Б.НЯМСҮРЭН
Зөвшөөрөлгүй барилга барьж байсан компанийн балгаар хичээлдээ очоод хөөрч явсан охин хорвоог орхиж, та бидэнтэй адил жирийн нэгэн иргэн эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байна. Сонссон хүн бүр шимшрэн цочирдож, хөөрхий охины төлөө харуусан гашуудна. Харин харамсалтайгаар амиа алдсан охины үхэлд буруутан олдохгүй барилгын компани, хотын захиргаа, мэргэжлийн хяналтынхан бие бие рүүгээ чихсээр хоёр хонолоо.

Мэдээж зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Төгс гүрэн” компанийнхан, цемент зуурагч машины помпыг дутуу угсарч, аюулгүй ажиллагааг хангаагүй “Консалит” компанийнхан хариуцлага хүлээх нь тодорхой юм. Гэхдээ тэднээс илүүтэйгээр, зөвшөөрөлгүй барилга барьж байгаа компанийг нүдээ анин өнгөрөөсөн Мэргэжлийн хяналтын газрынхан хаана, юу хийж байсан бэ гэсэн асуулт хариулт нэхэж байна.
Шуудхан хэлэхэд Мэргэжлийн хяналтын байцаагч нар ажлаа хийж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох талаар арга хэмжээ авсан бол охин өнөөдөр амьд байх байлаа. Гэвч балчир хүүхдийн амь хохирсны дараа л Мэргэжлийн хяналтын газрынхан ил гарч мэдэгдэл хийв. Гэхдээ өөрсдийгөө өмөөрч шүү. Тэд зөвшөөрөлгүй барилга барьж байгаа компанид мэдэгдэл өгсөн юм байх. Гэтэл нөгөө компани нь мэдэгдлийг үл тоомсорлоод ажлаа үргэлжлүүлсэн гэнэ. Харин том толгойтой барилгын компанийнхны өмнө хэтэрхий жижигдсэн Мэргэжлийн хяналтынхан гар хумхин хараад л суусан юм биз.
Энд тэндхийн дэлгүүр, үйлдвэр үйлчилгээний газар, баар ресторанынхныг дарамталж, лац ломбоороо айлгаж сурсан Мэргэжлийн хяналтынхан барилгын компаниудын өмнө гар нь мухардаж, өнөөх айлгадаг лац ломбоных нь ид шид алга болчихсон юм байх.
Уг нь Мэргэжлийн хяналтын газар гэдэг сүржин нэртэй байгууллага төр төлөөлж, түмэн олонд үйлчлэх ёстой үйлчилгээний газар. Гэвч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж цадиггүй аашилж, авлигын сүлжээ, үүр уурхай болсон нь тэдний өнөөдрийн үнэн дүр төрх. Мэдээж Мэргэжлийн хяналт гэдэг энэ байгууллагын дээвэр дор ажиллаж байгаа толгойтой бүхнийг муучлах гэсэнгүй. Гэхдээ л олон дунд муу нь цөөн байдаг бол Мэргэжлийн хяналтынхан дунд ажлаа хийдэг сайн нь цөөхөн гэлцдэг нь оргүй яриа биш.
Төрөөс Мэргэжлийн хяналтын газарт шалгах хянах, үйл ажиллагааг нь зогсоох гээд бүхий л эрх мэдлийг нь өгчихөөд байхад “Зөвшөөрөлгүй барилга байна. Бидний мэдэл хүрдэггүй юм” гээд сууж байгаа нь хэтэрхий арчаагүй тайлбар биш үү. Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн ийм л зүйл хэлээд сууж байна. “Тэрээр бид зөвшөөрлийг нь цуцлаад ч арга байдаггүй. Одоо л гэхэд хоёр ч зөвшөөрөлгүй барилга барьж байгаа” гэв. Арай л “Энэ бол байдаг л зүйл” гэж хэлчихсэнгүй. Ерөнхий газрынх нь даргын үг бүр ч элэг хөшөөм. “Гадны ажилтнуудтай барилгын компаниудтай харьцахад бэрхшээл ихтэй. Хэл нэвтрэлцэхэд хүндрэлтэй байдаг юм “ гэсэн марзан тайлбарыг Р.Содхүү дарга хэлж байна лээ.
