Ж.ЦОГЗОЛМАА 

 

Эдийн засгийн өнөөгийн байдал болон мөнгөний бодлогын талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай ярилцлаа.

 

-Та Төвбанкны дэд ерөнхийлөгчөөр томилог­доод багагүй хугацаа өн­гөр­лөө. Энэ хооронд Мон­голын эдийн засагт ямар өөрчлөлт гарав?

-Би өнгөрсөн оны арав­дугаар сард УИХ-аас Монголбанкны дэд ерөн­хий­лөгчийн албан ту­шаалд томилогдсон. Мон­гол Улсын эдийн засаг 2012 онд хоёр оронтой тоогоор өссөн үзүүлэлттэй байсан ч 2011 онтой харь­цуулахад өсөлт нь буурсан байна. Өөрөөр хэлбэл, ма­най эдийн засаг 2012 онд 12.3 хувь өссөн бол, 2011 онд 17.5 хувийн өсөлттэй байлаа шүү дээ. 2012 оны хувьд Монголын эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө хүнд жил бай­сан гэж болно.

Нэгдүгээрт, гадаад эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал таатай бус байснаар Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспор­тын орлого багассан, хоёр­дугаарт улс төрийн хувьд УИХ-ын сонгуулийн жил тохиосон, гуравдугаарт, стратегийн салбарт га­даадын хөрөнгө оруулал­тыг зохицуулах тухай хууль батлагдсан. Энэ хуулийн зарим зохицуу­лалт гадаадын хөрөнгө оруулалтад сөр­гөөр нө­лөөл­сөн. Манай улсын экспортын 92-93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Гадаадын хөрөнгө оруу­лал­тын ихэнх нь мөн энэ салбар руу орж ирдэг шүү дээ. Ер нь Стратегийн салбарт га­даадын хөрөнгө оруу­лалтыг зохицуулах тухай хуулийн үр дагавар нь манай шийдвэр гаргах түвшний албан  тушаалт­нуудад тодорхой хэмжээ­ний сургамж болсон байх.

-Дэлхийн эдийн зас­гийн хямрал төсөвт нөлөө­лөөд эхэлчихлээ. Цаашид ямар хандлага ажиглагдаж байна?

-Дэлхийн эдийн засаг хямралтай байна. Хя­тадын эдийн засгийн өсөлт буурлаа. Европ ч уналттай байгаа.

АНУ-ын хувьд бага зэрэг өсч байгаа, гэхдээ ажилгүйдлийн түв­шин 7-8 хувиас буурахгүй байна. Дэлхийн эдийн засаг дахь “ханиад” эдгэ­рэхгүй хэвээр байна. Энэ нь мэдээж Монгол Улсад  нөлөөлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд, мөн энэ оны эхний улирлын статис­тикийг харахад багасч байна. Дэлхийн эдийн засгийн уналттай холбоо­тойгоор манай экспортын түүхий эдийн үнэ унасан. Бодит эдийн засагт орох хөрөнгө оруулалт болоод улсын төсөвт энэ нь шууд нөлөөлсөн. Тэгэхдээ Мон­голын эдийн засаг ирэх гурав, дөрөвдүгээр ули­ралд идэвхжиж сэргэх байх. Үүнд нөлөөлөх бодит хүчин зүйлүүд ч байна. Тухайлбал, Оюутолгойн  үйлдвэрлэл эхэлбэл ойрол­цоогоор нэг тэрбум ам.дол­ларын зэсийн баяжмалын экспортын орлого олох хүлээлттэй байна. Манай экспортын бүтээгдэ­хүү­ний голлох хувийг эзэлдэг нүүрсний хувьд Таван­толгой ч эрчимжих магад­лалтай. Үүнд уг ордыг түшиглэн цахилгаан станц барьж байгуулах, төмөр зам тавих зэрэг дэд бүт­цийн төслүүд чухлаар нө­лөөлж, Монголын экспор­тын нүүрс­ний өрсөлдөх чад­варыг дээшлүүлэх ач хол­богдолтой. Мөн “Чал­ко” компанитай байгуул­сан гэрээний асуудлыг ч нааштайгаар шийдвэрлэх алхам хийгдэж, зогсонги байсан нүүрсний экспорт сэргэсэн нь чухал. Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргаж чадлаа. Энэ нь эдийн зас­гийн өсөлт саарч байсан үед тогтвортой байдлыг хангахад дэм болсны зэ­рэг­цээ Монголын эдийн засгийн өрсөлдөх чад­ва­рыг дээшлүүлэх төслүүдэд эхлэлийн хөрөнгө оруу­лалт болно. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалтыг урам­шуулахад түлхэц болно.

