Д.ЦЭРЭННАДМИД

“ҮЛГЭР ЯРЬДАГ” БАЙШИНД НААДАМ ДУРСАВ

 

Морьгүйгээр монгол хү­нийг төсөөлшгүй гэдэг туйлын үнэн үг. Миний танилууд, най­зуу­дын дунд алдартай сайн адуу­чин, бас уяач, уургач биш ч моринд хайртай, сав л хийвэл морь ярьж, магтдаг нь цөөнгүй л дээ.

Тэдний нэг нь надад “Би чамд нэг содон эмэгтэйн ту­хай ярьж өгье. Түүнийг сур­валж­лаадах­гүй юу” гэсэн юм.  Тэгээд “Тэр Монголын цирк”-ийн алтан үеийн үнэ­хээр содон нэгэн байсан. Моринд гарам­гай талаараа хэн­тэй ч зүйр­лэхээргүй циркчин.

Одоо бол сонгомол морин спортын клуб байгуул­чихсан хүүхэд, залуу­чуудад ихийг сургаж яваа юм. Тэр энэ намтрыг нь өөрөөр нь яриулбал сайхан юм хэлнэ дээ”. Нэр нь Мөнхтогоо гэсэн юм.

Энэ саналын дагуу сайхь эмэгтэйг олж со­ниныхоо “Амьдралын тойрог” буланд зочноор урихаар замд гарлаа.

Түүнийг сураглаж Яармагийн дэнж буюу замын урд талын хэдэн намхан цагаан байшин­гийн дундах тэнгэр цоолох гэж урласан юм шиг гоз­гор хөшөөний дэргэд оч­лоо. Тэнд очвол Л.Мөнх­тогоог оллоо гэсэн үг гэж нөгөө нөхөр захисан юм л даа. Уг хөшөөний өмнө харваас насажсан болов уу гэмээр дан цагаан байшин харагдах. Түүний дэргэд хашаанд морьд тургилж хөдөө үнэртэх. Энэ үед эрлээ оллоо гэсэн бодол надад төрлөө. Эндүүр­сэнгүй ээ.

Хашаа дотроо уужим­хан. Баруун талын морь­дын байрнаас шпортой гутал, бариу өмд, дуулга малгай өмссөн залуус морио хөтлөн гарч ирлээ. Тэд нэг эмэгтэйн коман­даар мориндоо мордож алаг модон төхөөрөг бүхий талбайг тойрон давхилдав.

Удалгүй саад харайж харагдана. Морьтнуудыг удирдаж буй шар цамцтай эмэгтэй нөгөө содон эмэгтэй маань мөн байлаа. Монголын морин спортын төв клуб тэр хашаан дахь намхан байшинд байрла­даг аж. Хүмүүс морин тойруулга гэж нэрлэж заншсан юм билээ. Энд Л.Мөнхтогоо ажилладаг төдийгүй өөрөө сонгомол морин спортын “Даллага” нэртэй клуб байгуулжээ.

Хуучин морин той­руулгын бааз суурь энд байдаг болохоор түүнийг түшиглэж клубээ бай­гуулсан гэж Мөнхтогоо яриагаа эхэлсэн.

Тэхдээ бас энэ газрын үүх түүхийг сангалзаж билгэ дэмбэрлийг нь бодсон тухай хэлсэн юм. Морин спортын төв клуб байрлаж байгаа цагаан байшин хүн юм бол тун ихийг өгүүлэх биз ээ. Яа­гаад гэхээр Ардын засгийн анхны наадмаас эхлээд улс хувьсгалын 10, 20, 25 жилийн ойн баяр наадмууд энд болж байсан юм бай­на. Тухайн үеийн мон­голчууд улс орноо мандан бадарч, ардууд эрх чөлөө­гөө хэрхэн эдэлж байгаа­гаа энэ л дэнжид болдог баяр наадмаас мэдэрдэг байсан гэдэг. Морин спортын төв клу­бын дарга О.Жаргалзориг ярихдаа,

-Миний сууж байгаа энэ заал чинь Х.Чой­бал­сан, Г.Бумцэнд, С.Янж­маа гээд тэдний үеийн нам, төрийн удирдагчид айргаа ууж, хундага тул­гаж хооллож байсан газар юм шүү дээ. Наадамд тү­рүүл­сэн бөх, түрүү морины эзэд энд ирж маршлаас бай шагналаа гардан авч байж. Ийм л түүхтэй байшинд морь яриад сууж байна даа гэсэн юм.

