Д.МЯГМАР
Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлыг аваад удаагүй байгаа Ц.Сандуйг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

-Монгол ардын нам 2012 оны УИХ-ын сонгуульд олонх болж чадсангүй. Нийслэлд ч Ардчилсан нам яллаа. Тиймээс залуучуудын байгууллага болон ахмад гишүүдийн санал, шүүмжлэл гарч намын удирдлагуудад хариуцлага тооцож шинэ залуу үедээ халаагаа өгсөн. Таны хувьд нууц биш бол ямар учраас хотын намын хорооны даргын суудалд хүрэв?
-Мэдээж сонгуулийн үр дүнгээр аливаа нам ажлаа дүгнэх нь бий. Өнгөрсөн сонгуулиар манай нам өөрсдийн санасан хэмжээнд хүртэл амжилт гаргаж чадаагүй, цөөнх боллоо. Тухайн үед намыг удирдан чиглүүлж байсан удирдлагууд хариуцлагаа үүрсэн. Нийслэлийн МАН-ын хорооны удирдлага ч ялгаагүй ажлынхаа алдаа дутагдлыг хэлэлцэж цаашдын арга, замаа тодорхойлсон. Өнгөрсөн наймдугаар сарын 15-нд МАН-ын V бага хурал болж шинэ удирдлагаа сонгосон. Олон хүн намын шинэчлэлийн төлөө шударгаар ил тод өрсөлдөж, тавьсан шалгуурыг хангасан байсан. Нэг саналын илүүгээр миний бие энэ албыг үүрэхээр болсон.
- Шинэ дарга ямар бодлого барих бол?
-Би намдаа сэтгэлгээний шинэчлэл хийнэ. Арга барил маань ч гэсэн өөр байх болно. Үзэл бодол, зохион байгуулалтын эв нэгдэлгүйгээс болж 2012 оны сонгуульд бид ялагдсан. МАН-ын хувьд орон нутгийн сонгууль том боломж гэж харж байгаа. АН-ыг хараад байхад хүч түрэх маягаар явж ардчилсан нийгмийг булингартуулаад байх шиг. Энэ бол нийгэмд эвгүй сэтгэгдэл төрүүлж эхэлж байгааг өөрсдөө анзаарахгүй байна.
-Намын дарга нар ардаа ямар нэг бүлэглэлд харьяалагдаж, тэдний дохио, зангаагаар ажилладаг гэсэн яриа бий. Таныг ч бас хэн нэгний туг болж намирна гэж хардаж байгаа байх?
-Сандуй гэж хүн залуу хүний эрч хүч, шинэ санаагаа хэрэгжүүлж ажиллаарай гэж намайг намын даргаар олонх сонгосон гэж ойлгодог. Хувь хүн талаасаа би мэдээж өөрийн бодлого, зорилгоо хэрэгжүүлэх болно. Намынхаа томчуудын өмнө нь хэрэгжүүлж байсан бодлого, жанжин шугамыг тууштай хэрэгжүүлнэ. Намынхаа уламжлал, шинэчлэлийг хослуулж аливаад би авах, гээхийн ухаанаар хандана. Миний ард мянга мянган гишүүд, дэмжигчид шинэ ажил, олонд хэрэгтэй бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх бол гэж харж, хүлээж суугаа.
-Даргын ажлаа өгөхгүй гэж тамга, тэмдгээ авч зугтаах, муур хулгана болж хөөцөлдөх үзэгдэл намуудын аль ч шатанд гардаг болсон. Харин Г.Мөнхбаяр дарга хэл амгүй ажлаа өглөө. Танд ажлаа шилжүүлэх учраас тэгсэн болов уу?
-Сонгуульд намаа амжилтгүй удирдсан болохоор улс төрийн хариуцлагаа хүлээсэн. Манай намын аль ч шатанд ажил хийх, хариуцлага үүрэх ийм л байдаг. Эрүүл үзэгдэл л дээ. Тэрийг намын дарга нар харууллаа.
-Өнгөрсөн сонгуульд оролцсон амжилтаа танай нам хэрхэн дүгнэсэн бэ?
