Б.ЭНХЗАЯА

Хүн амьдрахын эрхээр юуг ч хийж чаддаг гэдэг. Гэхдээ хулгай хийж, худ­лаа хэлж, бусдыг залилах биш. Зөв аргаар амьдарч болдгийг нэгэн бүсгүй хөдөө нутагт харуулж байна. Манай сурвалжлах баг Дархан-Уул аймагт ажиллах үеэр төмрөөр урладаг бүсгүйн талаар сонссон юм. Эмэгтэй хүний гарт ган төмөр хэрхэн “уйлдаг” нь сонин санагдаж, нөгөө талаар яагаад эмэг­тэй хүн зуух, яндан урлах болов гэсэн бодол төрөв. Хэнд ч ингэж бодогдох биз. Орон нутаг дахь сурвалжлагч ах, түүний гэр бүлийн хүний хамтаар гэрийг нь заал­галаа. Дархан сумын VII багийн гудам­жуудаар нэлээн явсны эцэст төмөрчин бүсгүйн гэрийг олсон юм. Хашааны хаалгаар оруут хуучны орос хөргөгчийн суурь төмрүүд энд тэндгүй хөглөрч харагдав. Тэдгээр төмрөөс зуух, яндан бүтдэг гэвэл итгэмээргүй санагд­лаа. Гэвч үнэн ажээ. Орос хөргөгчийн бие төмрөөр нь зуух, яндан урладаг хэмээн хамт явсан ах, эгч хэлэв. Хашааны баруун захад жижиг, том хоёр гэр барьжээ. Том гэр нь үүдний амбаартай юм. Хоёр гэрээс өөр бөртийх ч зүйлгүй зэлүүдхэн хашаа байх аж. Харин жижиг гэрээс инээмсэг­лэсэн эмэгтэй биднийг тосон гарч ирэв. Түүнийг Ч.Оюунхүү гэнэ. Хээ гоогүй, яриасаг бүсгүй юм. Бидэнд зам заагч ах эгч хоёрын хуучны танил бололтой нэг л дотноор мэнд усаа мэдэлцэн дотогш орлоо. Гэрт дөнгөж хөлд орсон жаахан охин, тэргэн­цэр­тэй хүү хоёр том гэрийн ах эгч нартай угтав. Тэд Ч.Оюунхүүгийн бага хоёр. Охин нь 10 сартай, хүү нь таван нас хүрч буй гэлээ. Хүү төрөөд 14 хоногтойд тархинд нь цус харваж, биеэ даахгүй болжээ. Толгойгоо арай ядан өндийлгөнө. Бид өдрийн 13.00 цагийн үед очсон болохоор гадна ид халуун болж байлаа. Гэвч Ч.Оюунхүү зуухаа хийхээр материалаа бэлдчихэж.

 

