Л.ЭНХТУЯА
Дорноговь аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөгжилд хамтдаа” эдийн засгийн форум өнгөрсөн баасан гаригт Сайншанд хотод боллоо. Дорноговь аймаг 60 гаруй мянган хүн амтай бөгөөд Сайншандад хүнд аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэр гарснаас хойш хүн ам нь өсч байгаа аж.
Хойд,урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг энэ аймгийн төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн хөгжил, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхний үүрэг оролцоо, хамтран ажиллах бололцоо зэрэг олон чухал асуудлыг хэлэлцсэн. Уг форумд Дорноговь аймгийн 13 сумын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, аймгийн Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Мерси Кор олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, төрийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Форумд оролцогч бизнес эрхлэгчдийн хувьд орон нутагт хөгжүүлж болох кластер болон концессын төслийг бизнес эрхлэгчдээр тодорхойлуулсан нь зөв байсан гэж үнэлж байсан. Энэ форумын бас нэгэн онцлог нь оролцогчид зөвхөн аймгийн хэмжээгээр хязгаарлагдаагүй юм. Форумыг зохион байгуулагчид аймгийнхаа хөгжлийн хэтийг хэлэлцэхдээ хөрш зэргэлдээ гэхээсээ дэд бүтцийн хувьд ижил нөхцөлтэй буюу төмөр замын сүлжээгээр холбогдсон Дархан, Орхон аймгуудын төлөөллийг оролцуулахаар урьжээ. Дорноговьчуудын хувьд хүн ам багатай, эрчимтэй хөгжил шинэ тутам байгаа, говийн хатуу ширүүн уур амьсгалтай орчинд амьдардаг гэж шалтгаан тоочин суухыг хүсдэггүй бололтой. Харин ч эсрэгээрээ манай аймаг улсдаа гуравт жагсах хэмжээний бүтээмжтэй, боломжтой аймаг гэж амбийцалдаг юм уу гэж харагдаж байлаа. Тиймдээ ч эдийн засгийн өсөлт, орон нутгийн хөгжил, бизнес эрхлэгчдийн амжилт туршлагаараа улсдаа тэргүүлдэг энэ хоёр аймгийг сонгож форумдаа урьсан биз ээ. Дорноговь аймгийн удирдлагууд ёстой л алсын хараатай, дорнын ухаантай ажиллаж байна даа гэсэн бодол энэ үеэр өөрийн эрхгүй төрсөн юм.
Төр засгаас бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн бодлого шийдвэрт тусгах олон чухал санал эндээс гарч байсан юм. Улс орны хөгжил өдрөөс өдөрт өсөн дээшилж байгаа энэ үед Дорноговь аймгийн бизнесийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон гэдгийг форумд оролцогчид хэлж байна.
Биенес эрхлэгчдийн санаа бодлыг сонсож тэдэнд тулгарч байгаа асуудлыг хамтдаа шийдэх гарц хайх, төр хувийн хэвшлүүд хэрхэн хамтарч ажиллах талаар нээлттэй ярилцах энэ арга хэмжээ орон нутгийн төвшинд болж байгаагаараа бас нэгэн ач холбогдлыг агуулж байна. Түүнчлэн энэ форум ирэх наймдугаар сард болох Дорногвь аймгийн санаачлагаар зохион байгуулах Монгол Японы хамтарсан олон улсын бизнес форумын угтал болж байгаа юм.
Аймаг бүхэн шалтаг тоочиж, улсаас татаас авахыг хүсдэг, айл өрх бүхэн халамж горьддог буруу жишиг тогтсон энэ цагт тэдний “Бид чадна, бүтээнэ, тэргүүлнэ” гэсэн эрмэлзэл тун содон байлаа.
Форумд оролцсон бизнесийн зарим төлөөллийн үгийг хүргэе.
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ СЭДЭВ СОНИРХОЛ ТАТЛАА
“Алтан бүрд” компанийн захирал В.Урантуяа:
-Энэ форумаас олон сайхан шинэ санаа олж авлаа. Үүнийгээ хэрэгжүүлэхэд бас жаахан тулгамдах болов уу гэж бодож байна. Бид бүгдээрээ хоорондоо энэ тухай форумын чөлөө заваараа бас ярилцаж байна. Хамгийн их анхаарал татсан сэдэв бол төрийн ажлыг хувийн хэвшлийнхэн хэрхэн гүйцэтгэх, хамтран ажиллах, хамтын ажиллагааны гэрээ, хяналтын тухай асуудал байсан. Төрийн зүгээс аливаа үйл нэгж үйлчилгээний менежментийг хувьд шилжүүлэх арга хэмжээ авдаг ч учир дутагдалтай зүйл байнга л гардаг. Үүнийг өөрчлөхөд орон нутгийн бизнес эрхлэгч бидний санаа бодлыг төр засаг сонсоно гэдэгт итгэлтэй байна. Энэ форум бизнес эрхлэгчдийн хүсч байсан, өгөөжтэй ажил болж чадлаа.
КЛАСТЕРУУДЫН ТУХАЙ ИЛҮҮ МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА
“Марс трейд” команийн захирал Ү.Уртнасан:
-Энэ олон жил бизнесийн салбарт ажиллаж байхдаа урьд нь огт дуулж байгаагүй шинэ соргог, зайлшгүй шаардлагатай мэдээлэл олон гарлаа. Олон улсад хэрэгжсэн дэлхийн хэмжээний олон сайхан туршлагуудыг бидэнд дэлгэрэнгүй мэдээллээ. Газар зүйн байрлалдаа тусгуурлан хэлхээ холбоо тогтоон бөөгнөрч нэгдсэн компаниуд, тэдгээрт бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх бусад компаниуд, эрдэм шинжилгээний байгууллага, худалдааны нэгдлүүдээс бүрддэг кластерийн тогтолцооны тухай мэдээлэл их содон байлаа. Олон болон цөөн, том жижиг компаниуд янз бүрийн харьцаагаар хамрагдаж болдог юм байна. Тухайлбал, Японы “Тоёото” компани 122 шууд нийлүүлэгч, 36 мянган туслан гүйцэтгэх гэрээт жижиг, дунд үйлдвэрлэлийн гэрээт компаниудтай хамтран ажилладаг гэнэ. Кластер нь хаана ч, үйлдвэрлэл, үйлчилгээний аль ч салбарт хөгжих боломжтой. Ажлын байр шинээр бий болгоно, ядуурлыг бууруулна гэж ярих болсон үед хамгийн тохиромжтой арга хэмжээ бол кластерийн хандлага чухал санагдлаа.