Б.ЭНХ
“Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захирал Н.Даваахүү, нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг шүүх хурал өчигдөр тав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргасан юм. Хурлын сүүлийн өдөр шүүгдэгчдийн хэлсэн үг олны анхаарлыг татаж байна. Ялангуяа Б.Мөнгөнтуяагийн хэлсэн үг олон нийтийг шүүмжлэл өрнүүлэхэд хүргэж байна. Ингээд түүний шүүх танхимд хэлсэн үгийг сийрүүлэв.
“Бүгд нэг зүйлийн талаар зөндөө ярилаа. Гэхдээ хэлэхгүй байхаар долоон жилийн ял сонсоод зогсох хэцүү байна. Онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28-нд даваа гаригт үүссэн. Тухайн өдөр намайг ажил дээрээс шууд баривчилж Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 гэх хүнд зүйл ангиар яллаад зургаан сар найм хоног хорьсон. Ингэхдээ бие махбод, сэтгэл санаагаар минь хохироож, нэр төрийг нь минь гутаалаа. Эрхэм прокурорууд аа, нүд рүү минь харж чадахгүй ч над руу хараарай. Та хоёрын анх ялласан үндэслэл чинь хэрэгсэхгүй болсон. 2015 оны гуравдугаар сард 263.2, 166.2 гэсэн дахиад л хүнд зүйл ангиар яллагдаад би энд зогсож байна. Эрүүгийн хуулийн 263.2 нь улс төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг зүйл анги. Би үүнийг ингэж ойлгож байна. Би Батцэнгэл овогтой Мөнгөнтуяа. Миний аав шүүх танхимд ирчихсэн байна. Намайг ялласан дүгнэлт дээр Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн охин Мөнгөнтуяа гэсэн байгаа. Надад тийм овог байхгүй. Та нар яллах гэж байгаа бол ядаж эцгийн минь овог нэрийг биччих. Ингэж намайг цоллож хамаатуулж ийм зүйл ангиар ялласан.
Яллах дүгнэлтдээ намайг “Багануур” ХК-д өөрсдийн компанийг танилцуулж... гээд байгаа юм. Би “Багануур” ХК-ийн хэнд ч ямар ч компанийн тухай танилцуулаагүй. Манай компанийг аваач, хэрэгжүүлмээр байна, гэрээг хиймээр байна гэж би хэнтэй ч яриагүй.Гэтэл танилцуулж гэрээ байгуулсан учраас би яллагдаж байгаа юм гэнэ. Би худалдах үнэ нь, хэзээ хийх нь тодорхой гэрээн дээр гарын үсэг зурснаараа яллагдаж байна. Монгол Улсын төрийн өмчит хувьцаат компанийн өөрийнх нь драпт, огноо, дугаартай гэрээ. Өөрсдөө бэлдээд хэвлээд, зөвшөөрч, батлаад таван газрын захирал нь гарын үсэг зурчихсан гэрээг албан ёсных гэж ойлгоод гарын үсэг зурсан. Тэр гэрээний нэг ч зүйл заалтыг би зөрчөөгүй, зүйл заалт бүрийг мөрдсөнийхөө төлөө ингээд зогсож байна. Бүхэл бүтэн төрийн өмчит компанийн ийм гэрээгээр би хүмүүсийг алдагдалд оруулчихсан гэвэл үүн шиг эмгэнэлтэй инээдмийн зүйл байхгүй. Ийм эмгэнэлтэй инээдмийн юм биччихээд хүн яллаад байж болдог юм уу. Жингийн зөрүү гээд байгаа. Би урд нь ч хэлсэн. Гэрээн дээр нэг үг, өгүүлбэр ч байхгүй гэж. Байхгүй зүйлийг би яаж мэдэж тооцоо хийх юм. “Багануур”-т 20, 30 ажиллаад, өөрсдөө эдийн засгийн шинжилгээ гаргаад хувь хорогдлоо тооцож явдаггүй байсныг би гэнэт нэг өдөр гарч ирээд тооцох ёстой байсан уу. Дахиад хэлье. Сүүлийн компани гэсэн. Л.Гансүхийн санал болгосны дагуу л гэх юм. Захирал хэлсэн. Хоёр дахь компанийн бүх ажилтан албан хаагчдын энэ хүн авч ажиллуулсан. Өөрөө ч энэ компанид ажиллаж байсан. Хоёр захирал хоорондоо тохиролцоод бүх хүнээ авч ажиллууллаа. Энэ чинь буруу юм уу. Тэгээд яагаад би ганцаараа ажилласан юм шиг цоллож бичээд байх юм. Бүгд ажилласан шүү дээ. Өөр хүн авч авч ажиллуулах байсан юм бол би орохгүй байсан. Миний хамт олон байсан учраас ажилласан юм. “Эм Жи Эл Эс Би Ди” компанийг “Багануур”-т дахиад танилцуулж гээд байгаа юм. Би энэ компанийг танилцуулах битгий хэл “Багануур” дүүрэгт ч очиж байгаагүй. Гэрээнд нь ч оролцоогүй. Ийм байхад яагаад гэрээг байгуулсан гэж яллаад байгаа юм бэ. Гэрээнд захирлууд гарын үсэг зурсан. Зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг хамаатан саднаар нь холбоод яллаж байна.
