Н.МӨНХЖИН

Бүх цаг үеийн шилдэг шатарчин байж болох Гарри Каспаров өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дэглэмийг эсэргүүцэгчдээс олон улсад хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн нүүр царай болжээ. Тиймээс ч тэрээр Оросын Ерөнхийлөгчийн өрсөлдөгч нараас хамгийн бага “хэлмэгдсэн” улстөрчөөр нэрлэгддэг. Бусад нь шоронд орж, эсвэл улс орноо орхин гарахаас аргагүй болсон билээ. Орос улс дарангуйлал руу яаран орж буйг Каспаров сануулж байна. Каспаров хүний эрхийн асуудлыг голчлон хөнддөг. Тэрээр “El Pais”-т өгсөн ярилцлагадаа, Путиний Орост болон дэлхий нийтэд учруулж буй аюулыг дахин анхааруулжээ.

-Путин дахин Ерөнхий­лөг­чөөр сонгогдон ажил­лаад юу өөрчлөгдөв өө?

-Орос улс нэг намын дарангуйллаас нэг хүний дарангуйлал руу шилжээд дуусч байна. Энэ бол муу ч, нөгөө талаараа сайн мэдээ. Учир нь эрх баригч дэглэм уян хатан бус болж, маневр хийх чадвар нь багасч эцсийн шатандаа орж байна гэсэн үг. Энэ нь удаан үргэлжлэхгүй гэж бодож байна. Ирэх хоёроос гурван жилд Оросын нийгэмд тэсрэлт болно, гэхдээ улс оронд их үнэтэй тусна. Путин га­шуун төгсгөл хүртэл эрх мэдлээ хадгалж үлдэнэ. Орос улс тайван замаар эрх мэдлийг шилжүүлэх үеэсээ өнгөрөөд явчихсан.

-Путиний төлөвлөгөө юу юм бэ?

-Аль болох удаан хуга­цаагаар эрх мэдэлд үлдэх.

-Орос оронд хууль дүрэм, Үндсэн хууль гэж байгаа биз дээ?

-Тийм ээ, гэхдээ эрх мэдэлд байхын тулд хүс­лээ­­рээ өөрчилж байх нөхц­лийг бүрдүүлчихсэн. Түү­ний Засгийн газар хууль бус. Тэр техникийн хувьд гу­рав дахь бүрэн эрхийн­хээ хуга­цаанд байгаа ч Үндсэн хууль түүний хувьд зүгээр л таалалдаа ашигла­даг цаас гэдгийг харуул­сан.

-Тэгвэл Путинийг зог­соох ямар арга байна вэ?

-Орос улс, Оросын ард түмэн энэ  бүхнийг өөрч­лөх агуу боломжоо 90-ээд онд алдчихсан юм. Путин бол их азтай. Оросын на­санд хүрсэн хүмүүс түү­нийг эмх замбараагүй, аюул­­тай 90-ээд оны үеэс ха­­маагүй дээр нийгмийг бий болгосон хэмээн хардаг.

-Хоёр жилийн өмнө Оросын хавар хэмээн нэр­лэсэн эсэргүүцлийн хөдөл­гөөн Орост болж байлаа. Түүнээс юу үлдэв ээ?

-Зарим үр дүн гарсан. Эрх баригчдад ард иргэ­дийн санаа бодол ямар ч хамаагүй, Путиний Зас­гийн газар хууль бус гэд­гийг энэ хөдөлгөөн харуул­сан. Эсэргүүцэл үзүүлж байсан хүмүүс алга болсон гэж хэлж болохгүй. 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл эсэргүүцлийн хө­дөл­гөөнд дөрвөн мянга хүрэхгүй хүн оролцдог байлаа. Өнөөдөр дор хаяж 25 мянган хүн цуглаж байна. Өвлийн хүйтэнд 150 мянган хүн жагсаж л байна. Гэхдээ энэ бол хангалтгүй тоо. Илүү олон зуун мянган хүнтэй жаг­саал хийх хэрэгтэй.

-Гудамжны эсэргүүцэл нь таны Путиний эсрэг стратеги юм уу?

-Зөвхөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөр дэглэмийг унагаж чадна. Путин Үндсэн хуулийн тайван замаар эрх мэдлийг шил­жүүлж өгөхгүй.

-Путинийг унагах үйл явцад та ямар үүрэг гүй­цэт­гэх вэ. Дараа нь та юу хийх вэ?

-Хувийн төлөвлөгөө боловсруулаад сууж бай­даг цаг биш ээ. Дэглэмийг нураахад юу хэрэгтэй бай­на, түүнийг хийх болно. Эх орон маань чөлөөтэй болчихвол янз бүрийн сон­­голт гарч ирнэ. Гэвч би амьдралдаа хангалттай суу алдарт хүрсэн хүн. Тэгэ­хээр надад хувийн том зорилго алга. Оросын хувьд, магадгүй дэлхийн хувьд Путинийг унагах нь хамгийн чухал юм. Тэр тэнд байж байвал бусад улсад, Орос улсад нөлөөл­сөөр байх болно.

-Путин Венесуэль бо­лон Латин Америкт юунд санаархаад байна аа?

-Энэ дэлхийд байгаа дарангуйлагчид бүгд нягт холбоотой. Путин, Чавист Засгийн газар, Иран, Хойд Солонгос, Сири гээд... Тэд хамтарч бизнес хийхийн хажуугаар бие биенээ дэмжиж тэтгэж суудаг. Яагаад гэвэл тэд өөрчлөлтийг хүсдэггүй, даалуу шиг бие биенээ дэрлэж унахаас айдаг юм.

-Путин Оросын эзэнт гүрнийг сэргээн босгохыг зорьж байна уу?

-Үгүй ээ. Зүгээр л мафийн сүлжээ юм. Бүх зүйл мөнгөн дээр, эрх мэ­дэлд үндэслэсэн. Үзэл суртал дээр биш.

-Путин Сирийн хям­ралд ямар байр суурь баримталж байна?

-Тэр Башар Асадыг эцсээ хүртэл дэмжих бол­но. Учир нь Асад унавал Путин ч унаж магадгүй. Энэ бол дарангуйлагчдын ах дүүгийн харилцаа. Тэд эцсээ хүртэл бие биенээ хамгаалах болно. Путин Ойрхи Дорнодод ямар ч нааштай шийдвэрийг са­нал болгохгүй. Учир нь түүний ашиг сонирхол огт өөр. Бид нефтийн үнэ хямд­­раасай, дэлхийн эдийн засаг тогтвор­жоо­сой гэж хүсдэг. Харин Путин өсөөсэй гэж хүсдэг. Энэ нь эрх мэдэлд хадаг­даж байх нэг арга юм.

-Тэгвэл Барак Обама­гийн засаг захиргаа түүн­тэй яриа хэлэлцээ хийгээд байгаа нь дэмий гэж үү?

-Мэдэхгүй. 75 жилийн өмнө дэлхий нийт Гит­лерийг номхотгох гэж орол­дож байсан. Өнөөдөр Пу­тинийг зогсоох гэж бас л нөгөө бодлогоо барим­талж байна. Дарангуйлагч нар­тай хэлэлцээ хийж болох­гүй. 75 жилийн өмнө хэ­лэл­цээ хийгээд нэмэр болоогүй. Өнөөдөр ч нэмэр болохгүй.