Ч.ОЮУНХҮҮ, АЛХ, ХАЙЧ  ГУРАВ

Дулааны улирал эхлэхээр зуух, яндангийн хамгийн их орлоготой үе. Ч.Оюунхүү Дарханыхаа төмрийн цэг дээрээс хүмүүсийн цэвэрхэн хэрэглэсэн хуучны орос хөргөгчүүдийг худалдаж авна. Төмрийн цэгийн худалдаачид иргэдээс кг-ыг нь 250 төгрөгөөр авсан хөргөгчөө Ч.Оюунхүүд 350 төгрөгөөр тооцож өгнө. Худалдаа юм хойно ашиг олохгүй гээд яахав. Нэг хөргөгч дунджаар 60 орчим кг жинтэй. 15-20 мянган төгрөгөөр худал­даж авсан төмөрчин бүс­гүй хөргөгчөө хашаандаа авчирч, зуухаа хийнэ. Нэг хөргөгчнөөс зуны зуух, яндангийн нэг углуурганы материал гардаг байна. Захиалга ирвэл нэг зуухаа 45 мянгаар үнэлнэ. Харин захын наймаачдад бөөнд­вөл 20-хон мянган төг­рөгөөр худалдаалдаг гэнэ. Түүнд туслах хүнгүй учир хөргөгчөө өөрөө л задална. Ажлынх нь талбар бол хашаа нь. Багаж гэвэл нэг алх, хайч, зөөлөн цохигч, үйлийн хайчны өрөөсөн хэсгээр хийсэн төмөр зүсэгч дөрөв. Түүнчлэн тулгуур болохуйц модны гурван тайрдас, хашааны нэг хэсэг болсон янданд хэв оруулагч төмөр хоолой байх. Ийм хэмжээний багажаар зуух, янданг нэг өдрийн дотор урладаг юм байна. Ган төмрийг гар доорхи материалаар уяраана гэдэг бол хэний ч санаанд багтамгүй. Бүр олон янзын таг, хаалга, углуургатай зуух хийж байгаа нь энэ. Тэрээр олон жил хийсэн болоод ч тэрүү төмрийг хэмжээ, татаас авахааргүй сурамгай хай­чилна. Зуухны их биеийг гаргасан төмрөө модны тайрдас дээрээ тавьж нүдэж эхэлнэ. Ингэж зуух­­ныхаа амсарыг имхэр­дэж, төмөр хоолойндоо зуухаа хийж, хэвд оруулна. Хамгийн сүүлд амсарыг нийлүүлж, нүдэх ажээ. Тэрээр зуухны амсар бол­гонд зоосны хэв оруулав.  Айлуудад баяжихын бэлгэдэл болгож урладаг юм байна.

Газар тариалан, жимс ногооны улирал эхэлсэн болохоор хээрийн зуухны захиалга түлхүү ирж эхэлжээ. Тиймээс зуны зуухаа үнсний татуургагүй хийдэг нь хөдөлмөр арай л хөнгөвчилнө. Зарим иргэд отрын зуухны захиалга өгчээ. Газар тариаланд хэрэглэх зуухтай ижил боловч хэмжээ нь жижиг юм. Өвлийн гэрийн зуухыг ч хийж байна. Ч.Оюун­хүүгийн зуухыг нутгийнх­наас нь гадна Булган, Эрдэнэтээс захиална. Монгол гэр байгаа цагт гал байна. Гал байсан цагт зуухын хэрэгцээ тасрах­гүй хэмээн хөдөлмөртөө бардам суух бүсгүйн гар ажиллагаа нь хүндрэлтэй нь харагд­лаа. Зориулал­тын нэг ч багаж­гүй хэрнээ эмэгтэй хүнд багтамгүй чадал бяраар төмөр цохихыг нь харахад мөн­гөтэй бол тусалчих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Мэргэжлийн багаж­тай, бизнесийн орчин бүрдүүлчих гээд хэрэндээ зүтгэсэн ч барьцаалах хөрөн­гөгүй учир зээллэгт хамрагдаж чаддаггүй байна.

 

Ч.Оюунхүү:

ЖААХАН Л ТУСЛАМЖ БАЙДАГ БОЛ...

-Та хэзээнээс зуух хийдэг болов. Эмэгтэй хүний хувьд халширмаар ажил юм байна?

-Манай нөхрийн эгч Улаанбаатар хотод зуух, яндан зардаг юм. Бид Орхон суманд ногоо тарьдаг байснаа 2000 оны эхээр хотод очиж зуух, яндан хийж эхэлсэн. Ингэж л хийж сурсан даа. Хүүхдийнхээ эмчилгээг таслахгүйн тулд хйиж бай­гаа ажил. Хүү маань сар бүр үнэтэй тариа тариул­даг, бас дээр нь үргэжийн фамперс хэрэглэдэг болохоор зарлага их.

-Хуучин хөргөгчний төмөр ашигладаг юм байна. Гөлмөн төмрөөр хийж болдоггүй юм уу?

-Гөлмөн төмөр үнэтэй шүү дээ. Олдож байгаа материал нь орос хөргөгч болохоор хийдэг. Тэгээд ч гөлмөн төмрөөс бат бэх, 7-8 жил хэрэглэж байгаа айлууд бий.

-Таныг зуух хийдэг эмэгтэй гэхээр нутгийнхан анддаггүй юм билээ. Эндэхийн уугуул уу?

