С.АВИРМЭД

Уурхайн инженер-эдийн засагч, доктор                                          

Дэлхийд гайхмаар “ид шидтэнүүд” зөвхөн Мон­голоос л үе үе гарчих гээд байдаг болчихжээ. Биенээсээ гал гаргадаг Өнөрмаагаас эхлээд хэд­хэн сарын өмнө шуугиан тарьсан, бурхнаар бөөлж­дөг хэн ч билээ... Өнгөр­сөн хориод жилийн дотор  Монголд ийм олон “шидтэн” төрсний нэг нь яах аргагүй Баабар болой. 

Хэдэн жилийн өмнө дөө, “нүүрс бол үнс” гэх жигтэй суртал ухуулга зурагтын дэлгэцээр хөвөрч байсныг манай үзэгчид мартаагүй байх. Нүүрсийг үнс болгосны зургаан жилийн ойдоо зориулж Баабар саяхан бас нэг бичвэр гаргаж “Таван­толгойн нүүрсний намтар” хэмээжээ. 6-7 жилийн өмнөх үйл явдлыг эргэн санавал, Тавантолгойг олигар­хиудын гараас салгах, Оюутолгойн алт, зэсийн баялгийг асар их эрэлттэй зах зээл рүү  зуучилж ашиг олох гэсэн харийнхны шуналыг хазаарлаж хязгаар­лах гэсэн монгол­чууд  хүчээ нэгтгэн  тэм­цэж байсан үе. Баабар ба түүний үзэл нэгтнүүд ч сүрхий зохион байгуулал­тад орж, мөнгөөр сагаж, ид хүчээ авч байсан тэр үед “нүүрс бол үнс” гэх тархи угаалтыг Баабар­тангууд идэвхтэй хийхийн зэрэгцээ эх орончдыг рекэтлэгчид хэмээн гүтгэн доромжилж байсан юм.

Нүүрсийг үнс болгогч Баабарын шинэхэн бич­вэрт одоо бяцхан анализ хийе. Эхлээд ордын нөөцийн талаарх түүний мэдээлэл үндэслэл муутай байгаа нь анхаарал татна. “Ер нь Тавантолгой олон улсын Жоркийн үнэл­гээ­гээр 7,6 тэрбумын нөөцтэй” гэж тэрээр ихэд мэдэмхийрэн хадуурчээ.

Мэддэг юмаа л ярь, мэддэггүй юмаа битгий хөнд. Та бол геологи, уурхайн мэргэжилтэн ч биш, бүхнийг мэдэгч бүр ч биш гэдгийг хэвлэлээр өмнө нь нэг бус удаа сануулж байсныг энэ хүн одоо хүртэл  ойлгоогүй л яваа аж.

Тавантолгой ордын ил аргаар ашиглах  нөөц хоёр тэрбум орчим тонн гэдгийг хэлэх хэрэгтэй. Жоркоос дутахааргүй аргачлалаар олон орны эрдэмтэд, түүний дотор Монголын эрдэмтэн, судлаачид олон жилийн хөдөлмөрөөрөө энэ тоог гаргасан байдаг. Энэ тоо одоо хэр маргаан дагуулж  буй ч цаашид төдийлөн өсөхгүй байх өндөр  магадлалтай хэвээр байгаа. Баабарын өрөөсөн дугуйнууд нэг жилийн өмнө Монгол Улсын нүүрсний нийт нөөц 173 тэрбум гэж дэлхий дахинаа зарлаж бас хадуурсан юмдаг.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө бидний хэсэг эрдэмтэн,мэргэжилтнүүд энэ тоог нягталж үзэхэд, ашиглахад бэлтгэсэн ордуудын нөөц ердөө хорь гаруй тэрбум болж гарсан. БНХАУ-ын  нүүрсний хэрэгцээ 2011 онд 3,75 тэрбум тонн байжээ. Тэгэхээр өмнөд хөршийн маань хэрэгцээг Мон­голын нүүрсний бүх нөөц зургаан жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд, Таван­толгойн нөөц ердөө хагас жил л хангаж чадахаар байгаа юм. Харьцуулж ярихад ийм “бага” хэм­жээний нөөц бидэнд заяагд­сан байгаа юм. Үүнийг монголчууд бид хойч үеэ ямагт бодолцон эзний ёсоор арвич хямгач, аль болох өндөр үнэ цэнэ хүргэж ашиглах ёстой билээ.

