмүүст дээрх төслөө танилцуултал Д.Бямбасүрэн бүрэн дэмжиж, Ш.Гунгаадорж “Яг энэ хэлбэрээрээ явбал наадах чинь дэмжигдэхгүй, бүхний анхаарал, сонирхлыг татахын тулд жаахан ухаан зар” гэж зөвлөжээ. Ингээд Ардын хувьсгалын 70 жилийн ойн өмнө бүх сумдыг телевизтэй болгох тооцоог нэмж оруулаад, нийтдээ 13.5 сая ам.долларын төсөл болгоод оруултал гэрлийн хурдаар батлагдаж орхиж. Орон даяар телевиз үзнэ гэдэг нь холбоо харилцааг шинэчлэх гэдгээсээ илүү ойр сонсогдсон нь мэдээж гэнэ. Өөрөөр хэлбэл, телевизийн программаар хангах нэрийн дор харилцаа холбооны тоног төхөөрөмжөө шинэчлээд авах таатай сэдэл болсон нь лавтай.
МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ ХҮНД ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ
Ингээд Б.Баатар гуайтай улс орон даяар телевизтэй болгох ажлыг хэрхэн амжуулсан талаар нь хөөрөлдсөн юм. Түүний амьдрал бол тэр чигтээ холбоочны амьдрал. Тэр энэ салбарт өөрийн амьдралын 40 орчим жилийг зарцуулсан. Тэгэхээр Монголын харилцаа, холбооны түүхэн үйл явдал түүний амьдралын нэгээхэн хэсэгтэй салшгүй холбоотой байж таарч байгаа юм.
-Харилцаа, холбооны төхөөрөмжүүдээ шинэчлээд авах ажлыг ард иргэдийн телевиз үзэх хүсэлд дөрөөлөөд амжуулчихжээ. Тэгвэл телевизжүүлэх төслийг хэрэгжүүлсэн түүхээс хуваалцаач?
-1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын Сычан хотын сансрын төвөөс “Азиасат-1” холбооны хиймэл дагуулыг хөөргөсөн юм. Тэр үед манай яамны мэргэжилтнүүд тэр хиймэл дагуулыг ашиглан манай улсыг телевизжүүлэх боломжтой гэж үзсэн юм. Хиймэл дагуул төлөвлөсөн ёсоор хөөрч, бид тэр үйл ажиллагаанд нэг дамжуулагчийг нь ашиглахаар тохиролцоод ирлээ. Ингээд маргааш нь МАХН-ын онц их хурал дээр Монгол Улсын бүх сум суурин газрыг Ардын хувьсгалын 70 жилийн ойн баярын өмнө телевизтэй болгоно гээд зарлачихлаа. Сум бүрт тавих 306 ширхэг станцыг Хятадад захиалаад үйлдвэрлэчихсэн. Нөгөө талаас бидэнд бэлэн болсныг нь мэдэгдчихээд байдаг. Гэтэл түүнийгээ авах мөнгөгүй болоод гацчихдаг юм байна.
-Тэгээд яасан. 70 жилийн ойн баяраас өмнө амжуулсан уу. Хэдэн төгрөг хэрэгтэй байсан юм?
-1.2 сая ам.доллар л хэрэгтэй байсан юм. Зургадугаар сарын 25-ны өглөө Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай шадар сайд Ч.Пүрэвдорж бид хоёрыг өрөөндөө дуудаад “ Та нар тийм жаахан мөнгө олж чаддаггүй яасан өөдгүй цуснууд вэ. Би мөнгө олчихсон, одоо очиж олж ир” гэж билээ. Ингээд Солонгосын Дэвү корпорациас 1.2 сая ам.долларын тусламж авч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж байсан түүхтэй. Тэр үед мөнгөний чек авчихаад яаж шилжүүлэхээ мэддэггүй. Манайд банкны систем хөгжөөгүй байсан юм. Хятадын элчинд ажилладаг найзтайгаа холбогдоод тийшээ шууд шилжүүлж байлаа. Ингээд яамныхаа мэргэжилтэнтэй хамт ачааны хоёр онгоцоор станцуудыг авчирсан юм. Долдугаар сарын 4-ний өдөр байсан. 11-нд нь 70 жилийн ойн баяр болох гээд байдаг. Манай инженерүүд станцаа хүлээгээд бүх зүйлээ бэлдчихсэн байдаг. Авчирсан өдрөө л сумдуудад тараагаад байршуулсан даа. Ингээд баяраар дөрвөн газраас бусдад нь телевиз үзүүлж амласнаа биелүүлсэн юмдаг.

-90-ээд оны хүнд хэцүү үеийг холбоочид хэрхэн даван туулав аа. Бас түүхэн ажлуудыг амжуулсан байна?
-Үнэхээр хэцүү байсан. Мөнгө байхгүй. Дэлгүүрт юм байхгүй. Хүмүүсийн амьдрал дорой гундуу байлаа. Бид ажилчдынхаа цалинг буулгаагүй. Дээд цэгт нь өндөр өгч байсан. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайтар анхаарч байлаа. 240 хүүхдийн цэцэрлэг байгууллаа. Байр, орон сууцны асуудлыг нь шийдлээ. Тэр үед бид дардан замаар яваагүй. Гагцхүү тэр замыг зөв байлгахын төлөө хичээж байлаа. Тэр үед англи хэл мэддэг холбоочин байхгүй, тоон хэлийг мэддэг нь байхгүй. Төсөл бүр дээр боловсон хүчнээ бэлдсэн, гадаадад сургасан. Өнөөдрийн мундаг залуучууд тэр үеийн залгамж, халаа. Манай улс холбооныхоо хөгжлөөр Азидаа эхний гуравт орж байна. Мэдээллийн сүлжээ асар өргөн болоо. Харин тэр нь хүнд хэрэг болж байна уу гэдгийг анхаарах зайлшгүй хэрэгтэй. Одоо бид тэр чиглэлд илүүтэй анхаарах хэрэгтэй байгаа юм.
-Одоо үеийг өнгөрсөнтэй харьцуулан дүгнэвэл?
-Би харилцаа, холбоог хөгжүүлэх үйлсэд 40 жилийг зарцуулжээ. Харилцаа, холбоо хөгжлийнхөө дээд цэгт хүрчихсэн байна. Малчид бэлчээр дээрээ гадаадад байгаа хүүхэдтэйгээ шууд холбогдож байна. Үнэхээр мундаг хөгжсөн байна. Ярих юм алга. Хамгийн гол нь хүнд үр өгөөжөө өгдөг байх хэрэгтэй. Харилцаа холбоог буруу замаар ашиглавал асар хор уршигтай.