Б.ОНОН

 

С.Чинзориг ууртай байна. Тэрээр намаа “Арчаагүй” гэж дүгнэв. Монгол ардын намын том, жижиг явсан аль ч үед үнэнч явж ирсэн С.Чинзориг чадлаа гаргаж хэлсэн нь энэ. Үнэхээр бухимдаж хэлсэн үг.

Ардчилсан намын эрх мэдэл дагаж нэмэгдсэн бярдалтыг өнөөгийн цаг дор хэн нэгэн жирийн иргэн сөрж тогтоох аргагүй ажээ. С.Чинзоригт тохиолдсон явдал үүнийг харууллаа.

Ийм үед Ардын нам л АН-тай харьцаж, тохироогоор бус хуулиар ярьж, ядаж С.Чинзоригийн авсан суудлыг авч үлдэх учиртай байв. Гэвч тэгж чадаагүй.

Хааяа нэг хурал чуулган, эсвэл сонин хэвлэлд үг хэлж ярилцлага өгөх болохоороо “Эвий Чинзориг минь...” гэх улстөржсөн, оноо авах гэсэн хэдэн гишүүний алаг цоог үгнээс өөр дэвшлийг нам нь хийж чадсангүй.

С.Чинзоригийг бүгд мэднэ дээ. Ардын намын кадруудын нэг яахын аргагүй мөн. Гэхдээ даруухан эр. Өвөрхангайчууд түүнийг мэддэг болохоороо өнгөрсөн сонгуульд ¹ 1-ээр төрд илгээсэн байдаг юм.

Өнгөрсөн сонгуулиар Өвөрхангайн сонгогчид С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт 44760 санал өгчээ. Хувиар тооцох юм бол нийт сонгогчдын 47.59 хувь нь С.Чинзоригийн төлөө саналаа өгсөн байна.

Үнэндээ аль нэг аймагт 20 гаруй мянган сонгогчийн санал авна гэдэг баргийн аавын хүү, хэрийн улстөрчийн хүрээд байдаг амжилт биш юм байна. 2012 оны сонгуулийн дүнг эргэж харлаа. Хол тасархай ялалт байгуулсан Баянхонгорын Х.Баттулга 21 552, Өмнөговийн Д.Бат-Эрдэнэ15 408, Дарханы С.Ганбаатар 22 465, за тэгээд Сэлэнгийн С.Баярцогт 18 444, Говь-Алтайн Ц.Дашдорж 13 429, Дорнодын Н.Номтойбаяр 10 058, Завханы Я.Санжмятав 13 586, Архангайн Н.Батбаяр 15 771, Дундговийн Б.Наранхүү 8064, санал авч хүмүүсийн ярьдгаар “Нэг”-ээр гарсан байх юм. Харин С.Чинзориг нарынх 44 760 гэж байгаа.

Ингэж олон санал хамж чадсан хүмүүс намдаа маш том үйлс бүтээж байгаа хэрэг аж. Өөрөөр хэлбэл, нам нь тэдний авсан санал дээр дөрөөлөн жагсаалтад багтсан намын дарга сэлтээ УИХ-д шургуулж авна. Шинэ хуулийн зарчим энэ.

С.Чинзориг ч дээрх нөхдийн адил намдаа 40 гаруй мянган суудал авчран түүнийх нь буянаар дор хаяж нэг хүн эрхэм гишүүний сэнтийд заларсан байх юм. Сонгуулийн өмнө эрэмбэлж жагсааснаар Сү.Батболд, У.Хүрэлсүх /Д.Сарангэрэл/, Д.Дэм­бэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүн­дээжанцан, Ц.Ням­дорж, Н.Энхболд, Я.Сод­баатар, Ж.Энхбаяр нар Их хуралд суусан байдаг. Тэдний хамгийн сүүлийнх нь болох Ж.Энхбаяр ч юмуу, эсвэл намын дарга Ө.Энхтүвшинг төрийн түшээ болох эрхийг нь авч өгчээ. Гэвч эцэст нь тэд Төрийн ордонд томорч, мань С.Чинзориг гудамжинд торойж үлдэв.

Ардчилсан нам “хүчиндээд” ¹4 буюу хамгийн бага санал авсан Д.Зоригтын тангарагийг өргүүлсэн ардчилал гээчийг балиартуулсан том хар толбо, хир болсныг энд тэндгүй ярьж байна. Аягүйдвэл тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэгч Ц.Элбэгдоржийг татаад унагачих хэмжээний сэвийг сонгогчдын сэтгэлд суулгачихсан байхыг үгүйсгэхгүй хэмээн улс төр судлаач нэгэн эрхмийн хэлснийг саналаа.

Гэлээ ч АН-ынхнаас илүү МАН-ын жагсаалтаар ороод суучихсан эрхэм есөн гишүүн хамгийн ихээр ичих ёстойг учир мэдэх хүмүүс яриад эхэллээ. Дарга даамал явсан, дараа нь болох гэж байсан, эсвэл нутагтаа очиход найдваргүй гэгдсэн, залуустай өрсөлдөхөөс эмээсэн зэрэг бусдыгаа айлгаж ичээн байж жагсаалтын 10 дотор бичигдэж чадсан эрхмүүд өнөөдөр УИХ-ын гишүүн гээд сууж байна. Гэвч тэд ичсэнгүй. Ичих тухай бодсон ч үгүй.

Болж өгвөл С.Чинзоригоор улс төр хийж, шоудчих санаатай ганц нэг үг унагах ажээ.

Эцэст нь ганц л үнэн үлдэв. Тэр нь С.Чинзориг Өвөрхангайд үнэмлэхүй ялалт байгуулсан. Авсан саналынх нь буянаар Ардын намын рейтинг өсч, дор хаяж нэг гишүүн нэмж чадсан юм. Гэвч өөрөө гудамжинд хоцорч, түүгээр дөрөөлсөн хүний өөрийн намын эрхмүүд хоёр, гурваараа Их хуралд сууцгаажээ.