Ц.БАЯР

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааны 20 хувьд баталгаа гаргахаар болсон. Ингэснээр урьдчилгаа төлбөр 10 хувь болж буурч байгаа билээ. Тэгвэл 10 хувийн урьдчилгаатайгаар зээлд хамрагдах боломж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан Өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэдэд нээлттэй байгаа юм. Харин иргэдийн дунд 7-15 бүлэгт хамрагдаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх, уг бүлэгт ямар орлоготой хүмүүс хамрагдаж байгаа зэрэг олон асуулт бий болоод байна. Иргэд юун түрүүнд өөрийн оршин суугаа баг, сум, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандана. “Би аль бүлэгт хамрагдсан байна вэ” гэдгээ лавлахад нийгмийн ажилтан юун түрүүнд тухайн иргэнийг судалгаанд хамрагдсан байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлж өгнө. Тухайлбал, та хоёрдугаар бүлэгт хамрагдсан байвал уг тодорхойлолтыг бичгээр авна. Тухайн тодорхойлолтоо  аймаг, дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс дээр очиж, баталгаажуулна. Ингэснээр тухайн тодорхойлолт арилжааны банкууд болон хөгжлийн банкин дээр бодитой баримт бичиг болно. Энэ судалгаанд хамрагдаагүй иргэн байж болно. Эсвэл хамрагдсан хэдий ч өөрийнхөө хамаарах бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Ийм иргэд дахин үнэлгээнд орох боломжтой. Үүний тулд нийгмийн ажилтандаа хүсэлтээ гаргаад, яг тэдэн сарын тэдний өдөр үнэлүүлье гэдэг огноогоо тохирно. Ингээд нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс судлаач очиж, тухайн өрхөөр дахин зочилж, үнэлгээг гаргах юм. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн байх зэрэг олон шалгуур бий. Ерөнхийдөө банкны шалгуурыг хангасан иргэн 7-15 дугаар бүлэгт хамрагдаж байвал бүрэн боломжтой.

Эх сурвалж:www.zms.mn