-Орхон сумын харьяат. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ эмнэлэгт ойрхон байлгах гэсэндээ Дар­ханыг барааддаг юм. Хүү маань гэнэт татаад зүрх нь зогсчихдог.  Эмнэлэгт аваачиж аппаратад оруулж байж ухаан ордог.

-Өдөрт хэчнээн зуух, яндан гаргах боломжтой вэ. Материалын олдоц хангалттай юу?

-Материал нь байвал өдөрт нэг зуух, нэг яндан гаргачихна. Тоног төхөөрөмж нь бүх юм гар ажиллагаатай болохоор цаг алдана. Бас дээр нь хоёр хүүхдээ асарна.  Төм­рийг гараараа хайчлахын оронд хэрчигч машинаар татчихвал бас л цаг ахиад явчих нь ойлгомжтой. Ядаж хөгжлийн бэрх­шээл­тэй хүүхдийн эцэг эхтэй хамтарч хиймээр байдаг.  Ажилгүй залуучуудыг над дээр ирээд зуух хийх аргыг заалгадаг болоосой гэж боддог юм. Ядаж хөргөгч задлахад эрэгтэй хүн хэрэгтэй болдог.

-Хөгжлийн бэрхшээл­тэй хүүхдийн эцэг эхчүүд хийнэ гэж үү?

-Бэрхшээлтэй хүүх­дүүд ядахдаа цэцэрлэгт явах боломжгүй. Тийм болохоор эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр хийж чаддаггүй. Энэ зовлонг өөрийн биеэр мэдэрсэн болохоор бусад эцэг эхчүү­дэд туслах чин хүсэлтэй байдаг. Би зуух яндан хийдэггүй байсан бол яах вэ, гудамжинд л гарна гэсэн үг. Хэрэв надад аль нэгэн газраас туслалцаа өгдөг бол дор хаяж бэрх­шээлтэй гурван хүүхдийн аавыг ажилтай болгоно. Тэр гурав цаанаа дахиад л олон хүн тэжээнэ.

-Танд хамгийн түрүүнд  ямар багаж шаардлагатай байна?

-Хайч. Надад хамгийн хэрэгтэй багаж гэвэл энэ. Зориулалтын листэн хайч байдаг юм. Цахилгаанд залгаад л дарчихдаг. Ер нь тэгээд багажаа сайж­руулъя, зээл авъя гэхээр барьцаалах хөрөнгөгүй болохоор зээл олддоггүй юм билээ.

-Тэгвэл хэчнээн төг­рөгөөр босох боломжтой байна?

-Таван сая төгрөг бай­хад хөл дээрээ босчихмоор санагддаг. Эхний ээлжинд өөрийн гэсэн хашаатай болоод нэг хэсэг дээр ажлын байраа тохижуул­на, харин нэг талдаа элс асгаад хүүхдүүдээ тоглуу­лангаа ажлаа хийчихнэ. 2011 онд хүүгээ Солонгост эмч­лүүлэхээр явах үеэр олон ч гашуун явдал тохиолдсон юм. Нөхөр маань хэцүү нэртэд сууж, охиноо алд­сан. Гэр орноо ч барьцаанд алдаж галзуу юм шиг л нэг хэсэг байсан даа.

-Хэрэв зээл олдлоо гэхэд эргэн төлөх боломж­той юу?

-Асуудалгүй. Надад жаахан л дэмжлэг хэрэг­тэй байгаа юм. Багажаа авчихдаг бол хөл дээрээ дорхноо босчихно. Хүмүү­сийн итгэлийг алдахгүй, яаж амьдрахаа харуулна гэж боддог.

-Танай гэр бүлийн хүн юу хийдэг вэ. Гэр бүлдээ хэр тустай юм?

-Манай хүн Өмнө­говьд ажилладаг. Ард нь би гурван хүүхдээ харна, тэжээнэ. Уг нь дөрвөн хүүхэдтэй байсан юм. Том охин маань гурван жилийн өмнө харамсал­тайгаар өөд болчихсон. Удахгүй Эх үрсийн баяр болох гэж байгаа болохоор охиныхоо дурсгалд зориулж өнчин хүүхдүүдэд бэлэг өгөхөөр гутал аваад байгаа. /тор дүүрэн гутал үзүүлэв/.