Жингийн зөрүү гээд яриад байх юм. Мэдэхгүй болохоор хэлэх ч үг алга. Багануурын М.Отгонбаяр захирал, Ч.Очирлхам хоёр ярьж байсан. Жилд гурван сая тонн нүүрс олборлож борлуулдаг гэсэн. Хоёр жилд зургаан сая тонныг борлуулсан гэсэн үг. Гэтэл манай хоёр компани нийлээд хоёр жилд 248 мянган тонныг л танайхаас авч борлуулсан. Хувьлаад үзэхээр “Багануур”-ийн нийт борлуулалтын дөрвөн хувьд ч хүрэхгүй. Дөрвөн хувьд ч хүрэхгүй гэрээнээс “Багануур” алдагдал хүлээчихсэн юм шиг яриад нэхэмжлээд байх юм. Бодвол 96 хувийн алдагдлыг манай компанийн гэрээ нөхөх ёстой байсан юм уу.
Санхүү хэлтсийнх нь дарга Ч.Очирлхамд үнэ өртгөө гаргачихсан график байсан. Нэг тонн нүүрснийх нь өртөг 25078 төгрөг. Манайх 27500 төгрөгөөр худалдаж авсан. Би ч санхүүгийн хүн, Ч.Очирлхам ч санхүүгийн хүн, үүнийг санхүүгийн хүмүүс ч үзэж байгаа байх. Ийм байхад яаж алдагдал хүлээх юм бэ. Надад жингийн зөрүү дээр ярих юм байхгүй. Гэрээнд оролцоогүй, хэлж ярьсан зүйл байхгүй. Ч.Очирлхам ч хэлж байна лээ. Б.Мөнгөнтуяатай харьцаж байгаагүй гэж. Та бүхэн өнөөдөр харсан байх. Над шиг энгийн нягтлантай хэн тоож гэрээндээ оролцуулаад зүйл заалт ярилцах юм. Өнөөдөр “Багануур” компанийн бүх хүн гэрчээр оролцсон. Нэг нь ч намайг танихгүй. Жингийн зөрүү үнийн зөрүү чинь надад хамаагүй. Би үүнд хариуцлага хүлээхгүй. Би байх ёстой гэрээнийхээ дагуу үнэ төлбөрийг нь хийгээд бүгдийг нь санхүүгийн тайландаа тусгаад зөв шударгаар татварыг нь төлөөд явж байсан юм. Үндэсний аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоо гээд эмэгтэй ярьж байсан. “Үнийн болон жингийн зөрүүний 3.6-д хоёр компани хоёулаа буруутай юм байна лээ. Миний гаргасан шинжилгээ дүгнэлт биш тайлан. АТГ-ын байцаагч н.Нарантуяагийн хийсэн дүгнэлттэй өөрийнхөө хийснийг харьцуулсан юм. Өөрөө шалгах гээд харьцуулаад хийчихсэн юм” гэсэн. Өөрийнхөө хийсэн зүйлийг, хүнийг ялласнаа өөрөө үгүйсгээд зогсож байсан.
