Д.БОЛОРМАА
Гэмт хэргийн тухай хууль хэмээн нэрлэн, өөрчилж байгаа Эрүүгийн хуулийн төслийг боловсруулж дуусах шатандаа оржээ. Хуульд ямар өөрчлөлт, шинэчлэл орж байгааг төслийг гардан хариуцаж буй Хууль зүйн яамны хэлтсийн дарга Г.Оюунболдтой ярилцлаа.
-Эрүүгийн хуулийг өөрчлөх ямар шалтгаан байв гэдгээс яриагаа эхэлье?
-Өмнө нь баталж байсан хуулиуд нь социалист нийгмийн эрх ашгийг хамгаалахын тулд байлаа. Тухайлбал, социалист нийгмийг байгуулах, нэгдлийн өмчийг хамгаалах, хамтын аж төрөх ёсыг сахиулахын төлөө байв. Энд хүний зорилгоос илүү нийгмийн зорилго илүү үнэ цэнэтэй байсан гэж үзэж болно. Хүн төвтэй ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалах бодлогыг 2002 оны баталсан Эрүүгийн хуулиар хуульд тусгана гэсэн боловч социалист нийгмийн харилцааны онцлогийг тусгасан хэвээр байсан. Ардчилсан нийгмийн харилцаанд Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг Эрүүгийн хуулиар хамгаалж чадаагүй юм. Ардчилсан нийгэмд хулгай, дээрэм, булаалт зэрэг нийтлэг гардаг хэргээс гадна хамгаалах ёстой олон харилцаа байдаг. Энэ нь хүний халдашгүй байдлыг энэ тэргүүнд авч үзэж, даатгал, нийгмийн халамж, татвар төлөгчиийг хууль бус үйлдлээс хамгаалах, мөнгө угаах, хүнийг хууль бусаар мөрдөж мөшгих зэрэгт хариуцлага тооцож, иргэнийг зүй бус халдлагаас хамгаалдаг байх учиртай. Нэг үгээр хэлбэл, иргэнээ хамгаалахад чиглэсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон хариуцлага тооцох чадвартай, уян хатан ялын бодлоготой хууль байх ёстой. Үндсэн хуулиараа хүний эрхийг дээдлэхээ тунхагласан. Тэгвэл тунхагласан эрх чөлөөг хамгаалах гол материаллаг хэм хэмжээ буюу Гэмт хэргийн тухай хуулийн шаардлага илэрхий байна. Хэдийгээр бусдын эрх чөлөө, өмч хөрөнгөнд халдагсдыг шийтгэж байна гээд шоронгоор дүүрэн хоригдолтой атлаа иргэнээ энэ хуулиар хамгаалж чадахгүй л байна шүү дээ. Хүний гэрт зөвшөөрөлгүй нэвтрэн орж халдах, эсвэл мөрдөж мөшгөх, утсан харилцааг нь чагнах, гэрт нь орж гэрэл зураг авч, дуу бичлэг хийх зэрэг хувь хүний халдашгүй орон зайд халдахад нь хамгаалж чадахгүй байна. Ардчилсан нийгэмд Эрүүгийн гэж бидний ярьж заншсан хууль нь нийтлэг хэрэгт хариуцлага тооцохоос гадна хувь хүнийх нь эрх чөлөө, халдашгүй байдлыг давхар хамгаалах бодлогыг агуулах ёстой.
-Үүнийг нь тодруулвал чухам ямар ямар шаардлага байна вэ?
-Товчхондоо, хууль гаргах гол шаардлага нь Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал гэсэн үг. Одоохондоо ялын бодлого хатуу хязгаарын хүрээнд байгаа нь үнэн. Гэхдээ ялтнуудын тоо нэмэгдэж байгаа шалтгааныг нь харахаар гэмт хэргийн гаралттай шууд холбоотой байдаг. Түүнээс биш Эрүүгийн хууль сайн, муудаа хорих ял өсөөд байгаа юм биш. Харин хорих ялыг шүүхээс ногдуулахдаа биечлэн эдлүүлэх нь ихэсч, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх нь багасаад байгаа юм. Өөрөөр хэлбэл хорих ялаас өөр төрлийн ял сонгон ногдуулах боломж хомс, хуульд заасан хатуу хязгаарын хүрээнд буюу зайлшгүй гэм бурууд тохирсон байж чадахгүй байгаад л гол бэрхшээл нь байна. Тухайлбал, Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг шинэ хуулийн төсөлд оруулж байна. Үүнд хүнийг мөрдөж мөшгөх, хувийн орон зайд нь халдаж бичлэг үйлдэж, гэрэл зураг авсан бол гэмт хэрэгт тооцно.
