Д.БОЛОР
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өчигдөр Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үүний тулд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төслөө магтаж давуу талуудыг нь тоочлоо. Тухайлбал, “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Эрүүгийн багц хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага урган гарч байна. Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын шинжтэй болсон. Манай улс НҮБ болон Олон Улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын гишүүн орны хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг нь улам өргөн хүрээтэй болж байна.
Иймд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хяналтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үүргийг нарийвчлан тодорхой болгох, нэр томьёог жигдлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа” гэлээ. Гишүүд ч түүний төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.