
М.ЦЭЦЭГ
Америкийн индианчуудын нэгэн домогт бүргэдийн өндөг олсон хүү тэр өндгөө тахианы үүрэнд тавьсан тухай өгүүлдэг. Өндөг хагарахад бүргэдийн ангаахай тахиануудтай хамт торниж эхэлжээ. Өөрийгөө тахиа гэж бодсон тэр бүргэдийн дэгдээхэй тахианы л хийдэг зүйлийг хийдэг болжээ.
Тэгээд шороо ухан ургамлын үр, шавьж хайдаг болсон гэнэ. Далавчаа дэлгэн тахиа шиг хашгирна. Тэгээд бусад тахиа шиг газар дээгүүр хэдхэн алхам л нисдэг байж.
Өдөр хоног өнгөрч, бүргэдийн дэгдээхэй өссөөр л байлаа. Нэгэн өдөр дэгдээхэй үүлгүй цэнхэр тэнгэрт эргэлдэн нисч байгаа үлэмж том шувууг олж харжээ.
Тэр шувуу хүчирхэг далавчаа бараг дэвэхгүй шахам элин халин нисч байлаа. Бүргэдийн дэгдээхэй дэргэдээ байсан тахианд ингэж хэлжээ.
-Тэр ямар сайхан шувуу вэ. Юу гэдэг шувуу юм бол?
-Тэр бол шувуудын хаан бүргэд. Харин чи тийм болох гэж мөрөөдөх ч хэрэггүй гэж хөрш тахиа нь хэлэв.
Азгүй бүргэд ч хөршийнхөө үгэнд ороод хэзээ ч бүргэд шиг болохыг чармайсангүй. Тийн бүх насаараа тахиа мэт амьдраад үхэхдээ ч тэр өөрийгөө тахиа хэмээн тооцсоор байжээ.
Энэ бол доктор Мерил Дугласын зохиол бөгөөд Х.Энхбатын орчуулсан “Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог” номын хэсэг.
Энэ зохиолтой адилтгах дүр зураг манай улс төрд бий. Том намаас тасарсан нам ч гэлээ жигүүрээ дэлгэж бүргэдийн дайтай дэвж чаддаггүй, тахианы үүрэнд өтөлж буй МҮАН-ыг хэлж болно. М.Энхсайхан энэ намыг 2006 онд Ардчилсан намаас тасалж авсан. Түүнээс хойш улс төрд оройлон тоглож чадаагүй, орон зай ч эзэлж чадсангүй. Байрнаасаа ч хөдөлж чаддаггүй бүргэд.
Мөн С.Оюун ахыгаа өнгөрсний дараа Иргэний зориг намыг байгуулж улс төрд орж ирсэн. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Хүнээр бол нэг бүтэн үе өнгөрч байна. Мөн бүргэдийн өндөг хэдий ч тахианы үүрэнд хоёр дахь үеэ өнгөрөөн өтөлж буй юм.
Энэ удаад ч тэд бүргэдийн дайтай нисч чадахгүй нь. Ардчилсан намыг дэмжиж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор боллоо. Дахиад л том бүргэдийг даган баясахаар шийджээ. Уг нь тэд бие даасан улс төрийн намууд. Тэгсэн ч дээрх үлгэртэй адил МҮАН, ИЗНН бүргэдийн дайтай нисч чадаагүй. Угаас чадахгүй. Цаашид ч жижиг намынхаа дүрд өтлөх болно. Яагаад гэвэл бүргэдтэй зэрэгцэн нисэх хүсэл, зорилго тэдэнд байхгүй. Угаасаа байгаагүй.
Дээрх хоёр нам Ардчилсан нам шиг, Ардын нам шиг эрх баригч хүчин байж хэзээ ч чадаагүй. Цаашид ч чадахгүй. Дарга хийдэг хэдэн хүн л бүргэдүүдийг аялдан дагадаг хэвээр байгаа цагт тэнгэрт дүүлэн нисч амжихгүй. Тэд ямар ч зорилгогүй улс төр хийдэг учраас тэр.
Аливаа улс төрийн хүчин сонгуульд оролцож олон нийтэд танигдаж, улс төрийн орон зайгаа олж авах, бэхжүүлэх зорилготой байдаг. Харин ийм хүсэл зорилго ИЗНН болон МҮАН-д байдаггүй. Өмнө нь ч байгаагүй. Цаашид ч ийм зорилготой ажиллахгүй нь тодорхой байна. Өнгөрсөн сонгуулиудад оролцсон түүх, гаргасан амжилт, үр дүн, намынх нь рейтинг судалгаа, улс төрийн орон зайг нь хараад ийм дүгнэлт хийж болно.
Тухайлбал, Иргэний зориг намынхан 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л Ардчилсан намыг дэмжиж оролцсон. 2008 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан.
Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-тай удаан хугацааны улс төрийн гэрээ байгуулсан МҮАН одоо Ардчилсан намыг дагалдах болов. Тэд хуучин бууриараа эргэлдэж буй хэрэг. Гэсэн ч тэд аялдан дагахаас өөрийг хийж чадахгүй. Хэрэв тэд МАХН-тай хамтарч өнгөрсөн УИХ-ын сонгуульд оролцоогүй бол парламентад олон суудал авах боломжгүй байсан бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай ярихгүй байсан болов уу.
ИЗНН ч гэсэн хэзээ ч эрх баригчийн хэмжээнд очиж чадахгүй. Саяхан л гэхэд ИЗНН-аас Х.Бат-Ялалт, С.Жаргал нарын гишүүд гарсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Тэдний ч зөв. Жигүүргүй, далавчгүй, тэнгэрт нисч чаддаггүй, нисдэг бүргэдүүдийг харж тахианы үүрэнд хэвтдэг бүргэдийн өндөг байснаас байгаагүй нь зөв гэж шийдсэн биз. Иргэний зориг нам Ногоон намтай нийлж нэрээ өөрчилсний дараа ч гишүүн асан Д.Энхбат тус намаас гараад явсан. Түүний сонголт мөн л зөв байсан.
Тахианыхаа үүрэнд шороо ухаж тонголзох уу, өндөрт элин халин нисэх үү гэсэн хоёр сонголт дээр дурдсан зохиолд гардаг. ИЗНН, МҮАН хоёр байрандаа шороо ухаж хэвтэхийг сонгосон учир тэнгэрт хэзээ ч дүүлэн нисч чадаагүй юм. Улс төрд өөрийн гэсэн орон зай эзэлж чадаагүй. Дорой бүргэд сайн дураараа тахиа болдгийн адил жижиг намынхаа дүрд байсаар байх болно. Тэд жижиг нам гэсэн дүрдээ итгэчихсэн, том гэж хэзээ ч мөрөөддөггүй, мөрөөдөх хүсэл зорилго байдаггүй. Төр засгийн эрх барих хүсэл, тэмүүлэл тэдэнд байгаагүй. Одоо ч байхгүй. Цаашид ч бий болохгүй нь.