Н.МӨНХЖИН

АНУ-ын нисэх хүчний чөлөөнд гарсан дэд хурандаа Ричард Френч хагас зууны өмнө үл мэдэгдэх нисдэг биет болон харь гаригийн хүмүүстэй учирч явсан түүхээ хуучлав. Эдүгээ 83 настай Френч 1950-аад онд ийм зүйлтэй учирч, гэрч болж явснаа “The Huffington Post” сонинд ярьсан байна. Дэд ху­рандаа тухайн үед үл мэдэгдэх нисдэг биетийн талаарх мэдээллийг цуг­луулж, дүгнэлт судалгаа хийдэг “Хөх ном” хэмээх төсөл дээр хамтран ажил­лаж байжээ. Ричард Френч харь гаригийнхны тухай худал мэдээллийг таслан зогсоох, үл мэ­дэгдэх нисдэг биетүүд гарч ирсэн гэх газарт очиж шалгалт хийх үүрэг хү­лээдэг байв.

1970 онд “Хөх ном” төсөл хаагдаж, санаач­лагчид нь ямар ч харь гаригийнхан, нисдэг таваг байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин энэ урт хугацаанд Ричард Френч нэгэн явдлыг хэнд ч хэлэлгүй зөвхөн өөртөө хадгалж иржээ. Чөлөөнд гарсан настай офицер саяхан Вашингтон хотод болсон нэгэн сонсгол дээр 1950-аад онд үзэж харсан зүйлийнхээ талаар өгүүл­сэн байна.

1950-аад оны эхээр Канадын Сент-Жонс хо­тын иргэд Атлантын далайн эрэг орчимд хэд хэдэн үл мэдэгдэх биетийг харсан тухай эрх мэдэлтэй хүмүүст дуулгажээ. Энэ мэдээллийг нягтлан шал­гах үүргийг офицер Френчэд даалгасан байна. Хоёр нэн сэжигтэй биет 150 км/цаг хурдтайгаар ус руу шумбаж орсон гэсэн мэдээлэл түүнд иржээ. Ричард Френч эрэг дээр хүрч ирээд ангайж хо­цорсон олон хүнтэй таа­ралдав. Тэдний дотор цаг­даа нар хүртэл байсан гэдэг. Тэнд байсан хүмүүс тунгалаг уснаа 5.5 мет­рийн диаметртэй, нэг метр орчим өндөртэй хоёр “Нисдэг таваг”-ийг ха­раад “ухаангүй” байсан аж. Тэдгээр биет эргээс хэдхэн метрийн зайд, мөн хоорондоо их ойрхон усны мандал дээгүүр явж бай­жээ. Үүний дараа офицер Ричард харь гаригийн хүмүүсийг олж харсан байна.

“Тэд хагас метрээс нэг метр орчим өндөртэй байсан. Гэрэлтэй, цайвар өнгөтэй, хоёр юм уу, гур­ван хуруутай их нарийхан, урт гартай байсан. Тол­гойны дээд талын хэсэг нь эрүүний хэсгээсээ ха­маагүй өргөн, нүд нь хүүхэн хараагүй сөлөрдүү байсан. Тэд яг л кинон дээр гардаг харь гаригийн­хантай адилхан байсан” хэмээн Френч ярьжээ.

Дараа нь нэг хөлөг нь уснаас тасран дээшээ нис­сэн ч буцаж ирсэн хэмээн чөлөөнд гарсан хурандаа өгүүлж байна. “Нисдэг тавагнууд” ямар нэг юм хийж байгаад 20 минутын дараа Атлантын далайг орхин хөөрч тэр даруйдаа хараа бараагүй алга болсон аж. Дээрээс тусгай даалгавартай бай­сан Ричард Френч хуу­рамч илтгэл бичиж өгчээ. Мань эр тэр үед мөлгөр хэлбэртэй ямар нэг тээв­рийн хэрэгсэл харсан гэд­гээ батлан өгүүлж байна. Чөлөөнд гарсан нисэгч харь гаригийн хүмүүсийг харсан, тэд “Нисдэг таваг”-аа засч, найд­вар­тай байдлыг нь шалгаж бай­хад нь таарсан гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.