Үнэхээр Монголоороо сайхан наадам болдог байсан тухай хууччуул хэлдэг байсан. Яармагийн дэнж наадмын өдрүүдийг дааж ядаж байсан гэж магтдаг. Харин тэр үеийн Улаанбаатар хот 100 хүрэхгүй мянган хүнтэй байсан гээд бодохоор одоогийнх шиг сүрхий хөлтэй байгаагүй нь мэдээж.

Ардын хувьсгалын 25 жилийн ойг тун өргөн дэлгэр тэмдэглэсэн тухай түүхэнд бий. Тэр үед нийс­лэлийн хүн ам ч нэлээдгүй өссөн байсан гэдэг. Өргөн баяр наадам болсныг нь Б.Түвдэндорж. Ц.Чимэд-Очир, Н.Жамъян гээд гурван аварга зодоглож Б.Түвдэн­дорж хоёр дахь түрүүгээ авсан, олон морь уралдсан гэдгээр нь төдий биш улаан хээ, бичигтэй айргийн том шаазан хул, эрийн гурван наадмыг дүрсэлсэн дурсгалын цо­мог саяхан болтол зарим айлд харагддаг байснаар нь төсөөлж өвгөчүүл хэлэлцдэг л дээ.

Тэр наадмаар одоо хүр­­­тэл анхны төрх нь хэ­вээр буй тэнгэрээд тэ­мүүлэх тэр нэгэн хөшөөг нээсэн байдаг. Харин хэзээ ч түүнийг сэлбэж додомдоогүй орхисноос элж хуучирч. Тэр ч байтугай хөшөөний орой дахь таван хошууг 1990-ээд оны эхээр хэн нэгэн хул­гайлаад авчихсан байна. Тэр таван хошуу нь алттай байсан гэх юм билээ. Гэх­дээ түүх үүгээр төгсөөгүй ээ. Энэ дэнжид хурдан морьдын тоос нам­жаагүй байна. Өнөөдөр ч морьтон залуус ихийг сурч, сургуу­лилж амьдрал үргэлжил­сээр л байнам.

Ардын хувсьгалын анхны наадмуудын тухай дурсаж “өвгөн” байшинд ийм л сайхан түүхийн сэ­жүү­рийг сөхөн ярилцлаа.

 

Л.МӨНХТОГОО ГЭЖ ХЭН БЭ?

 

Тэр тун хөдөлгөөнтэй, юм юм сонирхсон жаахан зоргоороо л хүүхэд байж. Гэхдээ санаа нь циркийн хүн болохыг л мөрөөдөх төдийгүй өдрийн бодол, шөнийн зүүд болж байв. Аав нь Навааны Лувсансодов гэж соёл, урлагт их ойр хүн байж л дээ. Өөр мэргэжлийн хүн мөртлөө Бөмбөгөр ногоон театрт урансайханчаар явж “Далан худалч” зэрэг жүжигт тоглож байсан тухайг нь Л.Мөнхтогоо хэлэв. Энэ нь үр хүүхдэд нь нөлөөлсөн биз. Л.Мөнх­тогоог эхлээд хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулж төгөлдөр хуурын ангид оруулах болов. Сэт­гэлд нь огт нийцсэнгүй. Нөгөө л циркч болох санаа нь дийлээд долоо хоног хичээлээ таслан эсэр­гүүцэл үзүүлж циркийн сургуульд шалгалт өгөхөөр болж. Шалгалтаа өгөөд тэнцэв. Гэтэл аав ээж хоёр нь зөвшөөрсөнгүй.

Тэгэхээр нь Гадаад яаманд ажилладаг Нацаг­самбуу эгчийгээ дагуулж цирк дээр очоод “Гэмтэж бэртсэн ч, алив осолд өртсөн ч гомдолгүй” гэсэн бичигт гарын үсэг зуруулж авснаар Т.Цэнд-Аюуш баг­шийн шавь болж цирк­чин болох замдаа орсон нь Мөнхтогоод хамгийн аз жаргалтай мөч байсан гэдэг.

Удалгүй багш нь тоож манежид гаргасан нь баяр дээр баяр болов. Гэвч Л.Мөнх­тогоод бас өөр хү­сэл байлаа. Тэр нь агаарын гимнастикийн номер хийдэг болох. Энэ тухайгаа багшдаа хэлж зөвшөөрүүлэв.

