М.ГАН
“Ерөнхий сайдын 30 минут” сэтгүүлчдийн асуултад хариулдаг уулзалт Төрийн ордонд өчигдөр боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд, багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан тухай онцлов. Төрийн өмчийн их, дээд сургуульд элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувийг, түүнээс дээш оноо авбал бүрэн чөлөөлнө.
Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд барилгын компаниудыг дэмжихэд 380 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Байшин үйлдвэрлэх комбинат төсөлд шаардагдах хөрөнгийн бондын хөрөнгөөс санхүүжүүлэх шийдвэр гаргалаа. Нийт хөрөнгийг гуравны нэг буюу 14 сая долларын санхүүжилтийг хийлээ. Энэ төслийн хүрээнд нэг ээлжинд 5000 айлын орон сууц угсарна, 2500 ажлын байр бий болно. Засгийн газрын иргэдээ сонсох “11 11” төвийг олон улсын шинжээчид үнэлж, эхний ээлжинд Малайзийн Засгийн газарт танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 21 аймагт ийм нээлттэй утас ажиллаж эхэлсэн. Үлэг гүрвэлийн олдвор маань эх орондоо ирлээ. Олон нийтэд хүүхдийн баяраар үзүүлнэ. Монгол улс 2016 онд тандалт судалгаа, холбооны хиймэл дагуул хөөргөнө. Боловсон хүчнээ бэлтгэж байгаа. Энэ хүрээнд оюутнуудын дунд КАНСАТ тэмцээн болж, пуужин хөөргөлөө. Увс аймагт бензин 80 төгрөгөөр хямдарлаа. Ховд аймгийн удирдлагууд нутгийнхаа иргэдэд Хөшөөтийн уурхайн нүүрсийг хоёр дахин хямдруулж өгч байна гэх мэт өнгөрсөн долоо хоногт болсон зарим үйл явдлын талаар товч мэдээллээ. Ингээд сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд ингэж хариулав.
-Тантай холбоотой 17 тэрбумын тендерийн тухай мэдээлэл бий. Энэ хэрэг юу болсон бэ. Цуцалчихсан уу, тендерийн ажил үргэлжилж байгаа юу?
-Тендерт орох зав надад алга. Ашиг сонирхлоор ч болохгүй. Тэрний араас хөөцөлдөх зав үнэндээ байдаггүй. Татварын нэг нөхөр 17 тэрбумыг идэж уулаа гэсний эсрэг энэ асуудлыг гаргаж тавьсан. Угаасаа би авлига авдаг хүн биш.
-Таныг АТГ-т шалгуулж байгаа гэсэн үнэн үү?
-Үгүй. Баримттай л ярина шүү. Зарим хэвлэлд мэдээлсэн гэсэн. Мэдээлэх яах вэ, нэг цаас олоод гаргачих л даа. Баримтгүй сураг ажигаар бичиж, нийтлэхээ болих хэрэгтэй. Намайг авлигын хэрэгт холбох гээд байгаа хүмүүс өөрсдөө холбогдож магадгүй шүү.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хохирогчид жагссаар байна. Тэдний асуудлыг яаж зохицуулах вэ?
-100 мянган айлын орон сууц, зургаан хувийн зээл гэсэн шоу болоод өнгөрсөн. Олон хүн хохирсон. Одоо хохирохгүй найман хувийн хүүтэй зээлд ороочээ.
-Тавантолгойн нүүрсийг алдагдалгүй худалдахаар болсон гэсэн. Хэдэн доллараар зарж байгаа вэ?
-“Чалко”-гоос авсан зээлийн үлдэгдэл 186 сая ам.доллар бий. Түүнийг дарахын тулд таван сар нүүрс өгнө. Дараа нь ашиг ярина.
-Таван сарын хугацаанд хэдэн тонн нүүр гаргах юм бэ?
-3,5 сая тонн. Зовлонтой юм. Өмнө нь аваад хэрэглэчихсэн мөнгийг одоо нүүрсээрээ төлж байна шүү дээ.
-Бондын мөнгийг олон төсөл хөтөлбөрт зарцуулахаар болсон. Одоо бондоос хэдэн төгрөг үлдсэн бэ?
-400 сая ам.доллар байгаа.