Эрүүгийн хуулийн 166.2. Татварын зүйл анги. Хэрэг үүсээд нэг жилийн дараа буруутгасан зүйл анги. Намайг яллах үндэслэл олдохгүй байсан юм шиг байна лээ. Зургаан сар хорьчхоод ичээд байсан юм шиг байгаа юм. “Оюу Эрдэм” аудитын бүрэлдэхүүнтэй шинжээчид Цацрал, Баярсайхан, Мөнхзул нар. АТГ-аас хөлс аваад гэрээ байгуулаад хийснээ хэлсэн. Хараат бус аудит шүү дээ. Тэгээд АТГ-ын н.Нарантуяагийн бэлдэж өгсөн асуултад хариулсан, гаргаж өгсөн баримтыг нь шалгасан гээд байгаа. Гаргаж өгсөн баримт нь тодорхой биш. Долоон хайрцаг баримт хурааж авсан нь хавтаст хэрэгт бичигдсэн. Гэтэл одоо шүүхийн танхимд байхгүй. Хэнд ч үзүүлдэггүй. Тэгсэн хэр нь өөрсдөө үнэн зөв хийсэн, бид итгэлтэй байгаа гэдэг. Тийм юм бол яагаад өөрсдийнхөө хийснийг баталж нотолж чадахгүй байгаа юм. Энд түмний шившиг болоод зогслоо. АТГ-ын мөрдөн байцаагчийн тогтоолоор хууль зөрчөөд томилогдчихсон. Өөрсдийнхөө эрх үүргээс давсан акт торгууль алданги тооцчихсон. 30 жил нягтлан хийсэн хүн гэж байгаа. Би ч гэсэн нягтлан.
Шинжээчдийн хариултыг үндэслээд татварын хохирол нэхэмжлээд байгаа. Тэгсэн хэр нь компани ямар ч шалгалт хийгээгүй, татварын газраас ямар ч акт торгууль тавиагүй гэдэг. Та нар хийх ёстой. Баянзүрх дүүргийн татварын байцаагч Эрдэнэхалиун ярьж байсан. Шинжээч нартаа итгэж, найдаж байна гэж. Хүний үгээр хүнийг яллаж болдог юм уу. Өөрсдөө үзэж болдоггүй юм уу та нар. Ядаж ганцхан тоо бариад энэ тоо аль баримтаас гарч байгааг үзэх сэтгэл алга уу. Гурван тэрбумын зардал нуучхаад, 372 сая төгрөг авсан гээд байна. Та нар шалгадаггүй юм уу.
АТГ-ын байцаагчтай өөрийнхөө чадлыг шалгаж хийсэн аудитын тайлан. АТГ-ын гаргаж өгсөн асуултад хариулсан шинжээч нарын хариулт. АТГ-ын тогтоолд гарын үсэг зурсан татварын улсын байцаагчийн мэдүүлэг гурваар би яллагдаж байна. Би Эрүүгийн хуулийн 166.2 буюу татварын зүйл ангиар яллагдсанаас хойш өмгөөлөгчтэйгөө хамтраад прокурорт хэдэнтээ санал тавьсан. Татварын улсын шалгалт оруулаад өгөөч, болохгүй бол шүүх шинжилгээг оруулаад өгөөч гэсэн. Ямар ч сонирхол байхгүй, хүсээгүй. Яллах л ёстой гэсэн. Гэхдээ яллах баримт байхгүй. Шинжээч нар нотлох ёстой байсан юм бүх баримтаа авчраад намайг улайлгах ёстой байсан. Улайх зүйл байхгүй учраас би энд шударга үнэнээр хүний өмнөөс эгц хараад ярьж байна. Гэтэл энэ хүмүүс өөрсдөө улайх учраас юмаа харж чадахгүй нуучхаад байгаа юм. Яагаад гэвэл өөрсдийнх нь юм буруу. Хийснийг нь би нотлох учраас нууж байгаа юм.
Шинжээч нарын тайлан миний эрхийг маш ихээр зөрчсөн. Надад тайлбарлах, няцаах, батлах, нотлох, үзэх ямар ч эрх олгоогүй. Шинжээчдийн дүгнэлт зохиомол. Зохиомол учраас ярьж чадахгүй байгаа юм.
Баярбилэг прокурор оо, та сайд асан Н.Алтанхуягаас хоёр компанийн ашгийг асууж байсан. Ерөнхий сайд байсан хүн яаж мэдэх юм. Надаас асуу л даа. Яагаад гэвэл та хоёр мэдэхгүй. Ойлгоогүй. Худлаа учраас. Би санхүүгийн ажлыг би хийсэн, би хариуцсан. Би мэдэж байгаа. Надаас та нар нэг ч санхүүгийн зүйл асуусангүй. Сайд асан Н.Алтанхуягаас “Энэ хоёр компани нийлээд дөрвөн тэрбумын ашигтай ажилласныг та мэдэж байсан уу” гэсэн. Хүн эдийн засгийн мэдлэггүй байж болно. Нягтлан бодох бүртгэлийн ойлголтгүй байж болно. Тайлан бланс уншиж чаддаггүй байж болно. Гэхдээ яллаж байгаагаа ойлгох ёстой.
