Энэ долоо хоногийн “Сайдын цаг”-т Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцлоо. Тэрээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Засгийн газар ямар бодлого барьж байгаа, амжилттай хэрэгжиж байгаа төслүүд, концессын гэрээгээр хийх ажлууд, Алтанбулаг, Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх ажил ямар шатанд яваа талаар тодорхой мэдээлэл өглөө. Одоогоор зүүн бүсэд 300 мянган тоннын хүчин чадалтай Нефть боловсруулах үйлдвэр барих сонгон шалгаруулалт дууссан. Энэ шалгаруулалтад 14 компани оролцож, нефть боловсруулах үйлдвэр байгуулах санал ирүүлжээ. Энэ ондоо багтаан гүйцэтгэх гол ажил нь Нефть боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ, сонгон шалгаруулалтыг хийж дуусгаад он гарангуут үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт руу шилжих аж. Үүнийг хийхийн тулд хоёр хөрштэйгээ ойлголцох, Торгоны замд нэгдэн орох, эдийн засгийн коридорын хөтөлбөрт энэ асуудлаа суулгаж хамтын ажиллагаагаар барьж байгуулна гэдгийг салбарын сайд хэллээ.
Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэр Монголд зайлшгүй хэрэгтэй байгаа. Засгийн газрын хуралдаанаас Бор-Өндөрт байгуулах шийдвэр гарсан. Одоогоор зэс хайлуулах үйлдвэрийн төслийн нэгж байгуулагдаад ажилдаа ороод явж байна. Бүх газраас санал авч судалгаагаа хийж, урьдчилсан ТЭЗҮ-ээ гаргачихвал он гарахаар зэс байгуулах үйлдвэрийн оролцогчийг шалгаруулж, ажлаа эхлүүлэх боломжтой болно гэлээ.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ирэх сард яамнаасаа зохион байгуулах хоёр ажлыг танилцуулав. “Монголд үйлдвэрлэв” нэртэй аж үйлдвэрийн форумыг зохион байгуулах юм байна. Энэ форумд үндэсний үйлдвэрлэгчид, гадны төлөөлөл оролцох аж. Уг форумаар Монголын аж үйлдвэрийн бодлого, цаашдын зорилго, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцахаар төлөвлөжээ. Монголд юу үйлдвэрлэж болох тал дээр гадаадынхан анхаарлаа хандуулж эхэлж байгааг салбарын сайд онцоллоо. Мөн “Монгол-Хятадын анхдугаар экспо” Хөх хотод ирэх сарын 23-27-нд болох юм байна. Үүнийг “Талын зам”, “Торгоны зам”, эдийн засгийн коридорын хүрээнд зохион байгуулах аж. Зардлыг нь Хятадын Засгийн газар 100 хувь дааж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Аж үйлдвэрийн салбараас намрын чуулганд хэд хэдэн хуулийн төсөл оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Худалдааны тухай, ЖДҮ-ийн тухай, Үйлдвэр, технологийн тухай, Концессын тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин