Ч.ҮЛ-ОЛДОХ

“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайханыг урилаа.
-Богд хааны ордон маань тал талаасаа өндөр байшингаар халхлагдаж, олох гэж хайхад хүрэх нь. Түүгээр ч барахгүй түүхээ мэдэхгүй, дээр нь бүхнийг мөнгөөр шийдэж сурсан улстөрчид арай нүүлгэе гээд зогсч байх юм биш биз гэсэн бодол төрөх боллоо. Нэг талаас түүхийн дурсгал, нөгөөтэйгүүр музей маань ямархуу байдлаар ажиллаж байгааг асуумаар байна?
-Богд хааны музей түүхэн газар. Зөвхөн Монголын төдийгүй дэлхийн түүхтэй холбоотой. Тэр дотроо XX зууны эхэн үе, XVIII зууны эхэн үеийн дэлхийн соёлын төвлөрөл, уламжилж ирсэн зүйл гээд маш олон зүйл бий. Миний хувьд 2010 оноос музейн захирлаар ажиллаж байна.
Ажил аваад харж байхад соёл, түүхийн зарим асуудал орхигдож, тэр бүү хэл Богд хааны ордон хаана байдаг юм бэ гэх хэмжээнд хүрсэн байсан. Музей дээрээ сурталчилгааны ажил зохион байгуулдаггүй, доторх сан хөмрөгөөсөө үзмэрт тэр болгон гаргаад байдаггүй учраас зогсонги байдал ажиглагдсан.
Иймээс юуны өмнө бидэнд шаардагдаж буй зүйл нь өмнө явж ирсэн хуучин тайлбарыг шинэ нөхцөлд солих, өөрчлөх шаардлагатай болсон. Жишээ нь, Богд хааныг хүүхэмсэг эсвэл, архичин гэх зэргээр болохгүй, бүтэхгүй бүхнээр ярьж, бичдэг. Социализмын үеийн кинонуудад дандаа сөрөг байдлаар гаргаж ирсэн. Тэр нь орчин үед харин ч эсрэгээрээ байгаа юм. Тэр үеийн түүх өөр, тухайн үеийнхний хамгийн хүндэлж, дээдэлдэг хүн байсан байхад бид муулж, муухайгаар харуулж ирсэн. Энэ байдал одоо ч хэвээр байгаа. Хүмүүсийн сэтгэлзүйг өөрчлөх амаргүй. Богд хааны тухай гэхэд ганц хүний асуудал биш. Тэр үеийн тэргүүлэх зэргийн хүмүүс, язгууртан, ноёд, сэхээтнүүд хамрагдана. Лам нар ч үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд нөлөөлөх хэмжээнд оролцсон түүх бий. Энэ мэтээр аливаа зүйлийг ярихын тулд үүх түүх, үүсэл гарлыг зайлшгүй ярих шаардлагатай болно. Цаашилбал, Энэтхэгийн 84 шидтэн, Жавзандамба хутагтын өмнөх 16 дүр гээд олон юм бий. Тэр болгоныг яриад яах вэ. Товчхон хэлэхэд, музейн асуудлын зэрэгцээ судалгаа чухал шаардлагатайг бид онцолж байгаа. Нэг үеэ бодвол салбарын яам энэ талаар ярьдаг болсон. Гол нь бидний, монголчууд өөрсдөө хийсэн судалгаа маш муу байгаа.
-Музейн ажил, судалгаатайгаа уялдаатай байх ёстой. Ийм байж цогц байдлаар хөгжинө гэж та үзэж байгаа юм байна. Энэ талаар ямар жишээ, баримт хэлэх вэ?