Гэтэл Баабартангууд Монголын нүүрсний нөөцийг олон зуун жил ухахад хүрэлцээтэй, олз­ворлоод (уг нь олз биш л дээ) бай, зөөж гаргаад бай гэж сурталдсаар байна. Тэгээд бас дээр нь  нүүрс үнс болно, бараг шороо шиг элбэг, хог хаягдал шиг юм гэх нь холгүй  ухуулаад байгааг юу гэж ойлговол зохилтой вэ.

“Би сүрхий үзмэрч учраас “нүүрс үнс болно” гэж 6-7 жилийн өмнө хэлээгүй юм шүү. Нүүрс хэзээ ч үнэ цэнэтэй ашигт малтмал байгаагүй. Элбэг учраас” гэж Баабар айлджээ. Дэлхий дээр эл­бэг ашигт малтмалыг кларк хэмээх хэм­жиг­дэхүүнээр хэмждэг бөгөөд кларкаараа хамгийн их тархсан нь, хэрэв би ан­дуураагүй бол, хөнгөн цагаан, цахиур байдаг санагдаж байна. Харин бүх төрлийн ашигт малт­мал дотроос нүүрс, алт хоёр л шууд бүтээгдэхүүн болж хэрэглэгчдээ очдог ховор баялаг юм. Нүүрсээр баян орон тийм ч олон биш. “Нүүрс хэзээ ч үнэ цэнэтэй ашигт малт­мал байгаагүй” гэдгийн тухайд бол дэндүү ца­диггүй яриа,зүгээр л хоо­сон буралт гэж хэлэх ёстой. Улс, нийгмүүд үйлд­вэржиж эхэлсэн тэр үеэс өнөөг хүртэл дэлхий даяар,түүний дотор энэ элий балай юм эрээ­чигчийн боловсрол олсон гэх Польш улсад хүртэл, чулуун ба хүрэн нүүрс маш чухал үнэ цэнэтэй  бөгөөд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байсаар байгаа билээ.Цаашид ч ойрын олон арван жилдээ ийм байх бодит төлөв, хандлага бий. Дэлхийн түүхээр бүрэн нотлогд­чихсон, өнөөгийн бодит амьдралд ил тод байгаа мэдээжийн зүйлийг хүр­тэл ингэж эрээ цээргүй мушгин гуйвуулж, са­нааныхаа зоргоор ба­римжаа,замбараагүй залж бурж байгаа нь үнэхээр  өмнөөс нь зовмоор, ич­мээр. Баабар хоосон мэдэмхийрэгч төдийгүй,  “даварсан худалч” гэдгээ өөрийнхөө бичвэрээр ийнхүү дахин харуул­чихлаа.

Нүүрсийг үнс болго­сон шалтгаанаа Баабар тун хялбар тайлбарлажээ. Нэг салхин сэнс 10 мега­ваттын цахилгаан үүсгэ­дэг болсон гэнэ. Занар гэдэг эрчим хүчний гай­хам­шигт эх үүсвэр олдоод нүүрс хэрэггүй, тэгээд үнс болж буй юм гэнэ. Хэтэрхий болхи гаргалгаа, сэтгэлгээ гэж үүнийг л хэлдэг байх.

Баримт дурдвал, Монголын эрдэмтэн, суд­лаачид занарын тухай хэдэн арван жилийн өм­нөөс мэддэг байсан төдийгүй нарийвчилсан судалгаа хүртэл хийсэн байдаг.Доктор Дэлэгийн Бат-Эрдэнэ асан Монголын 70-аад за­нарын орд, объектын судалгааг хийгээд нөөц баялаг нь хэдэн арван тэрбумаас хэдэн зуун тэр­бум болох тухай дүгнэлт гаргачихсан. Одоо харин Баабартангууд ба тэдний хамсаатнууд тэр их баялагт шүлэнгэтэж  Оюутолгой, Тавантолгойн хойноос оруулах гэж бай­гааг бид гадарлаж байна.

Нүүрс бол маш өргөн хэрэглээтэй баялаг. Нэгд, эрчим хүч гаргах түүхий эд, хоёрт, төмөрлөгийн үйлдвэрт өндөр илчлэгтэй хольц байдлаар хэрэглэнэ, гуравт, нүүрснээс химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, дөрөвт, шингэн түлш, хий гаргаж авч болно. Баабар зөвхөн нэг хэрэглээг нь өрөөсгөлөөр хараад нүүрсийг үнс болгоод байх шиг. Тэгэхээр нүүрс хэзээ ч үнс шиг хэрэгцээгүй хог, хаягдал болохгүй нь тодорхой.