Үүгээрээ тэд “Бид буруугүй шүү” хэмээн биеэ өмөөрч, гэмээ цайруулж байгаа юм.
Гэтэл яг үнэндээ “Төгс гүрэн” компанийг барилгынхаа гуравдугаар давхраа барьчихсан хойно л ажлаа “сайн мэддэг” Мэргэжлийн хяналтынхан анх удаа мэдэж шалгасан байгаа юм. Тэгээд үйл ажиллагаагаа зогсоо гэсэн мэдэгдэх хуудас өгөөд л орхичихсон. Харин мөнөөх компани нь өнөөх бичгийг хогийн сав руу хаячихаад ажлаа хийж байсан нь энэ. Эсвэл хэн нэгэн байцаагчид нь хэдэн төгрөг атгуулаад өнгөрчихсөн биз. Уг нь мэдэгдэл өгсөн барилгын компани шаардлагыг нь зөрчвөл Мэргэжлийн хяналтын газар шүүхэд хүсэлт гаргаж, үйл ажиллагааг нь зогсоолгох бүрэн эрхтэй. Харин яагаад ч юм манай өр зөөлөн сэтгэлтэй мэргэжлийн хяналтынхан дөрвөн сарын турш тэр компанийг өршөөж, шүүхэд хандалгүй байсаар эцэст нь дээрх эмгэнэлт хэрэг болсон юм. Чухам ямар шалтгаанаар Мэргэжлийн хяналтын хатуу чанд байцаагч нар тус компанид ийм ивээнгүй сайхан сэтгэлээр хандах болсныг Авлигатай тэмцэх газрынхан анхааралдаа авахад гэмгүй л байх.
Муу муудаа дээрэлхүү гэгчээр төрийн нэр барьж хэдэн үйлчилгээний газруудад том дуугарч, айлгахаас биш төрийн хуулийг уландаа гишгэсэн том толгойтой барилгын компани, авто замын компаниудыг хараагүй юм шиг өнгөрдөг нь Мэргэжлийн хяналтынхны гэм биш зан. Хамгийн их авлигад идэгдсэн байгууллагаар Мэргэжлийн хяналт тэргүүлдэг нь ч нэгэнт ил болсон билээ.
Яагаад Мэргэжлийн хяналтынхныг чичлэн буруутгаж, хатуу үг хайр найргүй бичиж байгааг уншигч авхай та болгоох биз. Яагаад гэвэл бид бүгдээрээ үр хүүхэдтэй, ээж аавууд. Гэтэл ээжтэйгээ, эгчтэйгээ хамт гудамжаар алхаж явсан жаахан охин хариуцлагагүй барилгын компанийн балгаар, ажлаа хийдэггүй мэргэжлийн хяналтынхны гайгаар алтан амиа алдчихаад байна.
Мэргэжлийн хяналтын ажлаа хийгээгүй, зөвшөөрөлгүй барилгын компаниас болж хүний амь хохирсон явдал ганц энэ биш.
Хэдхэн сарын өмнө Нүхтэд зөвшөөрөлгүй баригдаж байсан барилгад даруулж, нэгэн гэр бүлийнхэн хорвоог үүрд орхисон хэрэг ч хуучраагүй байна.
Хэрэв Мэргэжлийн хяналтын газрын “мануухай”-нууд ажлаа хийж байсан бол, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалуулах үүрэгтэй том сэтэртэй байцаагч нар хариуцлага ярьдаг шигээ үүргээ биелүүлсэн бол хөөрхий охин өнөөдөр ээж аавынхаа энгэрт эрхлээд сууж байх байсан. Хэрэв “Төгс гүрэн” компани зөвшөөрөлгүй эхлүүлсэн ажлаа хуулийн дагуу зогсоосон бол миний, таны аав шиг хүн үхэх сэхэхийн даваанд биш үр хүүхдээ тойруулан налайж суух байлаа.