-Өндөр гэгээн Занабазар бол яах аргагүй монгол түмний шүтэх бишрэх, дээдлэх хүндлэх, дунд сургуулийн сурах бичигт оруулж үр хойчдоо үр хүүхдэдээ уншиж, бичиж сурахаас эхлээд таниулах ёстой хүний нэг. Дуучин Д.Оюунтүлхүүрийг японууд сурах бичигтээ оруулснаа том үйл явдал гэж байсантай адил бид түүхийнхээ хамгийн чухал нь хэн бэ гэдэгт ач холбогдол өгч сурталчлах ёстой. Өнөөдөр манайхан Өндөр гэгээнийг анхдугаар Богдоор залсан гэж ярьж, бичдэг. Гэтэл тэр нь ямар учир шалтгаан, холбоо хамааралтай, яах гэж тэгж залсныг тодруулж судалсан зүйл бараг байхгүй. 1586-1587 онд гуравдугаар Далай лам Халхын Автай сайн хантай уулзсан гэдэг. Түмдийн Алтан хаан хөл нь өвддөг, тухайн үед бөөгийн шашинтай түүнийгээ онгод гэж нэрлэдэг. Олон сайн хүнд үзүүлсэн ч хөл нь эдгэхгүй байтал хоёр хувилгаан ирж эдгээсэн. Учрыг асуутал Далай лам байсан. Түүнээс улбаалан Автай сайн хан олж уулзсан, ингэхдээ эвтэй бол нөхөрлөе, эвгүй бол дайтъя гэж 1000 цэрэгтэй очсон түүх бий. Үүний цаана юу байсан нь сонин. Гэтэл тэр талаар судалгаа байдаггүй. Магадгүй тэндээс Монголын шарын шашны гурав дахь дэлгэрэлт эхэлсэн, дараагийн үр дүн нь Өндөр гэгээн Занабазар өргөмжлөгдсөн. XX зууны эхэнд Богдтой уулзсан гадаад, дотоодын олон хүний тэмдэглэлд түүнийг амьд бурхан гэсэн байдаг. Жавзандамбын шашин гэсэн хэллэг хүртэл тэр үед үүссэн. Тэр бүхэн Монголын тусгаар байдлыг харуулж байгаа юм. Автай сайн ханаас Өндөр гэгээн хүртэл учрыг тунгааж судалвал маш нарийн бодлого явсан нь ойлгомжтой. Харамсалтай нь нарийн судалгаа мөн л алга. Өндөр гэгээн Занабазар уран барималч, уран барилгачин, дархан, зураач, шашны талдаа тал бүрийн эрдэмтэй, байгаль судлаач, биологич гээд олон цол гуншинтай байсан. Тэр хүн яаж тийм болсон, боловсрол нь ямар байв гэдгийг судлах шаардлагатай. Ерөөс Богдын ордон музейн тухай ярихад эхлээд тэр хүний талаар ярих учиртай. Яагаад гэвэл, суурь үндэс нь Өндөр гэгээний үед бий болсон. Түүнээс хойш өнөө хүртэл хадгалагдаж ирсэн. Үндсэндээ Өндөр гэгээнийг 4-5 настай байхад Шар бүст өргөөний суурь тавигдаж, түүнээс улбаалан төвлөрөл эхэлсэн түүхтэй.
-Тэр нь ямар учиртай юм бэ?
-Өндөр гэгээнийг тодруулаад өргөө барьж өгсөн юм байна, тэр нь шар бүст өргөө юм байна гэж өнгөц ойлгож болох ч түүний цаана маш нарийн бодлого, төлөвлөгөө байсан. Тэр өргөөг дагаж бясалгал, номын ёс гээд чиглэл чиглэлээр долоон аймаг үүссэн. Сүүлд Их хүрээний 30 аймаг болж өргөжсөн. Энэ үйл явц сонин бүтэц, өвөрмөц төвлөрөл байсан. Өндөр гэгээний тухайд бас нэг зүйл анзаарагддаг нь Бага хаадын үеэс тэмцэл, зөрчил нь бие биеэ мохоон дарж ирснийг саармагжуулж Буддын шашныг хөгжүүлсэн явдал. Тэр их тэмцэл, зөрчил дотроос Өндөр гэгээн бидний үед юу үлдээв гэдгийг бид судлах хэрэгтэй. Би түрүүнд хэлсэн Богдын ордон түүний ордон юм. Мөн шар бүст өргөөнөөс эхлээд долоон ордон барьсан байдаг. Тэгэхээр нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар агсны хэлсэнчлэн Өндөр гэгээн “Цагаан хэрмийн наагуур шар хэрэм татаж их юм хийсэн хүн”. Түүнийг олон талаас судлах нь музейн түүхтэй салшгүй холбоотой.

-Музейнхэн өөрсдөө судалгаа хийх боломж байдаг уу?
