Н.МӨНХЖИН

Тавдугаар сарын 22-нд Лондоны зүүн өмнөд дүүргийн цэргийн хуа­рангийн гадаа гэгээн ца­гаан өдрөөр хоёр этгээд хутга, балиусаар зэвсэг­лэн нэгэн цэргийн албан хаагчийн амийг нь хө­нөөжээ. Иргэдийн нүдэн дээр болсон энэ аллагын дараа балмад этгээдүүд тэрхүү цэргийн толгойг тасдах гэж оролдсон аж. Алуурчдын нэг нь аллага үйлдсэн шалтгаанаа тайл­бар­лан видео бичлэг хийл­гэсэн нь ITV телевизийн сайтад тавигдсан байна. Бичлэг дээр гартаа цус болсон хутга, балиус барь­сан хар арьст нөхөр “Бид хоёр энэ хүнийг алсан ганцхан шалтгаан бий. Лал шашинтнууд өдөр бүр алуулж байна. Аллахын нэрийг барьж тангараглая, та нар биднийг тайван орхихгүй бол бид хэзээ ч тэмцлээ зогсоохгүй. Тэд бидэнтэй яаж тэмцдэг, бид бас тэгж тэмцэх болно. Та, та нарын үр хүүхэд да­раагийнх нь  байх болно” хэмээн ярьжээ. Үүний дараа тэрээр аллагын гэрч болсон эмэгтэйчүүдийн төлөө уучлал гуйгаад “Гэвч манай эмэгтэйчүүд бас ийм зүйлийг харахаас өөр аргагүй болдог” хэмээн нэмж өгүүлэв. Эцэст нь мань залуу, энгийн хү­мүүсийг нулимаж байгаа Засгийн газрыг түлхэн унагахыг уриалаад ка­мераас холдон зам дээр хэвтэх цогцос руу явж байгаа нь харагдана.

Аллагын гэрч болсон нэг иргэн CNN-д ярихдаа “Хутгаар зэвсэглэсэн хар арьстай хоёр этгээд цэргийн албан хаагч руу дайрч олон удаа хутгалсан. Үүний дараа тэдний нэг нь эргэн тойронд цугласан хүмүүсийг зураг авч, бичлэг хийхийг гуйсан. Тэдний хүсэлтээр нэг хүн камер гаргаж бичлэг хийсэн” гэсэн байна. Эл аймшигт аллага Лондоны зүүн өмнөд хэсгийн Вулвич дүүрэгт болжээ. Хэргийн газар ирсэн цаг­даа нар гэмт хэрэгтнүүд­тэй буудалцаж шархдуу­лан баривчилсан байна. Эдү­гээ балмад этгээдүү­дийг Лондоны хоёр өөр эмнэ­лэгт цагдаагийн хам­гаа­лалтад байлгаж байна.

Аллагад өртсөн эр нь Лондоны төв хэсэгт алба хаадаг цэрэг байсан бөгөөд Вулвич дахь Хатан хааны их бууны анги руугаа буцаад явж байжээ. Гэгээн цагаан өдрөөр Аллахын нэр барьж айм­шигт аллага үйлдсэн хоёр этгээд нь Нигерийн иргэд байсан хэмээн бичиж байна. Францад айлчилж байсан Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон айлчлалаа зог­соон эх орондоо яаралтай буцаж иржээ. Тэрээр Лон­доны гудамжинд бол­сон аллагыг лалуудын тер­рорист ажиллагаа хэ­мээн нэрлэсэн юм.