Эхлээд шидэх банз­наас үсэрч тоглов. Удалгүй агаарын гимнастикийн дөрвөлд багтав. Тэгээд анхныхаа тоглолтоор Эрхүү явж байж.

1972 онд шинэ цирк ашиглалтад хүлээн авсны анхны тоглолтод тэр үзүүлбэрээрээ оролцсоноо Л.Мөнхтогоо их хувь заяа юм шүү гэж дурсаж байна. Одоо циркийн байшинг харах бүрдээ, тэр дотор нисч, дүүлж ёстой л жи­гүүртэн шиг байж гэж бод­­­дог гэснээ ч ярьж байна.

Тэгж байтал нь улсын гавьяат жүжигчин Д.Норовцэрэн гэдэг хүн. “Морьтны гайхамшиг” гэдэг тоглолт санаачлан хамт олон бүрдүүлж бай­гааг сонсоод Мөнхтогоод морь морь гэсэн дуудлага ирээд байх шиг болж. Бас л нэг хүсэл нь биелээд дөрвөн жилийн дараа тэр “Морьтны гайхамшиг” хэмээх Монголын цир­кийг тив, дэлхийд алдар­шуул­сан нэгэн бүтээл мане­жид анх гарсан түүхтэй аж.

Хүнд чин хүсэл, онц­гой мөрөөдөл байвал түү­нийхээ оргилд хүрдэг гэ­дэг. Үнэхээр тийм шүү гэдгийг өөрийн хүсэл зо­риг, онцгой чадвараар ба­тал­сан хүн бол Л.Мөнх­тогоо байж. Тэр бусдын дор хаяад хоёр жил сургуулилж байж сурч байсан дасгалуудыг нэг сард л өөрийн болгож чадаж. Тиймээс циркийн удирдах хүмүүс соёлын яамныхан түүнийг үнэлж “Морьтны гайхамшиг” болон агаарын гимнасти­кийн төрөлд давхар тоглуулах эрх өгчээ.

Гэхдээ хамгийн гол нь биеийн эрүүл мэндэд нь онцгой анхаар, ядаргаанд оруулчихав гэж анхаа­руулсан гэх. Арга ч үгүй юм. Морьтны гайхамшигт гэхэд Л.Мөнхтогоод орлон тоглогч байсангүй. Энэ тухайгаа ярихдаа,

-Намайг циркт ороход Д.Нацаг багш, илбэчин Цэнд-Аюуш, акробатчин дархан аварга Д.Дамдин гээд мундгууд Мажиг­сүрэн, Ягаанцэцэг, Хи­шиг­даваа, Энхээ, Цээеэ гээд ёстой түшиг болох сайхан хүмүүс байсан. Тэдний дунд л жүжигчний хувьд өсч бойжсон хүн дээ гэж байна билээ.

 

МОРЬТНЫ ТОГЛОЛТ НЭРНЭЭСЭЭ ЭХЛЭЭД ГАЙХАМШИГ БАЙСАН

 

“Морьтны гайхам­шиг” гэдэг цогц үзүүлбэр үнэхээр Монголын циркийн нэрийг өргөж явсан нь үнэн. Тэр дотор уг тоглолтыг үзүүлэгч хамт олон гэж ёстой л монгол хүн, монгол морь хоёр ийм гайхамшигтай юм шүү дээ гэдгийг харуулж байсан билээ.

Баярхүү, Батсайхан, Оюунбат, Балдандаваа, Зоригоо, Болдбаатар гээд хамт олоны дотор цорын ганц нь эмэгтэй нь нийтлэлийн маань баатар Л.Мөнхтогоо байлаа.

Ер нь тэдний үзүүлбэрийг үзсэн хүн л цирк үзлээ гэж ярьдаг шиг байж  л дээ. Гадаадынхан морьтон залуусыг харах гэж, тоглолтыг үзэх гэж цирк рүү очдог байсан нь туйлын үнэн байсан гэж болно. Монгол морь гадныханд их омголон догшин мэт харагддаг гэнэ лээ. Дэл сүүл нь сагсал­заад сүртэй нь бахархалтай.

Хар хурдаараа давхиж яваа морин дээр хөл, тол­гойгоороо зогсохоос эх­лээд гэдсэн доогуур нь орж нөгөө талд нь ганзаг­луулж давхих, чөлөөтэй бууж мордож тоглох энэ бүхэн ёстой л бахархам санагд­даг шүү дээ. Л.Мөнхтогоо тэр үйлдлийг бусдаасаа анх содон илүү уран хий­дэг байлаа. Эмэгтэй хүн тийм хүнд номер хийнэ гэдэг нүдээр үзээгүй хүнд бол үнэмших ч аргагүй юм шиг санагдах нь бий.

Циркийнхнийг Анг­лид тоглож явахад нэг судлаач,

-Танай Монголын цирк дэлхийд айргийн гуравт орохоор байна. Тэг­вэл морины гайхамшгийн ганц хүүхэн нэг номерын жүжигчин байна гэж үнэлжээ. Тэр үнэлгээнд түшиглэн Л.Мөнхто­гоо­гийн цалин нэг дахин  нэмэгдэж байсан гэх юм билээ.

-Цалин нэмэгдэнэ гэ­дэг сайхан байсан уу гэж Л.Мөнхтогоогоос асуухад,

-Намайг гадаадад тоглолтоор явж байхад цалин нэмсэн байсан. Тухайн үед надад цалин проблем биш байж дээ. Гагцхүү тоглоод л ур чад­вараараа гайхуулж үзэгч­дийг татаад нижиг­нэсэн алга ташилтаар “шагнуу­лаад” явж байх л сайхан байлаа шүү дээ гэсэн юм.

Монголын урлагт хамгийн их орлоготой нь цирк л байсан гэдгийг олон хүн хэлдэг юм билээ.

“Морьтны гай­хам­шиг”-ийн гоцлол жүжиг­чин бүсгүйн тоглолт бүр ч содон байлаа. Тэр чана­раараа Л.Мөнхтогоод талархах, хайрлах хүн тун олон байжээ.

Энэ бүсгүйн гайхам­шигтай чадварыг харахаар хийморь сэргэдэг байсан гэж олон хүн дурсдаг юм.

Францын Матилда гэдэг хүн Элчин сайдаа дагуулж цирк дээр очоод Л.Мөнхтогтоог цохон уулзаж байж. Түүнээс болоод хөрөнгөтөн орны Элчин сайдтай уулзсан нь Мөнхтогтоогийн буруу болж НАХЯ-наас шалгаж байсан удаатай гэх.

 Уул нь тоглолтыг нь үзээд үнэхээрийн бишрэл хүндэтгэл төрсөн учир биечилж баяр хүргэх гэсэн соёлт ёс л тэр байж.

Гадаадад Монголын циркийг үнэхээр үнэлдэг байсан үе бий. Тэр дотор “Морьтны гайхамшиг” үзүүлбэр монгол хүнийг морьтой нь жинхэнэ алдаршуулж байна. Энэ тоглолтыг үзээд монгол хүн мориндоо гарамгай гэдэг нь хэтэрхий юм гэж гадны хэвлэлд бичиж бай­сан бол Д.Дамдин гуайн ахалдаг “Хүч тамирын акробат”-ыг үзсэн нэгэн.

-Чингисийн удмынхан ээтэн хоншоортой гутлаа­раа газар тамгалан алхахад дэлхий өм цөм гишгэгдэж байлаа гэж бичсэн удаатай билээ.

Цирк ингэж монгол хүнийг морьтой нь ур чад­вартай, бяр тэнхээтэйгээр нь бахархаж байсан цаг саяхан. Л.Мөнхтогоо тийм ур чадвартай, хийдэг үзүүл­бэрийг нь хэн ч орол­доггүй гоцлол жүжигчин байсан атал яагаад гавьяа шагналгүй шахам байсан бэ? гэсэн асуулт гарч бай­на. Өмнөх нийгэмд шу­дар­гадуу, нам, засгийн бодлого, шийд­вэрийн та­лаар шүүмж­лэлтэй ханд­сан хэнд ч санасанаа шууд хэлчихдэг хүн жаа­хан ад үзэгддэг үе байж. Мөнхтогоо тиймийн нэг байлаа.

Бас намын гишүүн биш бол юманд хүрдэггүй л байсан даа. Циркт “хал­зан” Цээеэ, Цэрэнбат, Шүрэнцэцэг, Л.Мөнхто­гоо гээд хуруу дарам цөөн хүн тэдний тоонд ордог. Байгууллагын хуралд дар­га нарынхаа шүүсийг тэд л шахна. Тийм болохоор шагналд тодорхойлдоггүй байсан шиг юм билээ.

Мөнхтогоогийн хувьд намд хэд хэд орсон ч жин­хэлж чадалгүй орлогчийн батлахаа буцаагаад “тушаачихсан” гэдэг.