-Сонгуулийн ажлын алдаа, оноогоо намын хурлаар бид ярьж, цаашдаа алдаа гаргахгүйн төлөө хэрхэн ажиллахаа ярилцсан. Энэ нь нам дотоод ардчилалтай байгаагаа харуулж байгаа хэрэг. Хуулийн шинэ орчинд бид пропорционал болон холимог системээр сонгуулийг явуулсан. Нам ялагдсан явдлыг олон хүчин зүйлтэй холбож ойлгож болно. Шинэ технологийг энэ жилийн сонгуульд нэвтрүүлж саналыг автомат машинаар тоолдог болсон нь хүмүүсийн эргэлзээг төрүүлсэн. Манайх намынхаа уугуул нэрийг сольсноос болж олон суудал алдсан гэж хэлж болно. Үүнээс болж гишүүд, дэмжигчдийн хооронд үл ойлголцол гарсан. МАХН нэрээ МАН болгосноор намынхаа хүчийг тарамдуулсан болов уу. Сонгуулийн үр дүнг харж байхад АН сайндаа ч ялчихаагүй юм байна. МАН-ынхны авсан суудал дээр МАХН-ны “Шударга ёс” эвслийнхний тоог нэмбэл 50 гаруй суудал болж байна. Бид өрсөлдөгчөө олон суудал авч, өндөр хувьтай гарна гэж тооцоолоогүй учраас ялагдалд нөлөөлсөн байх. Миний харж байгаагаар сонгуулийн дараа буруугаа тэрнээс, энэнээс болсон гэж хайж, яриад байх биш алдаагаа засч, суралцах хэрэгтэй. Хамгийн гол нь нам доторх эв нэгдэл чухал. Бид нам дотроо эв нэгдэлтэй байж хүчирхэг болно. Намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдийн хүчийг ч гэсэн хуримтлуулах ёстой.
-Танай нам дотроо эв нэгдэлгүйгээс болж тойргоос санал чирээд ирэх гишүүдээ алдаж байсан гэж ойлгож болох уу?
-Би нийслэл нэр дэвшээд, хажуугаар нь сонгуулийн хороог ахалж ажилласан. Манай дүүргүүдийн болон үүрүүдийн дарга нар хангалттай сайн ажиллаж чадаагүй. Үүнийг намын гишүүд маань хатуухан хэлж байгаа. Дээр байгаа намын хоёр даргаас хамаарч гишүүд хуваагдах учиргүй. Тэдний үзэл бодлоос хамаарч зөрчил үүсээд байгаа юм. Уг нь аливаа нам жирийн гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсч, шийдвэртээ тусгаж бодлого болгох ёстой. Намын гишүүдийн санал, санаачлага ажил болж буцаад хөрсөн дээрээ буудаг эргэх холбоотой байх учиртай. Ингэвэл нам маань эрүүл, бүтээлч, улс төрийн хувьд хүчтэй баг болж чадна.
-Та багаа яаж бүрдүүлсэн бэ. Шинэ томилгоо хийсэн үү?
- V бага хурлаар бид Удирдах зөвлөлөө бүрэлдэхүүнээр нь сольсныг хүмүүс мэдэж байгаа байх. 13 тэргүүлэгч гишүүний нэг нь би. Манай нам хороо дөрвөн дэд даргатай болсон. Тэдний гурав нь орон тооны ажилтан. Нэг нь орон тооны бус. Энэ бол Нийслэлийн ИТХ-д суудалтай манай намын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан юм. Тэрээр манай намын дуу хоолой болж ирэх дөрвөн жил ажиллана. Манай намын дэд даргаар ажиллаж байсан Энхтөрийг ажлын туршлагатай гэж үзээд ажиллуулж байна. Мөн нийслэлд олон жил ажилласан “эсэргүү” Ганбаатарыг дэд даргаар урьж багтаа ажиллуулж байгаа. Намын гол бүтцийн байгууллага болох залуучууд, эмэгтэйчүүдтэй ажиллах хуваарьтайгаар сонгосон байгаа. Аливаа ажлыг явуулахад санхүүгийн асуудал тулгардаг. Энэ асуудлыг хариуцуулахаар УИХ-ын гишүүн Ч.Сайхансамбууг сонгосон. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд бүлэгтээ ажиллаж байгаа эрхмүүдийг түлхүү оруулсан. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн МАН-ын хороо бүтцээ шинээр боловсруулж байна. Тэргүүлэгчдээр хэлэлцүүлсний дараа батална.
-Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Орон нутгийн сонгууль болох гэж байна. Унасан бөх ууртай байдаг шиг танай намын нөхөд шаралхаж байгаа байлгүй?
