М.ЦЭЦЭГ

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байн­гын хорооны өчигдрийн хуралдаанаар “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай та­нилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэн шийд­вэрлэв. Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг байгуулах нь зөв, буруу гэсэн байр суурин дээр гишүүд нэлээдгүй маргалдсан юм. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, А.Бакей нарын гишүүд Ажлын хэ­сэг байгуулах шаард­лага­гүй гэсэн байр сууринаас  тайлбар хийсэн.  УИХ-ын гишүүн А.Бакей “Тамхи­ны хяналтын тухай хууль батлагдаж эхлээд гурван сар болж байна. Хууль батлагдаад зургаан сар ч болоогүй байхад тал талаас нь хянах асуудлыг тавьж байгаа нь хэрэгжилт буруу тийшээ явна гэсэн үг. Намрын чуулганы завсарлагаар иргэдтэй уулзаж энэ хуу­лийн талаар танилцуулж явахад хуулийг сайн талаас нь их ярьж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавиад явах хэрэгтэй. Иймд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Эрдэ­нэ­чимэг “Энэ хууль ойрын хугацаанд гарсан хуулиудаас хамгийн сайн хэрэгжиж байгаа хууль гэж ард иргэд маш талархалтайгаар хүлээж авч байгаа. Сургуулиас 500 метр зайд тамхи зарахгүй байх хуулийн заалтыг авч хаяхын төлөө л энэ ажлыг хэсгийг байгуулах гээд байгаа юм байна гэж ойлгож байна. Би сумын ард иргэд, эмэгтэйчүүдтэй уулзсан. Тэд энэ заалтыг авч хаях вий, үүний төлөө тэм­цээрэй, энэ хууль гарс­наар сумын төв дээр тамхидалт үнэхээр багасч байгаа шүү гэдэг асуудлыг ярьж байгаа. Иймд өнөөдөр ажлын хэсэг байгуулах болоод хуулинд өөрчлөлт оруулах ямар ч шаардлага байхгүй“ гэ­лээ. Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монгол Улс дэлхий дээр ганцаараа ийм хууль гаргачихаад байгаа юм байхгүй. Бусад олон улс оронд тамхины эсрэг хууль гаргасан. Үр дүн нь 5-7 жилийн дараа гарна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байгаа. Иймд энэ хуулийн үр дүнг одоо хэлэлцэхэд эрт байна. Зарим гишүүд энэ хуулийг үр дүн муутай болсон гэж ярьж байгаа нь буруу. Цөөн хэдэн лоббины цаана багаа хүмүүийн төлөө байх уу, иргэдийн ирээдүйн төлөө байх уу. Иргэд тамхидалттай тэм­цэх хуулийг сайн болсон гэж дэмжиж, үүний дараа архины эсрэг хууль гаргаж өгөх хүсэл­тэй байгаагаа илэрхийлж байна. Тамхи худалдаалж борлуулдаг найман нэрийн барааны дэлгүүрийн эздийг ойлгож байгаа. Өөр ашиг олох бараа таваар энэ хор­воо­гоор дүүрэн байгаа шүү дээ. Энэ хуу­лийн хэрэгжилтэд мөнгө төгрөг, цагдаагийн бай­гууллагын хүчин чадлыг нэмэгдүү­лээд байх шаардлага байхгүй гэж бодож байна. Харин хүний сэтгэхүйд зөв дадал хэвшил суулгах нь чухал” гэдгийг хэлсэн юм.

Тус Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хэлэхдээ, “энэ асуудал манай Байнгын хороон дээр яригдах ёстой асуу­дал. Байнгын хороонд найман нэрийн барааны дэлгүүрийн эзэд, иргэдийн зүгээс энэ асуудлаар маш олон санал ирүүлсэн. Иймд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж асуудлыг яриад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Түүнээс сайн дураараа энэ асуудлыг шийдэх гээ­гүй. Энд ямар ч лобби байхгүй, иймээс янз бү­рийн хардалт байж бо­лохгүй” гэсэн тайлбарыг өгсөн.

  Ингээд уг асуудлаар Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад уг саналыг хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь дэмжээгүй тул Ажлын хэсэг байгуулах шаард­лагагүй гэж үзлээ.