-Үүнийг ярихын өмнө олон зүйлийг дурьдах хэрэг гарна. Гэхдээ товчхон бөгөөд шуудхан хэлэхэд тийм боломж одоогоор муу байна. Яагаад гэвэл, судалгаа хийхэд зардал гарна. Судлаачдыг цалинжуулах юм уу, гэрээгээр ажиллуулахад төсөв санхүү хэрэгтэй. Өрөө тасалгаа, ойр зуурын тоног төхөөрөмжөөр чадан ядан хангаж болох юм. Судалгаа хэрэгтэй, эрэлттэй байгаа ч нөгөө талд түүнийг явуулах зардал хэцүү. Сэдэв маш өргөн. Эрдэмтэн, судлаачид олон байна. МУИС-д доктор С.Дуламын ахалсан баг, түүхийн тэнхимийнхэн бий. Ю.Болдбаатар ахлагчтай профессорын баг байна. МУБИС-д На.Сүхбаатар, н.Алтанзаяа тэргүүтэй докторууд бий. ШУА-ийн түүхийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Төвд судлалын сектор, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, ТЕГ, Үндэсний архивын газрын судлаачид гээд олон чиглэлд эрдэмтэн, судлаач байна. Үүний дүнд эхний ээлжинд сэдвээ ярилцсан. Дараагийн шатанд гэрээ байгуулж хамтран ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь музей, судалгаа хоёрыг цогц болгох учиртай. Судалгааны тайлбарлах талбар нь музей юм. Тайлбарлах хэллэг гэхэд мөн орчин үед огт өөр болсон. Энэ талаар бодолцох зүйлүүд ч их бий.
-Өнөөдөр хэд орчим үзмэртэй байна. Барилга нь хуучирсан болохоор бороо ус нэвтэрч, дусаал гоожих, түүнээс хамгаалах асуудал ярьдаг?
-Манай музейн үзмэр бол тооноос илүү түүхэн ач холбогдол нь чухал. Учир нь Монголын хааны ордон шүү дээ. Дэлхий нийт яаж хүлээж авах вэ. Өөр ийм түүх дурсгал хэр олон билээ. Тооны хувьд 8000 гаруй үзмэртэй. Орон нутаг дахь 7000-8000 үзмэртэй музейтэй харьцуулахад үзмэрийн тоо олон биш ч яаж ч бодсон ач холбогдол нь илүү чухал. Бас нэг асуудал нь хаанаас гадна хатны асуудал бий. Монголын төрийн түүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ямар байв, хэрхэн нөлөөлж ирсэн нь маш сонин. Тэгэхээр Дондогдулам хатныг заавал дурьдах ёстой. Хааны ар талыг хэрхэн авч явав, бие биедээ ямар нөлөөтэй байв гээд судалвал сонирхолтой. Наад зах нь л гэхэд Дондогдулам хатныг нас барснаас жилийн дараа хаан бурхан болсон гээд энгийн байдлаас дүгнэлт хийх ёстой. Улаанбаатар хотын түүхийг авч үзэхэд ч тэр чигээрээ Богдын хүрээ, өргөө юм шүү дээ. Үүнийг онцолж байгаагийн учир нь нийслэл Богдын ордон музейд анхаарал хандуулах хэрэгтэй. Богдын шар ордон гэж байсан нь нэлээд эрт алга болсон. Цагаан ордон гэж байсныг социализмын үед устгасан. Хайстай лаврин нь Удирдлагын академийн дэргэд бий. Богдын орднуудаас одоогоор үлдсэн нь Богдын ногоон ордон буюу музей л байна шүү дээ. Тэгэхээр сэргээн засварлах талаар ярихын өмнө заавал энэ бүхнийг дурьдахаас аргагүй.
-Сэргээн засварлахын тулд нарийн технологи шаардлагатай юу?
