Д.ГАЛ

Өдгөө хүүхдийн эр­хийг хамгаалах өдөр дөхөж хүүхдийн эрхийг хамгаал­даг төрийн болоод төрийн бус мянга орчим бай­гууллага ичээ­нээсээ гарч эхэллээ. Аргагүй ээ, хахир өвлийн хүйтэн ард хоцорч, амралт зугаалга, алиа наадмын улирал өмнө маань ирсэн учир эдгээр байгууллага хүүхэд нэ­рийн дор салхи саварт гарч, хоосон биеийнхээ шар усыг та­раа­хаар зэхэж буй нь энэ юм. Гэтэл өнгөрсөн зэ­вэргэн хаврын гурван сард л гэхэд бид ангаахай, дэг­дээхэйгээр нь дууддаг бяцхан үрсийнхээ талаар юу хийв. Дорноговьд нэг араатан бяцхан охиныг гэрийнх нь унинаас дүү­жил­лээ. Улаанбаатарт нэг араатан бяцхан хүүгээ заазуурдав. Баянхошуунд нэг араатан бяцхан охиныг хүчиндсэн бол Баянзүрхэд нэг араатан бяцхан хүүхдийг хоёр хө­лөөс нь дүүгүүрдэн хананд савжээ.

Уучлаарай эрхмүүд ээ, энэ бол зөвхөн нийтийн чихэнд хүрч, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ой гутаж, сонссон хүний зүрх зогсмоор хэргүүдийн нэг хэсэг нь. Бас хүүхэд хамгаалдаг төрийн болоод төрийн бус хөдөө га­даагийн мянга орчим бай­гуул­лагын үнэн нүүр царай, арчаагүй, анхиа­гүй, амиа хоохойлон сууд­гийн гэрч. Хүүхдийн нэрээр гадаад дотоодын төсөл болоод төсвийн мөн­гөөр амьд­рагч­дын хийдэг “ажлын” эцсийн үр дүн. Хүүхдийн төлөө гэх нэ­рийн дор тэдний нэрээр гул барьж, хөлжигч, мөл­жигчдийн амьдрах арга зам, амь зуух хэрэгсэл нь энэ гэдгийг гэрчилсэн баримт.

Ер нь бид дээр доргүй хүүхдийг хайрлаж хам­гаална гэж донгосох хэр­нээ тэднийгээ ичгүүр сон­жуургүйгээр шулж амьд­рагсад гэдгийг яруу тодоор харуулсан үнэлгээ. Мөн үүнийг батлах, бас бид бүгдийн нүдэн дээр байдаг нэг жишээ хэлье. Ний­тийн тээврийн хэ­рэгс­лээр ахмадууд, цаг­даа, архи­чин, хулгайч нар, агсам согтуу тавигчид, гудамж­ны хэрмэл тэнэ­мэлүүд, хуурамч үнэмлэх­тэнгүүд үнэгүй зорчино. Чөлөөтэй. Дээр нь эцэг, эхээсээ байн­га “татвар” аваастай, засаг төрөөсөө 70 мянган төгрөгийн тэт­гэлэг авдаг, түүгээрээ баар, зоогийн газраар хэ­сэх ажилтай булчин шөр­мөс нь зан­гирсан, ажил хөдөлмөр эрхлэх эрх нь хуулиар нээлттэй олон зуун мянган оюутан үнэ­гүй явдаг дар­хан эрхтэй. Мэдээж дарга нар, амьд­ралын боломж­той иргэд хувийн ма­шинаараа алба амьдралаа залгуулна.

Тэ­гээд автобус трол­лей­бу­саар хэн мөнгө төлж зорч­дог гэж бодно. Хүүхдүүд. Дунд сургуу­лийн сурагчид. Насанд хүрээгүй учраас хөдөлмөр эрхэлж, орлого олохыг нь хуулиар хориг­лосон жаа­лууд. Тэднээс 200 төгрөг авдаг. Тиймээс хүүхэд бидний ирээдүй, хүүхдийн төлөө бүхнийг энэ тэр гэж “хуцацгаадаг” хэрнээ хор­воод хосгүй ийм шийдвэр гаргасан төр, засгийн тэ­нэг балмад түш­мэдүү­дээрээ “бахархая”.