Өөрөө ч намтай намгүй би хийдгээ л хийнэ гэж хэлсэн нь намын даргаа бухимдуулжбайж. Түүний хэлэх гэсэн юмаа хэнд ч хэлчихдэг нь 1980-аад оны сүүлчээр болсон залуу уран бүтээлчдийн анх­дугаар зөвлөгөөн дээр бүр илэрч тэр уран бү­тээлч­дийн хийж бүтээсний ялгааг харгалзаж цалин олгодоггүй тухай циркээ хурцхан шүүмжлээд авч.

Сайн уран бүтээлчийн улсад оруулж байгаа орлого нь илүү байдгийг хэн ч анзаарахгүй байна. Чадал муутай нь сайндаа чирэгдэж явна шүү дээ гээд л...

Энэ шүүмжлэл Л.Мөнх­­­­тогоо хэн бэ? гэд­гийг улам тод харуулсан. Түүний дараахан улсын цирк хувьчлагдсан байдаг юм.

 

Л.МӨНХТОГОО: 20 ГАРУЙ ЖИЛИЙН ХОЙНО КИРГИЗҮҮД НАМАЙГ ТАНЬЖ БАЙНА ЛЭЭ

 

-Циркчин бүсгүй хэзээ энэ морин спортод урвасан юм бэ?

-Ганц би биш “Морьт­ны гайхамшиг”-ийн хэд хэдэн залуу нууцаар морин тойруулгад очиж дасгал сургуульд ордог байлаа. Циркийн дарга найруулагч нар мэдэх юм бол болохгүй л дээ. Энхтайвны гүүрэн дор нуугдаж байгаад явчихдаг. Орой нь ирж гар нүүрээ хальт угаагаад л тоглолтдоо орж байлаа. Ингэж явсаар нэг жилийн дараа гэхэд сонгомол мо­рин спортын төрөлд спор­тын мастер болсон доо. Тэгээд одоо мэргэжлийн тамирчны хувьд хүүхэд, залуучуудыг энэ спортоор хичээллүүлж тив, дэлхийн тэмцээнд бэлтгэж байна.

Саявтар сонгомол морин спортын “Даллага” нэртэй клуб байгуулсан. Одоо сонирхолтой хүүхэд, залуучуудыг элсүүлж авч сургалтаа улам өргөжүүлж байгаа.

-Мөн саяхан олон улсын тэмцээнд тамирчнаа оролцуулсан гэл үү?

-Тэгсээн. Киргизэд болсон тэмцээнд хоёр тамирчинтай очиж нэг нь дөрөвдүгээр байр эзэлсэн. Муугүй амжилт шүү дээ. Нэг сониныг ярихад Фрун­­зийн морин спортын холбооны ахмадууд на­майг тун түвэггүй таньж байлаа.

20 гаруй жилийн өмнө “Морьтны гайхамшиг”-т тоглож байснаар нь мэдэж байх юм. Би намайг та­нина гэж ер бодоогүй. Тэгсэн,

-Чи чинь “Морьтны гайхамшигт-ийн аугаа хүүхэн байна шүү дээ. Чамайг циркийн жүжигч­нээр чинь мэднэ. Харин морин спортын тамирчин, дасгалжуулагч гэдгийг чинь одоо мэдлээ. Сайхан байна. Туслана аа гэж байв.

Бас “Морьтны гай­хам­шиг”-аа сэргээгээч гэсэн юм. Сэтгэл их хө­дөлсөн. Цирк гэдэг аугаа урлагийн ач буян энэ байх аа гэж бодсон. Би зүгээр нэг жирийн жүжигчин биш байж гэж өөрөөрөө ч бахархах сэтгэл төрсөн.

-Өөрөө өнгөрсөн жи­лийн наадмаар Хүй долоон худагт “Морьтой монгол­чууд” тоглолт зохион бай­гуулсан биз дээ?

-Тийм ээ. Өөрөө дас­гал­жуулж сургуулилс­наа­раа үзүүлэх тоглолт хий­сэн. Хүмүүс сайн хүлээж авсан. Тэгвэл энэ жил бүр хөгжүүлж жүжигчилсэн тоглолт хийх гэж байгаа.