-Онц хүнд болоод хүнд гэмт хэргийн тохиолдолд хорихоос өөр төрлийн ял ногдуулах боломжгүй биз дээ?
-Гэмт хэргийг онц хүнд, хүнд, хөнгөн гээд л ангилахаар оногдуулах ялын хувьд шууд үр дагавар үүсдэг. Одоогийн мөрдөж байгаа хуулиар гэмт хэргийг онц хүнд, хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж хайрцаглаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааралтай хохирлын шинжээр тооцож ял ногдуулж байгаа. Харин шинэ хуулийн төсөлд гэмт хэргийг ингэж ангилахгүй. Шүүгч нь аюултай гэж үзсэн хэрэгтээ хамгийн өндөр, аюул багатай гэж үзсэн үйлдэлд нь хуульд заасан хамгийн бага ял ногдуулах тэр боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл, дээш доош гэмт хэргийн шинж, гэм бурууд тохирсон ял оногдуулах боломжийг шүүгчид нь үлдээнэ. Энэ нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалж, шүүх шударга ёсыг тогтоох үйл явцыг нэр төртэй гүйцэтгэх боломж олгож байна гэж үзэж болно. Иргэнийхээ эрх чөлөөг хамгаалахын тулд хатуу хайрцагласан ялаар шийтгэхгүй гэсэн үг юм. Жишээлбэл, хулгайн хэрэг үйлдсэн этгээдэд 1-8 жилийн хорих ял ногдуулахаар зааж байна. Энэ тохиолдолд бага хохирол учруулсан этгээд нэг жил, их хохирол учруулбал 10 жил авна. Нөгөө талаас хууль төрөх гол шалтгаан нь иргэний хувийн эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн гэж хэлсэн. Энэ утгаараа зарим хэрэг биш мэт үйлдэлд хариуцлага тооцуулахаар хуулийн төсөлдөө тусгаж байна. Тухайлбал, өнөө цагт хүүхдийн эсрэг зарим хэрэгт хариуцлага оногдуулах боломжгүй байна. Наад зах нь л гэхэд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар хүүхдийг зодож шийтгэх, насанд хүрэгчдийн педофил шинжтэй үйлдлийг гэмт хэрэг үзэхэд хуулийн заалт ойлгомжгүй томъёолсон байх жишээтэй.
-Педофил гэж юу билээ?
-Хүүхдийг янз бүрийн садар самууны шинжтэй үйлд уруу татаж, дур хүслээ хангадаг үйлдлийн тухай юм.
-Тийм тохиолдол манай улсад байдаг гэж үү?
-Байгаа учраас хуульдаа тусгайлан оруулахгүй бол болохгүй байгаа юм. Одоогийн үйлчилж байгаа хуулиар хариуцлага тооцож чадахгүй байна. Зөвхөн садар самуунд уруу татсан гэж захиргааны зөрчил гэж торгох эсвэл хүчиндэхийг завдсан гээд эрүүгийн хэргээр яллаж байна. Энэ нь тухайн этгээд гэмт хэрэгтээ тохирсон хариуцлага хүлээж чадахгүй байгаа юм. Гэхдээ биднийг бүх үйлдлийг гэмт хэрэгт тооцож байна гэж ойлгож болохгүй. Хэн хүн төр, нийггэмд буруу зүйл үйлдсэн байна, түүндээ тохирсон шийтгэл амсдаг байх ёстой.
-Эрүүгийн хэргийн зарим зүйл заалтыг хөнгөллөө гэхэд шоронд орох залуусын тоо нэмэгдэх талтай биш үү. Ял багатай юм чинь гэсэн сэдлээр хандах вий?