Баабар гуайн сэт­гэлгээ нь ихээхэн зөр­чилтэй авцалдаа муутай дүгнэлт, гаргалгаатай, заримдаа бүр орон гаран юм уу гэмээр байдгийг энд онцлон хэлбэл зохино. Нүүрсийг үнс гэж адласан атлаа  түүнийг хэрэг­лэгчдийн дунд өрсөлдөөн их байдаг тухай бичсэн байх жишээтэй. Япон, Солонгос Тавантолгойн нүүрсний 10 хувийн төлөө тэмцэж байгаа бол Орос, Хятад өрсөлдөгчгүйгээр Монголын нүүрсийг авах санаатай юм гэнэ.

Нүүрс үнс юм бол тэд ямар учраас ингэж өрсөлдөөд байна вэ гэх асуулт аяндаа гарна. Энэ энгийн асуултын ха­риултыг Баабарын холион бантан шиг бичвэрээс олж харах ямар ч боломжгүй. Хар ухаанаар бодсон ч үнс, хог шиг хэрэгцээгүй юмны төлөө эдгээр улс гүрнүүд тэмцэлдэнэ гэж ер байх уу. Мэдээж үнэ цэнэтэй, чухал хэрэг­цээтэй зүйл учраас л со­нирхоод байгаа хэрэг. Гэтэл Баабар гуай ийм энгийн уялдаа холбоог үгүйсгэх хэрнээ үнэ цэнэгүй үнсний төлөө улс гүрнүүд өрсөлдөөд, манай хоёр хөрш бүр булаа­цалдаад  байгаа мэтээр  ухуулах нь тун хачир­халтай.

Эрүүл ухаантай хүн ойлгоход бэрх авцал­даагүй,зөрчилтэй юмыг энэ мэтээр эрээчээд байгаа нь цаанаа учир шалтгаантай байдаг биз гэж бодно. Тэр нь юу вэ гэвэл, иймэрхүү утга учир багатай, хүний тархи тол­гойг “угааж” эргүүтүүлсэн зүйлсийг монголчуудын дунд санаатайгаар, бүр цаашилбал захиалга­тайгаар тараадаг байх гэх хардалт түүний логик муутай олон бичвэрээс өөрийн эрхгүй төрдөг юм.  

Бас нэг жишээ. ”Засгийн газар хэрэг эрх­лэхийн даргаараа тол­гой­луулан сонирхогч бүх компаниудтай гурван жил хэлцэл хийжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс дуудаж авчирчихаад “зав алга дараа уулзая” гэж буцааж байсан ч тохиолдол хэд хэд бий” гэж  бичжээ. Эндээс дэлхийн өнцөг булан бүрээс манай нүүрсийг сонирхоод байгаа юм байна гэж хэнд ч ойлгог­дохоор. Бодит байдал дээр ч тийм байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр нүүрс үнс биш, үнэт баялаг болж таарч байгаа нь дахиад л илэрхий харагдана.

Баабар Монголын нүүрсийг үнс болгочихоод, тэгээд яах гээд байгаа юм бол гэх асуулт бас гарч байгаа. Түүний цаад санаа дараах өгүүлбэрээс цухал­заад байх шиг. Тэр: “Харин АНУ-ын “Пи­боди” бол улсынх биш, бирж дээр гарсан олон нийтийн хувьцаат компани. АНУ-ын хамгийн том нүүрс олбор­логч (энд харин жинхэнэ олз хайгч гэх санаа гарч байна. Уг нь олборлогч гэж зуршсаныг Баабар одоо хүртэл мэддэгүй бололтой). 130 жилийн туршлагатай. Тэд хэ­рэгцээ нь асар их нэмэг­дэж байгаа Хятадын зах зээлд нэлээд хэдэн жил ажиллан ахиц олжээ” гэсэн байна.

Эндээс ургуулан бодвол манай нүүрсний ордуудыг яг Оюутолгой шиг гадаадын бирж дээр гаргаж, гадаадын иргэд, компаниудад дийлэнх ашгийг хүртээхээр тоо­цоолж, мөнөөх гуравдагч хөршийн бодлогоо хэрэг­жүүлж, бүр тодорхой хэл­вэл  Сэм ахдаа аль болох илүү хишиг хүртээж, Хятадын зах зээлд гаргахад зуучлуулах санаа агуулж байгаа юм болов уу гэмээр. Монголын нүүрс, Тавантолгойн нүүрс үнс болоогүй, Баабар гуай, бүү тэгж мөрөөд, бүү муу ёрло, бүү нүгэл хий гэж энд дахин хэлмээр байна.

