Н.МӨНХЖИН

Израилийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Зеев Элькин Сирийн хямралын талаарх Израилийн байр суурь болон Палестинтай  яриа хэлэлцээ хийх боломжийн талаар ярьж байна. Саяхан Израилийн агаарын хүчин Сирийн газар нутагт цохилт өгснийг олон хүн Башар Асадын дэглэмийн эсрэг дайны эхлэлийг тавилаа хэмээн үзсэн билээ.

 

-Саяхан Хятадад Из­раилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Па­лес­тины лидер Махмуд Аббас нарын айлчлал дав­хац­сан. Тэд Бээжингийн зуучлалтайгаар уулзаж болох байсан уу?

-Үгүй. Бид шууд яриа хэлэлцээг эрхэмлэх болно. Иерусалимд, Рамаллад, Москвад, Бээжинд байна уу хамаагүй. Харамсалтай нь Палестины тал шууд хэлэлцээнд бэлэн биш байна.

-Израиль улс Сирийг пуужингаар довтолсныг хэрхэн тайлбарлах вэ. Дахин цохилт өгөх талаар ярилцаж байна уу?

-Израильд албан ёсоор гаргасан шийдвэрийн та­лаар бид тайлбарладаггүй. Сири дахь нөх­цөл байдал бүгдийн сэт­гэлийг зовоож байгаа нь нууц биш. Сирид нөхцөл байдал тогтворгүй байгаа нь тэдний химийн зэвсэг “Хезболла”-гаас авахуу­лаад суннит лалын бүлгүүд хүртэл террористуудын гарт орж болзошгүй аюул учруулж байгаа юм.

-Саяхан АНУ-ын Тө­рийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын Га­даад хэргийн сайд Сергей Лавров нар Москвад уул­захдаа Сирийн асуудлаар олон улсын чуулган хийх тохиролцоонд хүрлээ. Из­раиль энэ чуулганд орол­цох уу?

-Биднийг урих юм бол мэдээж оролцоно. Гэвч зарчмын хувьд Израиль нь Сирийн хямралыг зохи­цуулах асуудалд тэргүүлэх тоглогчоор оролцож болох­гүй. Бид Сирийн дотоод хэрэгт оролцохгүй, зөвхөн тэнд байгаа үй олноор хөнөөх зэвсэглэлд санаа зовж байна. Гэхдээ бид Сирийн асуудлаар дэл­хийн тэргүүлэх улс ор­нууд­тай санал бодлоо со­лилцохдоо дуртай байх болно.

-Сирийн сөргөлдөгч та­лууд ширээний ард суух боломж харагдаж байна уу. Сирийн сөрөг хүчин ийм хэлэлцээнд оролцохгүй гэж мэдэгдэж байгаа?

-Бид үүнд мэр­гэшсэн хүмүүс биш. Учир нь Израиль улс аль аль тал­тай нь холбоо тогтоо­хыг дэмждэггүй.

-Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “Палестины үн­дэсний чөлөөлөх фронт” бүлэгт Израильд цохилт өгөх зөвшөөрлийг өгсөн. Энэ нь танай улсад занал­хийлж буй хэрэг мөн үү?

-Энэ бол зүгээр шоу тоглолт. Палестины тер­ро­рист байгууллагууд Из­раильд ямар ч үед цохилт өгөхөд бэлэн байдаг. Тэ­дэнд Башар Асадын зөв­шөөрөл хэрэггүй. Бид аюулгүй байдлаа хамгаа­лахын тулд бүхнийг хийнэ. Асадын мэдэгдэл бол тер­роризмийг илт дэмжсэн явдал. Тэр нэг бус удаа ингэж мэдэгдэж байгаа.

-Тэгвэл бүх нийтийн дайчилгаа зарлах зэрэг нухацтай алхам хийх шаард­лагагүй юм байна, тийм үү?

-Шаардлагагүй. Харин манай хойд хил түгшүүртэй байна. Голаны өндөрлөгт цаашид бай­дал тогтворгүй хэвээр байвал манай аюулгүй байдалд шууд заналхийл­нэ. Тэнд тавдугаар сарын 7-нд НҮБ-ын дөрвөн цэн­хэр дуулгатныг хулгайл­сан. Мөргөлдөөн дэг­дэн­гүүт олон улсын цэргийн хүчин асуудлыг шийдвэр­лэх чадваргүйгээ харуулж ухрах байр суурь барим­талж байгаа нь бидэнд асуултын тэмдэг үлдээж байна. Египет, Газын зур­васын хилд ч бид ийм нөхцөл бай­далтай тулгарч байсан. Газын зурвас, Еги­петийн хилээр зэвсэг тээвэр­лүүлэхгүй байх үүрэг­тэй байсан европууд мөргөл­дөөн дэгдэнгүүт зуг­таачихсан.