Хэрэв цемент “Консалит” зуурагчаа түрээслүүлсэн компани хэдэн халтар төгрөг олохыгоо илүүд үзэлгүй, эрдэнэт хүний алтан амь эрсдэх вий гэж болгоомжлон аюулгүй байдлыг хангаад зуурагчаа гүйцэд угсарчихсан бол 12 настай охины алтан амь үрэгдэж, машинтайгаа дэргэдүүр нь өнгөрч явсан настан тархиндаа хүнд гэмтэл авахгүй байв.
Гэтэл энэ бүхнийг ухамсарлахын оронд Л.Бямбасүрэн дарга хариуцлагаас зугтаж, хаалгаа түгжин хаашаа ч юм алга болчихож. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргатай хариуцлага тооцохоор дуудтал тэрээр тамгаа аваад зугтчихсан гэнэ.
Жишим ч үгүй өөрийгөө, авлигад идэгдсэн ажилчдаа өмөөрч, ширээнийхээ булангаас зууралдаж суугаа Л.Бямбасүрэн та эх хүн үү. Мэргэжлийн хяналтын газрыг хувийн компани шигээ захирдаг Г.Содхүү та эцэг хүн мөн үү. Тэр тусмаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн та үрээ алдсан тэр бүсгүйтэй адил эх хүн. Төрүүлсэн үрээ харамсалтайгаар алдсан хөөрхий охины ээжид ямархан байгааг та ойлгох ёстой. Гэвч “Бидэнд эрх нь байдаггүй юм” гэж өмөөрч, албан тушаалаасаа огцрохгүй хэмээн зугтаж байгаа танд Мэргэжлийн хяналтын газрыг удирдаж суух байтугай төрийн албанд ажиллах ёс суртахууны эрх ч алга. “Шүүх буруутныг тогтооно биз” гэж та хэнэггүйгээр хэлсэн байна билээ. Мэдээж шүүх буруутныг тогтооно, буруутай бүхэн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Гэхдээ хуулиас өмнө хүлээх ёс суртахууны, хүн ёсны хариуцлага гэж байх ёстой. Тэр тусмаа эх хүн, эмэгтэй хүний хувиар та хамгийн түрүүнд хариуцлагаа ухамсарлаж, өргөдлөө өг. Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн та хариуцлагаа хүлээгээд огцор. “Хэл нэвтрэлцэхгүй юм билээ” гээд хээв нэг зурагтаар ярьж суугаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Р.Содхүү та хүсэлтээрээ ажлаа өг.
Тэглээ гээд нэгэнт одсон хүний үр ээж аавдаа эргээд ирэхгүй ч гэлээ энэ эмгэнэлт явдлын уй гунигийг зөөллөхөд жаахан ч гэсэн дэм болно гэдэгт итгэж байна. Монголын иргэд хариуцлагаа ухамсарлаж ажлаа өгдөг Японы сайд нарт талархаж, япончуудад цагаахан атаархдаг цаг ард үлдэж хариуцлага гэдэг үг албан тушаалтнуудын амнаас гардаг бус ажил болж хэрэгждэг цаг эхэллээ гэж бага ч гэсэн найдъя.
Энэ дашрамд үзэг нэгт нөхдөдөө ч хэлэх цөөн үг байна. Эмгэнэлт үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байна гээд амь үрэгдсэн охины нүд хальтрам зургийг ямар олон телевиз, цахим хуудаст дэлгэц дүүрэн харуулна вэ.
Сэтгүүл зүйд ёс зүй гэж бий. Тэр тусмаа сэтгүүл зүй хүүхдэд илүү энэрэнгүй, хүндэтгэлтэй хандах ёстой. Харуусалт хэргийн хохирогч болсон тэр жаахан хүүхэд та бидний охин, дүүтэй л адил хүүхэд шүү дээ.
Ямар ч хүн үр хүүхэд, дүүгийнхээ цусанд будагдсан зургийг олонд харуулж, түүнийг нь орон даяар үзүүлэхийг тэвчинэ гэж үү. Тэр жаахан охины зургийг харуулснаараа бид элэг нь эмтрэн байгаа гэр бүлд нь тохиосон уй гашууг нимгэлэх бус улам нэмж байгаа санагдана.