-Ямар ч хүн Эрүүгийн хууль уншиж байгаад гэмт хэрэг үйлддэггүй. Монголд гарч байгаа 25 мянган орчим гэмт хэргийн 90 хувь нь тухайн тохиолдлоос үүдсэн байдаг. Үлдсэн 10 хувь нь зохион байгуулалттайгаар үйлдсэн байдаг онцлогтой. Энэ тохиолдолд хуулийн шинэтгэлийн хүрээнд шинээр байгуулагдах Мөрдөх алба нь тэмцэж таарна. Өөр нэг зүйл гэвэл энэ төсөлд таван жил хүртэлх хорих ял ногдуулж болох гэмт хэргүүдээ эрэмбэлээд заавал хорих ял ногдуулахгүйгээр тэнсэж эсвэл хянан харгалзаж болохоор тусгаж байна. Харин таваас дээш жилийн хорих ялтай хэргүүдийг тэнсэхгүй, хянан харгалзахгүй. Гэхдээ хохирлоо төлсөн, хохирогч нь гомдолгүй бол хөнгөрүүлж үзэх боломжтойгоор зохицуулна.
Ер нь хүний эсрэг чиглэсэн олон зуун муу үйлдэл байдаг. Аль улс орон үүний нь 200-300 үйлдлийг хор аюултай гэж Эрүүгийн хуульдаа тусган оруулдаг юм. Гэхдээ тэр үйлдлүүдийг эрэмбэлэхдээ хохирлоор нь ангилах нь учир дутагдалтай. Энэ нь аймар, энэ нь гайгүй гээд хохирлын хэмжээгээр ангилчихаар шударга ёс гээч юм алдагддаг. Тухайлбал, 99 төгрөг хулгайлсан нь зөрчил, 100 төгрөг нь хулгайлсан нь хүнд гэмт хэрэг гэж тооцож ял шийтгэж болохгүй. Өөрөөр хэлбэл, 900 мянга хулгайлсан нь бага ял, нэг сая төгрөг хулгайлсан нь хүнд ял авна гэж тогтоох нь маш буруу. 900 мянга, нэг сая төгрөг хулгайлсан нөхдийн хувьд чанарын ялгаа байхгүй, хулгайлах сэдлээр үйлддэг. Тэгээд ч хүний халааснаас 1000 төгрөг авъя гэж хулгай хийдэг хүн байхгүй.
-Эрүүгийн хуульд хохирлын хэмжээ гэсэн ойлголт байхгүй гэсэн үг үү?
-Хохирлын хэмжээ гэсэн хөдөлмөрийн харилцааны ойлголтыг Эрүүгийн хуулиас хасна. Цалингийн доод хэмжээнээс хулгайлсан бол гэмт хэрэг үүсгэнэ гэж байх ёсгүй. Өөрөөр хэлбэл, хуучин 140 мянгаас дээш, доош гэж гэмт хэрэг гэж үздэг байсан шиг ердөө ангилахгүй. Хохирлын хэмжээг гэмт хэргийг ангилахдаа биш харин ял оногдуулахдаа харгалзаж үздэг байх хэрэгтэй. 2002 оноос хойш өдийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12 удаа өөрчлөгдсөн байна шүү дээ. Энэ болгонд гэмт хэргийн бүрэлдхүүн, оногдуулах ялын бодлого савлаж байдаг.
-Тэгэхээр нэг нөхөр бусдын халааснаас хэдэн төгрөг авснаас үл хамааран шийтгүүлэх хэрэг үү?
-Хулгай бол хулгай. 100 төгрөг авсан ч хулгай, 100 сая төгрөг авсан ч хулгай юм. Хулгайн хэрэг үйлдсэн бол 1-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Бага мөнгө авсан нь бага, их авсан нь 10 жилийн хүрээнд хохирлыг харгалзаж ял оногдуулна гэсэн үг. Наад зах нь гэхэд хүний өмчийн эсрэг гэмт хэрэгт торгох ял оногдуулахгүй. Торговол нөгөө нөхөд чинь торгуулиа төлөхийн тулд дахиад хулгай хийнэ.
-Эрүүгийн хууль дахь зарим зөрчил байж болох хувилбаруудыг та бүхэн Зөрчлийн тухай хууль болгон тусгайлан гаргаж байгаа гэсэн үү?
-Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 520 орчим хууль байхад түүний 260-д нь зөрчил байдаг. Усны тухай хууль тогтоомж зөрчвөл зөрчил, усанд нь аюултай зүйл хийж, ундарга бохирдуулвал гэмт хэрэг болно. Тэр үйлдлээ ялгах ёстой. Одоогийн Эрүүгийн хуульд 48 зөрчил байна. Тодруулбал, Байгаль орчин, Ургамлын, Газрын тухай хууль зөрчсөн бол гэмт хэрэг гэж нэрлэн заажсан байх жишээтэй. Тэгвэл ийм байдлаар өөр хуулиас иш татаад гэмт хэрэг гэж заасан нь өөрөө учир дутагдалтай. Өөр хуулиас иш татаж болохгүй. Энэ нь аливаа хуулийг төсөөтэй хэрэглээд гэмт хэрэгт тооцож байна гэсэн үг. Энэ утгаараа Эрүүгийн болоод 260 хуульд байгаа бүх зөрчлийг түүгээд Зөрчлийн хууль болгож байна. Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хууль хоёр нь нэгнээ нөхөөд ах, дүүс шиг явна гэж энгийнээр ойлгож болно.
-Зөрчлийн хууль хэдэн зүйл, заалттай юм?
-Зөрчлийн хуульд 500-600 орчим зүйл байна. 260 хуулийн бүх зөрчлийг түүнэ гэхээр маш их хүндрэлтэй, бишгүй их зүйл, заалт гарч байна. Наад зах нь гэхэд Тамхины эсрэг хууль, Жендэрийн хуулиас эхлээд бүх зөрчлийг нь түүнэ. Энэ Зөрчлийн тухай хууль гарахаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт орж таарах байх. Цаашдаа зөрчлийг зөвхөн Зөрчлийн тухай хуульд бичнэ гэсэн үг.
-Зөрчлийн хуулийн шийтгэл нь торгууль уу?
-Торгууль. Гэхдээ зөрчил гаргагчид нөлөөлөх арга хэмжээ гэж бий. Энэ нь сургалтад хамруулах, албадан ажил хийлгэх гэхчилэн. Харин хүнийг хорьж саатуулах тухай энэ хуульд байхгүй. Тухайлбал, сэтгүүлчийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн бол Зөрчлийн хуулиар шийтгэнэ. Харин сэтгүүлч бусдын тухай но-той мэдээ олмогцоо тухайн этгээдийг шантаажилбал энэ нь эрүүгийн хариуцлага байна. Сэтгүүлчийн тухайд шинэ хуулийн төсөлд бичсэн нийтлэлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэхгүй байхаар зааж байна. Иргэний журмаар шүүхэд гэм хор нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалтаар шийдэх бүрэн боломжтой.
-Хорих ял ногдуулахаар хянан харгалзах тухай та ярилаа. Үүнийгээ тодруулаач?
-Хувийн байдал нь боломжийн, гэм хороо ухамсарласан этгээдэд заавал хорих ял ногдуулахгүйгээр хянан харгалзаж болно. Хянан харгалзах дотроо гурван төрөлтэй. Тэнсэж хянан харгалзах, хүмүүжлийн чанартай арга хэмжээ, эмнэлгийн чанартай арга хэмжээ гэж гурван төрөл бий. Энэ нь бусдыг хохиролгүй болгосон тохиолдолд үйлчилнэ.
-Хэн хянан харгалзах юм?
-Эрүүгийн шинэ хуулийг дагаад Шийдвэр гүйцэтгэхийн тухай шинэ хууль гарна. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлдэг инситут Монголд байдаггүй. Тиймээс ийм газар байгуулан хянан харгалзах эрх, үүргийг нь олгоно. Хянан харгалзахад электрон гав ашиглах, зорчих эрхийг нь хасах гэхчилэн олон төрөл бий.
-Давтан гэмт хэрэг гэж үгүй болсон гэсэн. Тодруулаач?