 -Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа нь Мон­голбанкны дэвшүүлсэн найман хувийн инфляцийн зорилтод нөлөөлөх болов уу?

-Монголбанкнаас инф­ляцийг найман хувьд барина гэсэн зорилт хэ­вээрээ байгаа. Энэ зо­рилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Инфляц буурчихвал зээлийн хүү багасна, тэгэхээр иргэд болоод жижиг, дунд үйлд­вэрлэгчдэд шууд хамаатай үр дүн бий болно. Хэ­дийгээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байгаа ч, бид эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж чадсан. Инфляцийг бууруулах зорилтод хүрэхэд ойрхон байна. Жилийн өмнө л 18 орчим хувьд байсан инфляц одоо 9-10 хувьтай байгаа нь бодлогын арга хэмжээний бодитой үр дүн юм. Бид инфляцийг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн­хаа бодит секторуудыг дэмжих бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

 

УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО СААТАЖ, ДУТАГДАЖ БАЙГАА НЬ ҮНЭН

 

-Гэхдээ үнэ өсөөд л байна. Инфляц буурах бодит хөрс нь бүрэлдэж чадахгүй байгаад байна уу?

-Инфляц буурах суурь нөхцлийг бид бүрдүүлж чадсан. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг Засгийн газар­тай хамтарсан хөтөлбө­рөөр багасгаж байна. Төс­вийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжсэнээр эрэлтийн гаралтай инф­ляцийн нөлөөлөл багасч, инфляцийн төсөөлөл зо­рилтот түвшинтэй нийц­тэй байгаа юм. Тэгэхээр бидэнд энэ оны эцэст инфляцийн найман ху­вийн зорилтоо хангах бо­ломж дүүрэн байгаа.

-Дэлхийн банк Монгол Улсын төсвийн алдагдал сүүлийн 13 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрлээ гээд байна. Ингэхээр инфляц буурна гэхэд эргэлзээтэй юм биш үү?

-Инфляцийн өсөлт, бууралт төсвийн ал­дагдалтай 100 хувь ха­мааралтай байдаггүй шүү дээ. Олон хүчин зүйлийн нөлөөллөөс хамаарч байд­гийн дотроос Төвбанкны мөнгөний бодлого хэр үр дүнтэй байна, ний­лүүлэлтийн хязгаар­лал­тууд шийдвэрлэгдэж бай­на уу, гол нэрийн бүтээг­дэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд саад тотгор бий юу, олон нийтийн хүлээлт ямар байна вэ, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нь хаанаас бий болж байна гээд олон хүчин зүйлс инфляцид нөлөөлнө. Эдийн засагт мөнгө дутаг­даж, ажлын байр, бүтээмж бий болгодог бодит сек­торуудад маань эх үүсвэр дутагдаж байгаа үед мөн­гөний нийлүүлэлтийг инф­ляцид дарамт учруу­лах­гүйгээр нэмж байх л ёстой. Гэхдээ тэр мөнгө нь үр ашиггүй хэрэглээ болох биш, харин хуримтлал болдог байх хэрэгтэй. Мон­голбанк яг ийм зарч­маар бодлогоо хэрэгжүүлж байгаа.

-2008-2012 онд бэлэн мөнгө их тарааснаас инф­ляц өсдөг байлаа. Одоо тэгвэл улсын төсөв инфляц өсөхөд гол нөлөө үзүү­лэхгүй гэсэн үг үү?