Дөрвөн тэрбумын ашиг гээд байгаагаа, өссөн дүн гэж юуг хэлдгийг та мэдэхгүй. Ичмээр. Нэг жилийн өссөн дүн гэж бүх улирлын өссөн дүнг нэмээд ярьсан. Нэгдүгээр улирлын дүн нэмэгдээд хоёрдугаар улиралдаа гардаг, хоёрынх нь нэмэгдээд гуравтаа гардаг, гурав нь нэмэгдээд дөрөвтөө гардаг. Үүнийг өссөн дүн гэдэг юм. Та тийм зүйл мэдэхгүй, IV улирлынх нь өссөн дүн гарчихсан байхад нэг, хоёр, гурвыг нэмээд ярьж байгаа. Ичиж үхмээр. Арайчдээ, ийм зүйл хийж болдог юм уу. Хийсэн хүнээс нь асуухгүй, сайд байсан хүнээс асуугаад зогсож байдаг.
Батжаргал прокурор ярьж байсан. 70.5 сая төгрөг нуучихсан гэж. Үгүй. Тэр мөнгийг захирал бид хоёрыг тавар нуусан гээд байгаа дүн чинь байгаа юм. Тиймээс манайх 70.5 сая төгрөгийн ашигтай ажиллаагүй. Юмаа ойлгохгүй, ингэж ярьж байгаа хүмүүс хүнийг ялладаг юм байна. Энэ чинь одоо тэгээд шударга явдал юм уу. Би тэр шинжээч нараас ичиж байна. Би ямар ч татвар нууж тайлан блансдаа тусгаж худал баримт үйлдээгүй. Тийм ч учраас энэ хүмүүс өнөөдөр миний нотлох баримтыг авчраагүй. Би СЭЗДС-ийг нягтлан бодогчийн ангийг төгссөн юм. Анх сургуульд ороход захирал н.Батжаргал бүх шинэ оюутнуудад хандаж “Манайхыг маш сайн төгсөгч төгсдөг. Гэхдээ өөрсдийнхөө мэдлэг чадварыг буруу ашиглаад хэрэгт орчихсон хүмүүс байдаг. Тиймээс бид нягтлан бодогч хүний мэргэжлийн ёсзүй гэсэн хичээлийг тусад оруулж байгаа” гэж хэлж байсан. Би тэр хичээлийг үзсэн юм. Тэгээд онц үнэлгээ авч байсан юм. Тэр хичээлээс олж авсан мэдлэгээрээ ажилласан.
Мэргэжлийн ёсзүйгээ мэдэхгүй шинжээч нараас ичиж байна. Бусад мэргэжил нэгт нөхдөө битгий ингэж доромжлоосой. Би үнэн зөвөөр бүгдийг нь хийчхээд шударгаар шүүлгэж чадахгүй долоон жил таван сарын ял сонсоод сууж байгаадаа итгэхгүй байна.Та нар залуу хүмүүсийг яаж байгаа юм бэ. Зургаан сар ямар ч шалтгаангүй хорьсондоо ичээд байгаа бол надаас уучлалт гуй. Ингэж худлаа зүйлээр битгий ялла. Та нар уучлалт гуйсан ч миний ар гэр, хань ижил, найз нөхдийн зовлонг нимгэлэхгүй. Улс төр чинь хэтэрч байна. Энгийн хүнийг ингэж хэлмэгдүүлж байгаад үнэхээр уур хүрч байна. Би энд хэрэг нийсэн гэж шүүгдээд зогсож байх хүн биш.
Эцэст нь хэлэхэд, миний эрхээ зөрчүүлсэн, хилс хэрэгт орсон, доромжлуулсныг эрхэм шүүгч нараа тунгааж үнэн шударгаар шүүгээд өгөөч. Хүний өмнөөс эгцэлж харж чадахгүй, бүх зүйл хаалттай байна. Нэр төрийг минь цагаатгаад өгөөч” гэсэн юм.
Эх сурвалж: polit.mn