-Бид хаяанд ирсэн орон нутгийн сонгуулийг хүлээж сандал ширээ булаалдахгүй, харин улам шаргуу ажиллаж байгаа. Дөрвөн жил ажилласан бат бөх бүтцээрээ бид дахин баг болж урагшаа харж ажиллана. Дотоод эв нэгдлээ сахиж хуучин бүтцээ улам бэхжүүлнэ. АН-ынхны түрэмгийллийг бид Орон нутгийн сонгуулиар хазаарлана. Эрх мэдэл авсандаа эрдэж хууль бус шийдвэр гаргаж, цөөнхөө хүндэтгэхгүй байгаа нь ард түмний итгэлийг алдаж байгаа гэдгээ ухаарахгүй байна л даа. Хэн ч алдаа гаргаж болно. Түүнийгээ даруйхан засдаг байх хэрэгтэй. АН-ынхны түрэмгийлэл, хууль бус үйлдлийг хазаарлахын тулд сонгогчид маань орон нутгийн сонгуульдаа хариуцлагатай хандаж биднийг сонгох байх гэдэгт итгэлтэй байгаа.
-Сонгуульд тааруухан ажилласан гэж дүүргийн намын хороодын дарга нарт хариуцлага тооцсон гэж дуулсан. Энэ үнэн болов уу?
-Намын удирдах зөвлөл болон дүүргийн намын хорооныхонтой би энэ талаар ярилцсан. Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн тул энэ удаа дүүргийн намын дарга нарыг багаа аваад сонгуульд орох чиглэл өгсөн. Сонгинохайрханы намын дарга Д.Баярсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тиймээс түүний оронд Д.Сумъяабазарыг ажиллуулахаар сонгосон. Манай хүн УИХ-д Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгааг иргэд, сонгогчид мэдэх байх.
-МАН улс төрийн туршлагыг харгалзахаас илүү мөнгөтэй эрхмүүдийг намын даргаар сонгоод байх шиг. Тухайлбал, Ч.Сайхансамбуу, Д.Сумъяабазар гээд бизнесмэнүүдийн нэр дуулдаад байна л даа?
-Ямар ч ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй. Түүнийг олох гэж толгойгоо сайн ажиллуулдаг манай намын гишүүнийг бид бодлогын хувьд дэмжинэ. Тэр хүний мөнгө босгох бизнес ухааныг намын ажилдаа нэмэрлэнэ. Аль ч улс төрийн хүчинд ийм шийдэл байдаг. Намын үйл ажиллагаа гишүүдийн хандиваар явна. Тэд мөнгөтэй болоод намын даргаар сонгогдож байгаа гэсэн өнцгөөс харж болохгүй. Тэдний ажлын туршлагыг манай гишүүд, дэмжигчид бэлхнээ мэднэ. Манай намын дуу хоолой болж ажиллаж байсан хүмүүсээр бид багаа удирдуулж ирсэн. Тэр зарчмаар л томилгоо хийдэг. Хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг. Амьдралд хат сууж зовлон, жаргал туулсан, хувь, хувьсгалын ажил, алба хашиж үзсэн туршлагатай хүмүүсээр л манайх намаа удирдуулж байна даа. Миний дотоод итгэл үнэмшил алдаагүй болов уу.
-МАН боловсон хүчний “полог”-долтой хэмээн нэгэн эмэгтэй гишүүн онгирч байсныг санаж байна. Тэр олон чадварлаг залуус өнөөдөр АН-ын засагт тахимаа өгч байгаа. Төрийн албанаас “буусан” дарга нар намынхаа ажилд хэр оролцож байна вэ?
-Засгийн газар шинээр байгуулагдаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагын дарга нарыг тэр хэрээр өөрчилж байна. Нэг улс төрийн хүчнээс нөгөөд засаглах эрх шилжиж байгаа энэ үед төрийн албан хаагчид цомхотгол нэрээр ажилгүй болох магадлал ажиглагдаж байна. Угтаа төрийн албан хаагчид маань намын харьяаллаас түдгэлзсэнийг хүмүүс мэдэж байгаа байх. МАН-ын үед ажиллаж байсан гэдэг өнцгөөс хараад улс төрийн шийдвэрээр зарим газрын даргыг чөлөөлөх явдал ажиглагдаж байна. Үүнийг манай нам дуугүй хараад суухгүй. Хүмүүсийн амьдрал цаана нь байдаг учраас мэргэшсэн алба хаагч нарыг албанд нь хэвээр үлдээх талаар сануулна. Чадварлаг, бэлтгэгдсэн боловсон хүчнийг төр ашиглах ёстой. Улс төрийн албан тушаалтныг сольж болно. Халаа, сэлгээнээс АН ангид байж бодлогоо хэрэгжүүлэх нь нээлттэй. Төрийн албаны хууль зөрчихгүйгээр томилгоогоо хийнэ гэдэгт найдаж байна.