-Тэр үед маш их хэм­жээний бэлэн мөнгө та­раасан. Энэ алхам инфля­цид сөргөөр нөлөөлсөн. Инфляцид ч төдийгүй манай эдийн засагт асар их хор уршиг бий бол­госон. Одоогийн төсвийн алдагдал инфляцид тэгж хүчтэй нөлөөлөхгүй болов уу. Учир нь бүтээн бай­гуулалттай холбоотой хө­рөнгө оруулалт нь дунд, урт хугацаандаа инфля­цид эергээр л тусна. Улсын төсвийн орлого саатаж, дутагдаж байгаа нь үнэн л дээ. Ийм үед төсвийн зардлаа дагаад бууруулах арга зам бий. Тэгэхгүй бол хуулийн шаард­лагыг зөрчихөд хүрнэ. Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс ихээхэн бага үед төсвийн зардлыг бууруулах нь зайлш­гүй. Ингэснээр төс­вөөс шалтгаалж инфляц өсөх дарамт бага байх юм. Төс­вийн тогтвортой байдлын хууль үйлчилж байгаа шүү дээ.

-Ярилцлагаа банкны систем рүү хандуулъя. Манай улсын арилжааны банкуудын “эрүүл мэнд” ямаршуу байна вэ?

-Манай улсын банкны систем 2008-2009 оны дэл­хийн санхүүгийн хям­ралын дараа харьцангуй сайжирлаа. Банкны сал­барын үндсэн үзүүлэлтүүд тогтвортой байна. Монгол­банк ч банкуудад маш өндөр шалгуур тавьж бай­гаа. Учир нь эдийн засаг тэлж томрохын хэрээр банкууд ч дагаад томрох, үйл ажиллагаа нь илүү өргөн цар хүрээтэй болох ёстой. Энэ хэ­рээрээ арилжааны банкуу­дын  үйл ажил­лагаа, дотоод хяналт, зээ­лийн менеж­мент харь­цангуй сайжир­сан. Нэг үгээр хэлбэл, банкны салбарын дархлаа харь­цангуй сайжирч байна. Гэхдээ гэ­нэтийн санхүүгийн шуур­га болохыг хэн ч үгүйс­гэхгүй. Хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй ч, тэр бүхэнд 100 хувь бэлтгэхээс аргагүй.

 

БОДЛОГЫН ХҮҮ НЭГ ОРОНТОЙ ТООНД ОРОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

 

-Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар буу­рууллаа. Энэ нь эдийн засагт сайн дохио болсон байх?

-Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүний хувьд мөнгөний бодлогын хүүг бууруулахыг би дэмж­сэн. Бид оны эхнээс бод­логын хүүгээ хоёр удаа, нийтдээ 1.75 нэгж хувиар бууруулаад байна. Бод­логын хүүг ийнхүү бууруулах бодит бололцоо бий болсон учраас ийм шийдвэр гаргасан. Инф­ляц буурч байна. Ханд­лага нь ч гэсэн буурах хүлээлттэй байна. Иймд мөнгөний бодлогын хүүг бууруулж, эдийн засгаа дэмжих боломж бий бол­сон учраас Монголбанк бодлогын хүүг ийнхүү ал­хам алхмаар бууруулсан юм. Мэдээж эдийн зас­гийн өсөлт удааширч байгаа үед энэ нь бодлогын хувьд цаг үеэ олсон зөв алхам.

-Гэхдээ энэ шийд­вэ­рийг Дэлхийн банкнаас шүүмжлээд байх юм. Эдийн засаг хямралтай байгаа учраас энэ алхам нь хэр зөв байсныг эргэж харах хэрэгтэй гэсэн?

-Дэлхийн банкнаас өгч байгаа зөвлөмжинд бид анхааралтай ханддаг. Байн­га санал солилцож, бодлогын асуудлаар чө­лөөтэй ярилцдаг. Гэхдээ шийдвэр гаргах болон ха­риуцлага хүлээх этгээд нь Монголбанк. Энэ утгаараа Монголбанк зөв шийдвэр гаргасан. Дэлхийн банк болоод ОУВС олон жилийн туршлагатай бай­гуул­лагууд. Харин бид өөрсдөө шийдвэрээ гар­гадаг, үр дүнг нь хариуц­даг. Дэлхийн банк Мон­голд зөвлөмж өгдөг, тэрхүү зөвлөмж нь сөрөг үр да­гаварт хүргэвэл тэд ха­риуцлага хүлээхгүй шүү дээ. 

-Бодлогын хүү дахиад буурах болов уу?