-Богдын ордон музейн барилгын хувьд 1893 оноос баригдаж эхэлсэн. Зуны долоон сүм, өвлийн ордон нэртэй европ маягийн барилга, сүүдрэвч, ямбай хаалга, асарт хаалга гээд хэд хэдэн хэсэгтэй. Бүгд уран барилгын, түүх соёлын хөдөлшгүй дурсгал. Манай үзмэрийн нэг хэсэг нь энэхүү уран барилга юм. 1961 оноос сэргээн засварласан. Түүнээс хойш тийм хэмжээний том сэргээн засварлах ажил хийгээгүй. Иймд тэр үеийн засварын ажлыг сайн болсон гэж бид үздэг. Тэр талаарх түүхийг судалж байгаа. Тухайн үеийн мастерууд, уран дархчуул оролцсон учраас засварын ажил сайн болсон. Мэргэжлийн хүмүүс ч цөөнгүй байсан. Тиймээс тэдний хийснээс сурах, судлах зүйл бий. Наад зах нь л будаг шунхаа яаж найруулсан бэ гээд монгол будгийн технологийг сэргээх шаардлагатай. Соёлын зүйлүүдэд хандах, сэргээн засварлах тодорхой дүрэм журамтай. Тэр болгоныг анхаарах шаардлага бий. Хамгийн гол нь маш сайн судалгаа хэрэгтэй. Сүүлийн үед сэргээн засварлах ажил явж байгаа ч дутагдалтай. Энэ чиглэлийн ажил олон жил тасарснаас тэр. Мөн мэргэжлийн хүмүүс цөөрсөн. Гэтэл яг тийм засварын ажил шаардлагатай газар Эрдэнэзуу хийдээс эхлээд олон. Гэхдээ салбарын яам шинэ бүтцээр ажиллах болсноос эхлээд Богдын музейг анхаарч байгаа. Өнөөдөр бид түрүү жилийн төсөвт баталсан мөнгөөр явж байгаа. 2014 оны төсвийг ирэх долдугаар сард өгнө. Хийх ажлын төлөвлөгөө, зураг төслийг ч гаргасан байгаа.
-Одоо музейн барилга ямар байдалтай байна?
-1961 оноос хойш их засвар ороогүй, хэсэгчилсэн засварууд хийгдэж ирсэн ч 100 гаруй жилийн настай барилга юм чинь дээврээс ус гоожих, хазайлт үүссэн, яс мод нь илжирсэн хуурсан гээд асуудал бий.
-Газрын маргаан байсхийгээд гардаг. Яагаад түүхийн дурсгалт газрыг орон сууцны хорооллоор шахаж хавчаад байдаг юм бэ. Хэн зөвшөөрөл өгсөн бэ гээд олон асуулт ямар учиртай вэ?
-Одоо ч газрын асуудал явж байгаа. Олон асуудал бий. 2001 онд Засгийн газар хэд хэдэн газар хамгаалалтын бүс тогтоосон. Мөн 1997-1998 онд нийслэлийн хамгаалалтад авсан тогтоол бий. Түүний нэгдүгээрт, Богд хааны ордон орсон байдаг. 2001 онд бүс тогтоохдоо музейн газрыг 5.7 га гэсэн. Энэ шийдвэрийг сүүлийн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцах ёстой байх. Газар төрийн өмч учраас Төрийн өмчийн хороо мэдэх учиртай. 5.7 га гэж тогтоосноос хойш нэмж барилга бариагүй. Гэхдээ хамгаалалтын бүс дотор 2-3 газар олгосон асуудал бий.
Мөн “Ван трейд” компани хамгаалалтын бүс тогтоохоос өмнө хоёр байшин барьчихсан байдаг. Хамгаалалтын бүсийг хамгаалах ажлыг хийхгүй байгаад бид асуудал тавьдаг. Өнгөрсөн намар Ц.Оюунгэрэл сайд ирж танилцаад холбогдох газарт албан бичиг явуулсан. Нэг сонирхолтой зүйл бол “Ван трейд” компани 1.6 га газарт тохижуулалт хийнэ гэчихээд түүнээсээ хэсэгчлэн “Интернэшнл медика центр” компанид шилжүүлсэн байдаг. Энэ мэтээр газраа гуравдагч, дөрөвдөгч этгээдэд шилжүүлээд явах байдал анзаарагдаж байгаа юм. “Номун гэрэл” төв гэхэд л газраа томсгоод хамгаалалтын бүсийн газраас авчихсан. Энэ асуудлыг салбарын яамнаас хөөцөлдөнө гэсэн. Цаашид барилга байшин барих бус ногоон зүлэгжүүлэлт хийгдэх төлөв хотын ерөнхий төлөвлөгөнөд орсон байгаа.
-АПУ компани газар авчихаад байгаа юм биш үү, хамгаалалтын бүсэд?
-Бичиг баримт дээр АПУ гэсэн нэр байдаггүй. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тэгж ярьж, бичээд байдаг юм билээ. Тодорхой үндэслэлтэй болоод тэгж ярьж, бичдэг байх. Бид нотолж, баталж чадахгүй. Өөрт байгаа баримт, материалын хүрээнд л ярина шүү дээ.