Эрдэнэс Тавантолгой компани олон зуун сая долларын өрөнд унаад хүнд байдалд ороод буй талаар бичвэртээ дурджээ. Гэхдээ энэ нь хэний буруугаас болсон бэ гэж асуух ёстой юм. Баабарын найз С.Баяр 2008 оны сонгуулиар хүн бүрт 1,5 сая төгрөг амлаж өр зээлийн эхлэлийг тавьсан байдаг. Баабарын сүрхий дэмждэг Сү.Батболд 2012 оны сонгуулийн өмнө Тавантолгойг “ломбард”-ад тавьж хэдэн зуун саяыг зээлсэн. Энэ мэт ноцтой алдаатай бодлого, үйлдлийн угшил нь Баа­бараас өөрөөс нь  эхлэлтэй байдаг нь нууц биш.

Баримт түшье. 1998 онд тэрээр Сангийн сайдын албыг гурван сар хашихдаа Тогтвортой байдлын гэрээнүүд байгуулж Сү.Батболдын “Алтай трэйдинг” компа­нид Бороогийн  алтыг, БНХАУ-тай хамтарсан компанид Төмөртийн Овоогийн цайрын ордыг ашиглах эрхийг хөнгө­лөлттэй нөхцлөөр (то­дорхой хугацаанд татва­раас чөлөөлөн) олгосон байдаг. Сү.Батболд ордыг гадаадын компанид “ху­далдаж” том луйврын эхийг тавьсан. “Алт” хөтөлбөрөөр 20-иод жил ашиглахаар төлөвлөж байсан энэ орд 4-5 жилийн дотор хуу хамагдаж,нийт 60-аад тонн алтнаас ердөө арваад хувь нь монгол­чуудад үлдэж, баялгийн 90-ээд хувь нь далайн чанад руу зөөгдчихсөн. Одоо тэнд онгойсон нүх, овоолсон шороо л үлджээ. Ингэж манай асар их баялгийг хулгай хийх, луй­вардах боломжийг олгосон.Үүнийг, гадаадад эхийг нь бэлдсэн 1997 оны Ашигт малтмалын хуулиар төрийн бодлого болгож баталгаажуулсан билээ. Хэдхэн жилийн дотор зэс, алт, мөнгө, төмөр, холимог ба ховор  металл, хайлуур жоншны гэх мэт хэдэн зуун тэрбум доллароор үнэлэгдэх баялгийг “лиценз” нэртэй цаасаар бусдын, үнд­сэндээ гаднынхны эзэм­шилд шилжүүлэх бо­ломжийг бүрдүүлсэн.

Одоо Монгол төрийн, Монголын ард олны мэ­дэлд цөөн тооны нүүрсний орд, түүний дотор аз болж Тавантолгойн орд үлдсэн байна. Өндөр үнэ цэнэ бүхий олон том объект гадаадын биржүүд дээр хөрөнгө, санхүүжилт бос­гох нэрийн дор арилжаа­лагдаж байна. Тэр нь хувьцаа хэмээх “шидэт” цаасаар  гадаад этгээ­дүүдийн  ашиг болон шил­жиж байна.  Үүний тод жишээ бол Оюутолгойн луйврын гэрээ бөгөөд түү­ний уршгаар энэ гайхам­шигт баялгийн 66 хувь гаднынхны гарт орж, бид 34 хувиа эзэмшихийн тулд бөөн өрөнд орж байна. Асуудлыг хариуцаж байсан албан тушаалтнууд болон судлаачдын тоо­цоогоор  2033 оноос нааш олигтой ашиг хүртэж чадахгүй нь.  Оюутолгойн хөрөнгө оруулалт хэдхэн жилийн өмнө 2,4 тэрбум доллар байснаа одоо 7,2 тэрбум болж, бүр цааш­лаад 14, тэр ч байтугай 24 тэрбум  болох тухай мэдээлэл цацагдаж  байна. Энэ хэмжээгээр бид өрөнд орж байна. Энэ эмгэнэлт байдлыг үүсгэхэд Баабарын оролцоо,идэвх зүтгэл маш их, тэр энэ үйлсэд оройлон зүтгэж “гавъяа” байгуулсан нэгэн. Энэ тухай, хээрийн боохойтой нийлсэн хотны нохдын тухай, Баабарын бүлэглэлийн  тухай хангалттай материал бий. Баабартангууд Монгол Улсын, монголчуудын асар их баялгийг үрэн таран хийгээд, дааж давшгүй өрөнд оруулах бодит нөхцлийг бүр­дүүлээд, үүнийгээ бүр өргөжүүлэн  лавшруулах гэж оролдож байна. Үүний нэг бодит жишээ бол Тавантолгойг “үнс” болгох гэсэн санаархал юм.