-Хоёрдугаар улиралд эдийн засаг ямар байхаас шалтгаалан дараагийн хурлаар энэ асуудал ший­дэгдэнэ. Мөнгөний бод­логын шийдвэр гаргахад бодлогын санал хэлэлцдэг л дээ. Тэгэхээр бодлогын саналд авч үздэг судалгаа, шинжилгээ, төсөөлөл, үнэл­гээ ямар гарах, эдийн засгийн хандлага маань яаж өөрчлөгдөхөөс бод­логын шийдвэр хамаарна.

-Монголбанкны бодло­гын хүү 11.5 хувь байна. Хүү нэг оронтой тоонд орох боломж хэр байна вэ. Ингэвэл арилжааны бан­куудын зээлийн хүү ч нэг оронтой тоонд орно шүү дээ?

-Энэ бол мөнгөний бодлогын зөвлөлөөр шийд­дэг асуудал. Гэхдээ бод­логын хүү цаашид нэг оронтой тоонд орохыг үгүйс­гэхгүй. Бас хоёр орон­той тоондоо үлдэхийг  ч үгүйсгэхгүй. Энэ бүхэн манай бодит эдийн зас­гаас, гадаад эдийн зас­ийн нөхцөл байдал, түүний нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаарна. Механикаар хүүг буулгана гэж үгүй. Харин хүүг буулгах нөхцөл бий болох, тэрхүү нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал.

-ОХУ, Хятадын Төв­банкны бодлогын хүүг харахаар 5-6 хувьтай байх юм. Манай улс тийм байлгаж болдоггүй юм уу?

-Тэд чинь хамаагүй том эдийн засагтай улс шүү дээ. Энэ хоёр хоёулаа нэг их наяд ам.доллараас илүү эдийн засагтай. Сан­хүүгийн хөгжлийн хувьд хамаагүй боловсронгуй болчихсон. Тэгэхээр мөн­гөний бодлогын хүүг нь шууд тэгж харьцуулах бо­ломжгүй л дээ. Улс орон бүрийн дотоод эдийн зас­гийн онцлог, бүтэц, баг­таамж, бүтээмж, гадаад зах зээлээс хамаарах бай­дал нь харилцан адилгүй.

-Тэгвэл манай бод­логын хүү хэзээ нэг орон­той тоонд орох бол?

-Хэзээ гэхээсээ илүү боломжтой, эсвэл бо­ломж­гүйн тухай ярих ёстой. Хувь эдийн засагчийнхаа өнцгөөс хэлэхэд бодлогын хүү нэг оронтой тоонд орох боломжтой гэж боддог. Үүнд зөвхөн цаг хуга­цаа­ны л асуудал байгаа. Инфляцийг буул­гах тусам, нийлүүлэлтийн хязгаарлалт, гажилтуудыг арилгах тусам, үндэсний бүтээмж, үйлдвэрлэл нэ­мэгдэх тусам инфляцид эерэг нөлөөлөл бий бол­гоно. Бас дээр нь иргэдийн хуримтлал маш чухал.

 

ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД МОРГЭЙЖ АВНА ГЭЖ ТӨСӨӨЛЖ БОЛОХГҮЙ

 

-Энэ онд Засгийн газар орон сууцны шинэ хөтөл­бөрийг 7-9 хувийн хүүтэй хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийн санхүү­гийн болоод эрх зүйн орчин нь хэр бүрдэж байна?

-Орчин нь бүрдсэн гэж хэлж болно. Тиймдээ ч ипотекийн сан­хүүжил­тийн тогтолцоог бий бол­гохоор Засгийн газар, Монголбанк ажиллаж байна. Гэхдээ энэ орчныг бүрдүүлэхэд хэцүү байсан. Ипотекийг дэмжихийн тулд эхлээд эдийн засгийн орчин тогтвортой байх хэрэгтэй. Хамгийн наад зах нь инфляц бага байх ёстой. Нэгэнт ийм тогт­вортой нөхцлийг бүрдүүлж чадсан учраас тодорхой, тогтвортой орлоготой өр­хийг моргэйжийн хөтөл­бөрт хамруулж, бага хүү­тэй ипотекийн зээл олгох нь зөв бодлого. Тэд байр­ныхаа моргэйжийг 20 жи­лийн дотор цалин, ор­логоороо төлнө. Энэ бол зах зээлийн эдийн засагт байдаг сайн жишиг. Ийм хүмүүсийн тоо олшрох тусам эдийн засаг хөг­жинө. Гэхдээ орлого олж чадахгүй, бүтээмж байх­гүй хүмүүс зүгээр сууж байгаад л моргэйж авчих юм шиг төсөөлж болохгүй. Өрхийн орлого нь мор­гэйж авахад хүрэлцэхүйц байх наад захын шаард­лага тавигдана. Ямар ч гэсэн энэ зундаа багтаж энэ хөтөлбөр хэрэгжинэ. Цаашид тогтвортой хэрэгж­сээр байх болно.