-Тодорхой төрлийн аюултай гэмт хэргүүдэд бол давтан хэргээр ял ногдуулах боломж нь бий. Тухайлбал, хүн амь, хүний наймаа, хар тамхи зэрэг хамаарна. Харин бусад хэрэгт бол хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, нэг хэрэгт хоёр удаа ял шийтгэхгүй байх тухай зарчим бий. Энэ утгаараа 10 удаа хулгай хийсэн бол 10 хэрэг тус бүрт нь шийтгэнэ. Одоогийн үйлчилж байгаа хуулиар бол нөгөө нөхөр баригдахгүйгээр 10 удаа хулгай хийсэн бол хамгийн их хохиролд нь багтаан нэгтгэж шийтгэдэг байлаа. Харин шинэ хуулиар бол 10 сая төгрөг хулгайлсан ч, 100 сая төгрөг хулгайлсан ч тусад нь ял өгнө.
-Цаазын ял энэ тухайд яаж өөрчлөгдөж байна?
-Манай улс Олон улсын улс төрийн ба иргэний эрхийн нэмэлт протоколд нэгдэж орсон. Нэгдэж орохдоо цаазаар авах ялыг халах үүрэг хүлээсэн. Өөр олон ч олон улсын гэрээ, конвенцоор энэ үүргийг хүлээсэн байдаг. Дээрээс нь Ерөнхийлөгч өөрийн эрхийн хэмжээнд цаазын ялаас татгалзаж, энэ төрлийн ялтай хүмүүст уучлал үзүүлж байгаа энэ үед цаазын ялыг бүх насаар нь өөрчилнө. Ардчилсан нийгэмд үнэт зүйл, ёс суртахуун гэж байх ёстой учраас халах нь гарцаагүй юм.
-Хууль боловсруулагч та бүхэн үнэхээр халах хэрэг үү?
-Хална. Эрүүгийн хуульд бүх насаар нь хорих, хугацаагүй хорих гэсэн хоёр янз бий. Бидний хувьд бүх насаар нь хорих ял гэсэн шийдлийг сонгож байгаа.
-Бүх насаараа гэхээр үхэн үхтлээ хоригдох уу?
-20 жил болоод сонсголд орсон бол харгалзах зүйл байлгүй яах вэ. Ер нь ялын хэмжээ долоо хоногоос 20 жил хүртэлх хугацаа байна. Баривчлах ял гэж байхгүй.
-Хууль хэзээ батлагдах бол?
-Одоо төслөө боловсруулж дуусаад хуулийн байгууллагуудаас санал авахаар явуулж байна. Хуулийн байгууллагын саналаас гадна иргэдийн саналыг нь гэсэн сонсоно. Хэзээ батлагдах нь хууль тогтоогчдоос шууд хамааралтай
-Батлагдлаа гэхэд одоо хорих ял эдэлж байгаа хүмүүс тэгшитгэлд орох уу?
-Энэ хуулийг ял эдэлж байгаа хүмүүст зориулж хийгээгүй. Тэгшитгэл гэж байхгүй. Зөвхөн батлагдсны дараа Дагаж мөрдөх журмын тухай хууль гарна. Тэр хуулиар одоо ял эдэлж байгаа хүмүүсийг яах вэ гэдгийг тооцно. Нуулгүй хэлэхэд, тэгшитгэлийн талаар ярихаар шоронд асар их хүлээлт үүсдэг. Хорих ангид муухан хуульчаас дээгүүр хоригдол сууж байгаа шүү дээ. Тэд “Миний хэрэг тэгшитгэлд хамаарах нь” гээд ойр орчиндоо төвөгтэй байдал бий болгох талтай. Хамаарахгүй хэсэг нь болохоороо сөрөг үзэгдэл гаргах гэхчилэн асуудал олон байгаа учраас энэ талаар одоо ярихад эрт байна.
-Эрүүгийн хуулийн нэрийг өөрчлөх ямар шалтгаан байгаа юм бэ?
-Нэршлийн тухайд олон нийтээс саналыг нь авна. Хэрэв тэд хүсэхгүй байвал хуучин нэрээр нь нэрлэж таарах байх. Ер нь хууль зүйн шинжлэх ухааны талаас нь авч үзвэл Гэмт хэргийн тухай гэж нэрлэх нь хамгийн оновчтой шийдэл юм.