Д.ГЭРЭЛ
УИХ-ын чуулган өчигдөр үдээс өмнө хэлэлцэх бүх асуудлаа амжуулаад үдээс хойш нь хуралдсангүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн учраас түүнд түшээдийг хүч өгч ажиллах ёстой гэж УИХ-ын дарга үзжээ. Өнөөдөр чуулган хуралдах нь ч тодорхойгүй байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад чуулганы хуралдаан түр завсарлах чиглэл өгсөн бөгөөд энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр шийдвэрлэхээр зэхжээ. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар шаардлагатай тохиолдолд УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, чуулганы хуралдааныг түр завсарлуулах заалттай юм байна. Үүний дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдааныг хэзээнээс завсарлуулах талаар хэлэлцэнэ. Харин өчигдрийн хурлаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Инфляцийн төвшинг зургаан хувьд барихад мөнгөний бодлогын ямар арга хэрэгслийг хэрэглэх, “Чингис” бондын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг яаж зохицуулах гэж байгаа, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа, эдийн засгийн өсөлтөөс бий болох орлогын хуваарилалт ямар байх зэрэг мэдээллийг түшээдэд өгсөн. Үүнтэй холбогдуулан гишүүн Ц.Нямдорж хуулиудад их өөрчлөлт оруулж байгаа нь тогтсон хэв маяг, хуулиудыг тогтвортой мөрдөх зарчмыг алдагдуулж байгааг анхаараач гэсэн ч бусад нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Үүний дараа Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгийг Монгол судлалын номын сан, мэдээллийн нэгдсэн сан байгуулж баяжуулах, монгол судлаач бэлтгэх, давтан сургах зорилгоор тэтгэлэг олгох тухай ярилцсан. Мөн “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаралгүй гишүүдийн олонх нь дэмжин батлав.