-Хөрөнгийн эх үүсвэр нь хаанаас гарахаар тө­лөвлөгдөж байна вэ. Нийг­мийн даатгалын сан байх юм уу?

-Одоогоор журам бо­ловсруулагдаж байна. Журам батлагдсаны дараа бүх юм тодорхой болно. Тэр үед Монголбанк олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Энэ бол халамжийн хөтөлбөр биш. 7-9 хувийн хүүтэй гэдэг чинь үндсэндээ инфля­цийн зорилттой уясан моргэйжийн хүү юм. Инф­ляц буурах тусам моргэй­жийн зээлийн хүү хямдар­на.  Гэхдээ моргэйжийн зээлийн санхүүжилт гар­гахаас өмнө эхлээд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага байна. Иймд бид орон сууц­ны барилгын нийлүү­лэлтийг нэмэгдүүлэх чиг­лэлээр эрчимтэй ажил­лаж, 410 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад гэрээний үнд­сэнд байршуулаад бай­гаа. Энэ мөнгө нь до­тоодын барилгын мате­риал үйлд­вэрлэгчдэд, ба­рил­гын ма­те­риалын им­порт­логчдод, орон сууцны барилга барих компа­ниу­дад зээлийн дэмжлэг болж очиж байна. Засгийн газар компаниудтай, компа­ниуд банкуудтай, банк Монголбанктай гэрээ бай­гуулдаг зарчмаар уг хөтөлбөр хэрэгжиж байна. Ингэж орон сууцны нийлүүлэлтийг нэмснээр орон сууцны барилгын тоо олон болно. Хүртээмж ч нэмэгдэнэ. Моргэйжийн зээл гаргах бодит боломж нийлүүлэлт талаасаа бүрдэнэ.

-Монголын эдийн зас­гийн өсөлт саараад байгаа нь гадаадын хөрөнгө оруу­лалт буурснаас болов уу, эсвэл улс төрийн бай­далтай холбоотой юу?

-Мэдээж, гадаадын хөрөнгө оруулалт буур­сантай холбоотой. Хоёр­дугаарт, дэлхийн эдийн засаг өөрөө хүнд бай­далтай байсан. Гэхдээ энэ оны хоёрдугаар хагасаас нөхцөл байдал арай дээр­дэх болов уу гэж харж байгаа.

-Оны эцэс гэхэд Мон­голын эдийн засаг хэдэн хувь хүртэл өсөх бол?

-Хоёр оронтой тоонд гарвал сайн л байна. Эдийн засгийн бодит өсөлт саарч байгааг тогт­воржуулж, улмаар эдийн засгийг сэргээх нь чухал. Үүний тулд Мон­голд орж ирэх валютын урсгал, хө­рөнгө оруу­лал­тууд нэмэг­дэх хэрэгтэй байна л даа. Хэдийгээр яг одоогоор эдийн засгийн өсөлт маань удааширсан хараг­даж байгаа ч, дунд хуга­цаанд Монголын эдийн засагт тогтвортой, өндөр өсөлттэй байна гэдэгт бүрэн итгэдэг.

 

БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЗҮЙЛС БАС БИЙ

 

-Төвбанкны хараат бус байдлын талаар асуумаар байна. Энэ байдал хэр хангагдаж чадсан бэ?