Дэл­хийд архичин дарс­чин, согтуу танхайчууд, насанд хүрсэн охид залуус нь нийтийн тээврээр үнэ­гүй зорчоод алдрай жаа­лууд нь үнэ төлдөг гайхам­шигтай журам бүхий хэ­дэн орон аль тивд байна вэ. Асууя. Олоод өгөөч. Монгол Улс энэ талаараа ганц ч бол­тугай ханьтай болъё л доо. Одоохондоо зөвхөн Мон­голд л ний­тийн тээврээр насанд хү­рээгүй хүүхэд 200 төгрө­гөөр зорчин, хэр­вээ мөнгөө төлөхгүй бол хувийн ком­панийн авто­бус­ны булиа булиа кон­дукторууд хөөр­хий жаа­луудыг шилэн хү­зүүн дээ­рээс нь элээ шиг шүүрээд л автобусныхаа хаалгаар гаргаад чулууд­чи­хаж бай­на. Яг гудам­жинд шүлсээ хаяж байгаа юм шиг. Гэтэл оюутнууд, архичин тэнэ­мэлүүд, бал­ма­дууд, өндөр настнууд, хүчний зарим байгуул­лага, хөгжлийн бэрхшээл­тэй иргэд, эдгээ­рийн нэ­рийн дор хуурамч үнэмлэх авагсад бүгд үнэ­гүй зор­чино. Энэ шу­дарга явдал уу? Энэ хүүхдээ хайрлан хамгаалж байгаа хэрэг үү? Ингэхэд төр, засгийн маань тэргүү­нүүд, шийд­вэр гаргах төвш­ний ноёд түшмэдүүд эдүгээ авто­бус­ны хаал­гаар орж үзэлгүй хувийн унаагаа­раа дохио ханги­нуу­лан зорчих болсоор даруй 20 гаруй жилийг үзэж буйгаа сайрхан ярина. Харин сар­даа 21 мянган төгрөг авдаг нэр­тэй алдрай бяц­хан үрс, түүнийгээ авто­бусанд өгөх үү, мөхөөлдөс авах уу хэмээн шийдэж ядан бүлтэлзэнэ.

Удахгүй хүүхдийн эр­хийг хамгаалах өдөр болж тэднийг хамгаалдаг тө­рийн болоод төрийн бус байгууллагын тарган тар­ган дарга нар, төр засгийн түшмэдүүд зурагтын дэл­гэцийг булаалдан хүүх­дийн эрхийг хамгаалах, хамгаалж буй талаараа нүдэндээ нулимс цийлэг­нүүлэн уран сайхан дон­годох болно. Харж л байгаарай. Жилийн жилд ингэж ирсэн, энэ жил тэгэх л биз. Харин миний хувьд энэ хүмүүсийн уран үг яасан барагддаггүй юм бэ гэдэгт гайхдаг. Зарим­даа ч энэ жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр юу гэж туух бол гэхээс яс хавтайх юм. Бид хүүх­дүүдээ жилдээ нэг өдөр бус уг нь 365 хоног баярлуулж, эрхийг нь хамгаалж байх юмсан даа, уран үгт эрхмүүд ээ.

Автобусаар хүүхэд 200 төгрөг, оюутан үнэгүй, ар­хи­чид чөлөөтэй зорчино. Автобусны үйлчилгээ эр­хэл­дэг компанийн захир­лууд хүүхдээс авдаг мөн­гөө 500 болгохгүй бол дам­пуурах гээд буй тухайгаа уйлагнан гоншигноно. Ма­­найхан хүүхдээ хам­гаалж, эрхийг нь дээдэлж байгаа өнөөдрийн дүр төр­хийн нэгээхэн хэсэг нь энэ.