Түүний бичвэрт “Стра­тегийн орд газар гээч хууль гаргаж Таван­толгойг улсын мэдэлд ху­рааж авлаа. Тэгснээ 2012 оны хөрөнгө оруу­лалтын тухай аймаар хуулиар гадаадынханд хөл хорио тавиадахлаа”, “Эх орны баялгийг харамлан хам­гаалж цээжээ цөмөртөл дэлдсэн шудрага иргэд олон төрсөн нь л өнгөрсөн таван жилийн цор ганц бодит амжилт юм биз дээ!” гэхчлэн бичсэн хэдхэн мөрөөс Баабарын үнэн нүүр царай харагдаад байна гэлтэй.

Тавантолгойн ордыг хураагаад авсан юм үнэндээ байхгүй билээ. Тавантолгойн нэг хэсэг Ухаа Худагт үндэсний  хувийн компани хөрөнгө оруулаад жинхэнэ бүтээн байгуулалт тэнд өрнөж буй. Мөн бусад компаниуд ч ажиллаж байна. Нөгөө­тэйгүүр хуулиар хөрөнгө оруулалтад зохицуулалт хийгээгүй бол Монголын  нүүрсний нэг том орд гадаад улсын мэдэлд шууд очих байв.

Эх орны нүүрсний баялгийг үнс болгон үнэгүй­дүүлж үрэн таран хийх гэсэн Баабарын хорон санаанд бид саад болоод байгаа нь үнээн.  Зөвхөн бид ч биш, УИХ-ын олон гишүүн, Монголын ард түмэн тэр аяараа Баабартангуудын зорилго,санаархлын эсрэг байгаа. Салхины өөдөөс нулимах хэрэггүй биз гэж л хэлмээр байна.

Монголд одоо МИАТ-ын 10-аад тэрбум төг­рөгийн, татварын Ган­сүхийн 20-иод тэрбумын хэрэг шуугиан дэгдээгээд байгаа. Мөн рекэтлэгч­дийн 50 сая доллар (70-аад тэрбум төгрөг!!!)-ын тухай, Тавантолгойг ашиглалтад оруулахыг саатуулсан этгээ­дүүд 50 саяар тохи­ролцсон тухай Баабар нэг бус удаа бичлээ. Энэ бүхнээ нэртэй устай нь, тоотой баримттай нь гаргаж тавих цаг болжээ. Эс тэгвээс Баабар гуай луйвар,авилгын хэргийг нуун дарагдуулагч, худалч, гүтгэгч болж таарах нь.

Баабар ингэхэд хэний төлөө,юуны төлөө зүтгээд байна вэ?

Хоёр жил гаруйн өмнө өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа      “Баабар бол яахав дээ, хөлс аваад  ажлаа хийж буй хүн. Баабар гэдэг хүнд хувь хүний үзэл бодол байхгүй шүү дээ. Хамтарсан Засгийн газрыг хамгаална гээд цалин авч ажиллаж байгаа “пи ар”-чин. Баабар бол ардчилал гэдэг зарчмаа худалдчихсан хүн. Үүнийгээ зарчихсан учраас тогтвортой Засгийн газрын төлөө гэдэг юм зохиочихоод явж байна. Яг үнэндээ муу ажил хийвэл Засгийн газар огцордог, хууль ёс үйлчилдэг байх нь өөрөө тогтвортой байдал. Баабар одоо мөнгө л өгвөл юу ч гэж бичиж мэднэ. “Оюу Толгой”-гоос мөнгө авч “пи ар”-ыг нь хийсэн. Тавантолгойгоос мөнгө авсан. “Захиалгат сэтгүүл зүй”-н ажлаа л хийж байгаа хүн. Баабар хүн муулснаар кайф авч, баярладаг хүн... МАН-ын  болоод гадаадын уул уур­хайн компанийн “хөлсний бичээч....”  хэмээн нухацтай дүгнэж хэлсэн байдаг. Баабарын тухай ярихаар энэ ишлэл дандаа санаанд ороод болдоггүй юм. Энэ дүгнэлт миний асуултын хамгийн бодит хариултын нэг юм болов уу гэж бодогдоно. Тун онож хэлсэн байгаа биз.