-Төвбанк бол Улсын Их Хуралд ажлаа тайлаг­надаг, Засгийн газрын  харъяа байгууллага биш, харин хараат бус, бие даа­сан байгууллага юм. Мон­голбанкны ажилтнууд нам бус, өндөр боловс­ролтой, цэвэр мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ утгаараа эрх зүйн талаас нь хараат бус байдал хангагд­даг. Мэдээж мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэг­жүүлэхийн тулд Монгол­банк Засгийн газартай бодлогоо уялдуулж, хам­тарч ажиллах нь зайлшгүй чухал. Бодлого тэгж уял­дуулж байж л нийт эдийн засагт эерэг нөлөө авчирна. Бид тэгэхээр хараат бус, бие даасан зарчмаар ажиллаж байгаа.

-Өнгөрсөн жилдүүдэд Төвбанк мөнгөний бод­логоо хэрэгжүүлдэг, төс­вөөс их хэмжээний хө­рөнгө оруулалтууд, бэлэн мөнгөний амлалтуудаа санхүүжүүлдэг байлаа. Ингээд дунд нь инфляц өсдөг тал ажиглагддаг байсан. Энэ онд бэлэн мөнгө тараах нь цэгцэрсэн ч ерөнхийд нь авч үзвэл дээрх гажуудал засагдсан уу?

-Төрөөс бэлэн мөнгө тараагаад байвал инфляц өндөр байх, төгрөгийн ханш сулрах үр дагаврыг л бий болгоно.  Харин одоогийн төсвийн нөхцөл байдал нь инфляцийг нэмэгдүүлэхээр нөлөөтэй харагдахгүй байна. Улсын төсвөөс иргэдэд бэлэн мөнгө тараахгүй байна, халамжийн зардал гэдэг зүйл үндсэндээ ариллаа. Халамж илүү хэрэгтэй хүндээ, нийгмийн эмзэг хэсэгтээ очдог болсон. Улсын хөрөнгө оруулалтыг томоохон бүтээн бай­гуу­лалт хийх, үйлдвэр­жил­тийг дэмжихэд чиглүүлж байгаа нь сайн хэрэг. 

-Санхүүгийн сис­те­мийнхнийг хүлээлтэд оруулж буй нэг хууль нь Үнэт цаасны тухай хууль. Та ч бас эдийн засаг­чийнхаа хувьд энэ хуулийг хүлээж байгаа биз дээ?

-Энэ бол маш чухал хууль. Монголын нийт санхүүгийн системийг шинэчлэх, шинэ шатанд гаргахад энэ хууль том түлхэц өгнө. Тийм бо­лохоор энэ хууль аль болох хурдан хугацаанд бат­лагдаасай гэж хүсч байна.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэр өгөөжтэй явагдаж байна вэ?

-Энэ хөтөлбөр өгөөжөө өгч байгаа. Махны үнэ бага зэргийн өсөлттэй бай­гаа л даа. Гэхдээ өнгөрсөн оных шиг 30-40 хувиар өсөхгүй байгаа шүү дээ. Хэрэв ийм хөтөлбөргүй байсан бол махны үнэ энэ онд ахиад л 40 хувиар өсөх байсан. Шатахууны үнэ ч гэсэн тогтвортой байгаа биз дээ. Хөтөлбөр хэрэг­жүүлээгүй бол шатахууны үнэ литр тутамд хэдийнээ 2000 төгрөг давчихсан л байх байсан. Энэ бол үнэ тогтворжуулах хөтөл­бө­рийн үр дүн. Эндээс хо­жиж байгаа хүмүүс нь манай иргэд. Ингэхээр иргэдийн нуруун дээрх санхүүгийн дарамт нь багасч байгаа хэрэг юм. Хэрвээ энэ хөтөлбөр хэ­рэг­жээгүй бол гол нэрийн бараа бүтээгдэхүүний  үнэ огцом өсөөд, инфляц 20 хувиас ч давчихсан байх байсан байх. Мэдээж бид шинэ бодлого хийж байгаа болохоор болгоомжтой хан­дах зүйлс бас бий. Энэ бүхнийг бид тогтмол хянаж, засах шинэчлэх зүйл байвал засч зал­руу­лаад явна. Энэ хөтөлбөр маань дунд хугацаанд хэ­рэг­жих учраас бид хэ­рэгжилтэнд нь тогтмол үнэлгээ хийж, үр дүнг нь байнга сайжруулж ажиллана.