Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг энэ удаагийн парламентад сууж буй туршлагатай улстөрчдийн нэг. Мөн Сангийн дэд сайд, Шадар сайдын зөвлөх байсан гээд төрийн ажлын туршлагатай. Ажлын туршлагаас гадна одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа, өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаагүй гээд Ч.Сайханбилэгийн багт тавьсан шаардлагад нийцсэн тул Засгийн газрын бодлогын дөрвөн яамны нэгийг удирдахаар болсон. Сайд Н.Батцэрэг ажлаа авсан даруйдаа 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, холбогдох албан тушаалтнууд, албан хаагчидтай цахим хурал хийж, уул уурхайн нөхөн сэргээлт нэрээр дахин олборлолт явуулж байгаа компаниуд, ус ашиглалт, агаарын бохирдол зэрэг салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлаар үүрэг даалгавар өгч, ажлаа шуурхай эхлүүлсэн.
Тэрээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн УИХ дахь бүлгийг анхнаас нь удирдаж байгаа. Засагт хамтарсан бүлгийн даргын хувьд өнгөрсөн хугацаанд алтан дунджийг олж, парламент дахь бүлэг хоорондын тэнцвэрийг ханган ажилласан гэж улс төрийн хүрээнд дүгнэгддэг.
Н.Батцэрэг 1982 онд ЗХУ-ын Свердловск хуучнаар хотын Уралын политехникийн дээд сургуулийг металлург инженер мэргэжлээр, 1993 онд Удирдлагын академийг эдийн засагч, судлаач мэргэжлээр дүүргэсэн байна. 1982-1989 онд багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажлыг хийж байгаад 1989 оноос Монголд эхэлсэн ардчилсан хөдөлгөөнийг орон нутагт эхлүүлсэн анхдагчдын нэг.
Тэрээр Завхан аймгийн МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч, аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Захиргааны гишүүн буюу тухайн үеийн Үндсэн хуулиар аймгийн есөн удирдлагын нэг, аймгийн Хянан байцаах албаны даргаар ажиллаж байжээ.
1992-1996 онд Завхан аймгийн МҮАН-ын дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол Австралийн бүлгийн дарга, 2000-2002 онд ХЭАХУНийгэмлэгийн дэд дарга, 2000-2004 онд “Инсол” чөлөөт эдийн засагчдын үндэсний төвийн тэргүүн, 2002-2004 онд Налайх дүүргийн АН-ын дарга, 2004-2006 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2006-2007 онд Засгийн газарт Шадар сайдын улс төрийн бодлогын зөвлөхөөр, 2007- 2009 он хүртэл Сангийн дэд сайдаар ажилласан.
2006 онд М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарын журмын нөхдийн хамт АН-аас гарч, МҮАН-ыг байгуулсан. МҮАН 2010 оны сүүлээс эхлэн сэргээн байгуулагдсан МАХН-тай улс төрийн холбоо байгуулж, эрх баригчдын амлалтыг нэхэх, улс орны хөгжилд тулгамдсан эдийн засаг, улс төрийн томоохон асуудлуудад чухал шийдэл эрэлхийлсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байсан бөгөөд эдгээр ажлыг гардан удирдагчдын нэг нь тухайн үеийн МҮАН-ын генсек Н.Батцэрэг байлаа. Улмаар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийг байгуулалцахаас эхлэн УИХ-ын сонгуульд амжилттай оролцох хүртэл эвслийн удирдлагад голлох үүрэгтэй ажилласан гэдэг.
2014 оноос Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ахлагч, энэ жилээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах комиссын гишүүнээр ажиллаж байгаа аж. УИХ дахь Монгол-Франц, Монгол-Финляндын найрамдлын бүлгийн даргын сонгуульт ажилтай туршлагатай улстөрч юм.
Н.Батцэрэг сайд уулын спорт, дэлхийн хаадын тухай ном цуглуулах хоббитой гэнэ. Дэлхийн хамгийн өндөр хайрхануудын нэг Кайлааст хүртэл авирсан түүнийг бас ч шаггүй уулчин гэж мэргэжлийн хүрээнийхэн дүгнэдэг. Улс төрийн гал тогоонд олон жил явж буй энэ эрхэм манай улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг авч явах нь ээ.