Шанью хааны үеийн үйл явдлыг харуулсан тог­лолт байх юм. Най­руу­лагчаараа Наран­баатарыг сонгоод авчих­сан. Хөгж­мөө хийлгэж байна. Зарим дүрд нь мэргэжлийн жү­жиг­чид авч тоглуулна. Спорт талаа өөрөө ха­риуц­на. Гадныхан төдийгүй монголчууд хүсэн хүлээ­дэг тийм тоглолттой болох зорилго бий.

Ер нь одоо бидний байгаа анхны наадмууд болж байсан тэр орчинд морьтонгууд бужигнаж байдаг болговол Монголд ирсэн жуулчид ирээд заа­вал очиж үздэг газар болгохсон. Миний клуб байгуулаад зүтгээд бай­гаагийн цаад санаа тэр л дээ. Бас нэг зорилго маань тив, дэлхий, олимпод орол­цох чадвартай морин спор­тын шигшээ баг бүрдүүлэх явдал.

-Тэр бүхнийг ямар хүч хөрөнгөөр босгоно гэж бодож байгаа вэ?

-Ажлаа, зорилгоо танилцуулаад явахлаар туслая, дэмжие гэсэн хүн, байгууллага олон байна. Киргизид очиход  тэнд­хийн морины холбоо­ныхон морь хүртэл өгье, туслая гэж байсан.

Олон улсын Сонгомол морин спортын холбоонд хандахаар материалаа бэлтгэж байна. Бидэнд Тэрбиш гэдэг хүн харам­гүй тусалж морь малаар хангаж байдагт их баяр­ладаг. Гаднаас ч морь авчирч өгнө гэдэг.

Нийслэлийн Засаг дар­гын Тамгын газар ч газрын асуудлыг шийдэж өгөхөөр болсон.

Олны хүч оломгүй далай гэдэг дээ босноо оо. Урам зориг өндөр байна.

Би ер нь юм хийхгүй яриад явахыг цээрлэдэг. Юм хийх гээд явахад худал үнэн хэлж зэрэгцээд будилуулах гэж оролдох хүмүүсч байна. Тэднээс болгоомжлох юм.

-Мартсанаас мал мэнд үү гэгчээр циркийн од гэг­дэхээр болсон эмэгтэйчүүд хувийн амьдралаа орхиж “Улсын өмч” мэт болдог гэдэг. Энэ явдал өөрт чинь бас тохиолдсон байх даа?

-Тийм ээ. Байнгын хяналт, дарамтад байдаг байсан нь үнэн. Юуны гэр бүлтэй, хүүхэдтэй болох хориотой байлаа. Эр хүн­тэй аажуу, уужуу уулзах эрхгүй шахам. Нэг орой хүнээр хүргүүлчихсэн байвал асуудал босно. Багш нар эмнэлэг рүү авч явж үзүүлэх юм болдог. Нээрээ л би гэдэг хүн “улсын өмч” байсан шиг. Гэхдээ би хэтрэх насандаа нөхөртэй болсон ч  муу ээжийнхээ буянаар нэг охинтой болсон доо.

-Ээжийнхээ буянаар гэдгээ тодруулна уу?

-Жирэмсэн болчихсон чинь Цэнд-Аюуш багш Д.Норовсүрэн багш хоёр намайг дагуулж эмнэлэг дээр аваачиж хүүхдийг маань авахуулна гэсэн. Гэтэл ээж очоод тэр хоё­рыг зад загнаад намайг аваад гарсан.

-Юу гэж загнасан бэ?

-Энэ хүнийг насны эцэст нь цирк ч юм уу . Та хоёр хөлийг нь хучих юм уу? Нөгөө Сэрэлт кинон дээрх шиг. Эх нь охиноо мэдье маягийн юм хэлж хатуурхсан. Багш нар юм хэлж чадаагүй. Ийм л юм болсон.

-Охин одоо юу хийж байна вэ?

-Миний охиныг Т.Уянга гэдэг. Эдийн зас­гийн дээд мэргэжилтэй. Магистр хамгаалсан. Сурлага, мэдлэг сайтай охин бий. Би багаас нь биеийг нь даалгаж зөв чиглүүлэхийг хичээсэн юм.

-Нөхөр чинь юу хийдэг вэ?

-Ч.Төмөрбаатар гэж ХАА-н талын мэргэжлийн эрдэмтэн доктор хүн бий. Миний хөөцөлдөөд яваа ажлыг буруутгадаггүй их дэмждэг сайн хань даа.

-Өөрийг чинь амьд­ралын замналаа дүрслээд зурчих гэвэл ямар зураг зурах вэ?

-Нэг сайхан морь л зурна даа.