Н.МӨНХЖИН

Кубын эдийн засагч Оскар Эспиноза Чепе Гаванын их сургуулийг төгсөнгүүтээ л Фидель Кастрогийн дэргэдэх судалгааны багт ажиллаж байжээ.

Гэвч “Үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа” хийснийхээ төлөө 2003 оны хар хавраар 20 жилийн ял сонсчээ. Тэрээр саяхан суллагдаж, Кубад буцаж ирэх болзолтойгоор арлыг орхин явах зөвшөөрлөө авчээ. Оскар Эспиноза социалист гүрэнд дипломат алба хашиж байхдаа ЗХУ-ын удирдагч Горбачевийн перестройка-г “хажуунаас” нь харж мэдэрсэн нэгэн. Дараа нь Кубын Үндэсний банкинд ажиллаж байхдаа Кубын эдийн засгийн тогтолцоо буруу гэдгийг олж мэдэн байнга эрх баригчдад са­нуулж, мэдэгдэл хийсээр тэрс үзэлтнүүдийн нэг болон хувирчээ. Түүний “АВС” сонинд өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

 

-Кубад шинэчлэл яваг­даж байна уу, үгүй юү?

-Рауль Кастрогийн явуулж буй эдийн засгийн маш хязгаарлагдмал, хан­галт­гүй шинэчлэл нь асууд­лыг шийдвэрлэж ча­дах­гүй байна. Бид 90-ээд оны онцгой үеийн хямра­лаа­саа гарч чадсангүй. Хоёр мөнгөн тэмдэгттэй, улс орны хөрөнгө алдагд­сан, үнэгүйдсэн хэвээр байна. Куба улс сүүлнээ­сээ эхлэн өөрийгөө иддэг матар мэт өөрөө өөрсдий­гөө мэрж идэж байна. Нэг сая 300 мянган төрийн албан хаагч илүүдэж бай­гааг Засгийн газар мэдэж байгаа. Энэ тал дээр зо­рил­го тавьсан ч хэрэгж­сэн­гүй. Ажиллах хүчийг да­хин зохион байгуулал­тад оруулалгүйгээр үйлд­вэр­лэл болон бодит цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Хоёр мөнгөн тэмдэгт хэ­рэг­лэдгийг халж, ажлын бай­ран дээр сахилга батыг тог­тоож, авлигын эсрэг тууш­тай тэмцэх хэрэгтэй.

-Цагаачлалын шинэ бод­лого, дөнгөж төрж бай­гаа хувийн сектор... Эд­гээр нь коммунист дэглэм нээлттэй болж буйн илрэл мөн үү?

-Энэ нь олон хүнийг хууль ёсны дагуу гадагшаа гаргаж, илүүдэж буй олон хүнээс салж, тэднийг Куба руу мөнгө гуйвуулагч болгон хувиргах бодлого гэж бодож байна. Гадаад ер­­төнцөд нээлттэй бодлого мэт харагдаж байгаа юм. Нээлттэй бодлого хэрэг­тэй байгаа тэр хүмүүстээ хүрэх ёстой. Одоогоор энэ бодлого нь ноцтой асууд­луу­дад хүрч чадахгүй бай­на. Хүмүүс гудамжинд жи­жиг сажиг хоол хүнс, эд зүйл зараад өөрсдийгөө тэжээж байгаа ч эдийн засаг ингэж хөгждөггүй. Хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийг нэмэг­дүүлж, хөдөлмөрийн урам­шуул­лыг бий болгох хэ­рэгтэй.

-Венесуэлийн улс төр, эдийн засгийн хямралт бай­дал Куба дахь өөрч­лөл­тийг түргэсгэх болов уу?

-Cepal (НҮБ-ын дэр­гэ­дэх Латин Америк, Карибын эдийн засгийн хороо)-ийн илтгэлээс хара­хад Венесуэлийн байдал их ноцтой байна. Тэд нефть­тэй ч гадаад өр нь асар их болсон. Куба арал ивээн тэтгэгч хайлгүйгээр өөрчлөлтөө түргэсгэх нь хамгийн ухаалаг зам байх. Бразилтай хамтын ажил­ла­гааг өргөжүүлж байгаа нь сайн хэрэг. АНУ-д яриа хэлэлцээнд нааштай ханд­даг, уян хатан Ерөнхий­лөгч байгаа дээр харил­цаа­гаа хэвийн болгох хэ­рэг­тэй байна. Куба дотроо үндэсний эвлэрлийг эр­хэм­­лэ­сэн, гэрээ хэлэлцээг хайсан секторуудыг хайх хэрэгтэй. Тэрнээс Кубын Засгийн газрын хүсэл зо­ригийн тэс эсрэг өөрчлөлт гарна гэж бодохгүй байна. Ард түмний цөхрөл ийм их байхыг би хэзээ ч хараагүй.

-Нийгмийн тэсрэлт болох юм биш биз?

-Кубад байдал улам л дордож, итгэл найдвар алдагдсаар байна. Засгийн газар энэ аюултай нөхцөл байдлыг сайн ойлгох хэ­рэг­тэй. Тиймээс Кубын католик сүмийн удирд­лагын гадаадын оролцоо­гүйгээр, куба иргэд хоо­рондоо ярилцаж гарц, шийд­вэрт хүрэх ёстой гэ­сэн уриалгыг би дэмждэг.

-Албан ёсны “Гранма” сонин, “Социалист заг­варыг шинэчлэх” арга хэм­жээний хамгийн хэцүү, ха­туу нь одоо ирнэ гэж бич­сэн. Юуг тэгж хэлсэн юм бол?

-Засгийн газар үүний­гээ тодруулах хэрэгтэй. Өнөөг хүртэл төрийн албан хаагчдыг олноор нь халж “өөрсдийгөө болгох” сек­тор руу шилжүүлж ирсэн хөдөлмөрийн бүтцийн шинэч­лэл байж болох юм. Гэвч хангалттай ажлын байр бий болгож чадсан­гүй. Ашиггүй ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн газруудыг хаах тухай ярь­сан байж магадгүй.

-“Өөрсдийгөө болгох” секторынхон (хувийн сек­тор) татвар нэмэгдсэн, бөөний зах дутагдалтай байна хэмээн гомдоллож байна?

-Тийм ээ, татвар үн­дэс­лэлгүй нэмэгдэж бай­на. Мөн ажлын багаж, тоног төхөөрөмж дутаг­даж, хянагч, шалгагчид дарамталж, түвэг учруул­даг хэмээн гомдоллож байна.

-Давхар мөнгөн тэм­дэг­тийн асуудлыг яаж шийдэх вэ?

-Бүх эдийн засгаа бүт­цийнх нь хувьд шинэчлэх шаардлагатай. Бид одоо болтол үүнийг хийсэнгүй.