Н.МӨНХЖИН

1980-аад онд Пакис­таны Засгийн газрыг хоёр ч удаа тэргүүлж байсан Наваз Шарифын Лалын Наваз нэгдэл нам Пакис­таны парламентын сон­гуульд илт давуу ялалт байгууллаа. Тус нам хам­гийн их санал авч 64 нас­тай Н.Шариф гурав дахь удаагаа Ерөнхий сайд бо­лох нь тодорхой болоод байна. Лалын Наваз нэг­дэл одоогоор парламентын 272 суудлын 114-ыг аваад байна. Санал хураалтын дүн эцэслэн гарахад тус нам дангаараа Засгийн газраа байгуулахад хан­галт­тай 172 суудлыг авч магадгүй байгаа юм. Крикетийн нэрт тамирчин асан Имран Каны Шу­дарга ёсны нам 38, Бхут­тогийн гэр бүлийн Пакис­таны Ардын нам 35 суудал авчээ. Наваз Шариф шө­нө дундын үед намын гишүүд дэмжигчдийнхээ өмнө гарч ялалтын баяраа тэмдэглэхдээ улс оронд тулгарч буй аюул бэрх­шээлийг онцолсон юм. 180 сая хүнтэй, цөмийн зэв­сэг­тэй энэ гүрэн эдийн засгийн хүнд бэрхшээлийг даван гарах шаардлагатай болсныг тэрээр цохон тэм­дэглэсэн байна. Эдийн засгийн хажуугаар АНУ-тай харилцах харилцаа сонгуулийн кампанийн гол сэдэв байлаа. Тэрээр Америкийн нисгэгчгүй онгоцууд омог, аймгийн газар нутгийг бөмбөгдөж байгааг хатуу шүүмжилж байсан билээ.

Имран Каны нам ялаг­чаас хол зайтай хоцорсон ч парламентад хүч түрэн орж ирж, шинэ Пакис­таны улс төрийн чухал тоглогчоор тодорч байна. Пакистан улс түүхэндээ анх удаа цэргийн эргэл­тийн замаар бус, иргэний шилжилтийн замаар Зас­гийн газраа сольж буй нь энэ ажээ. Пакистаны кри­кетийн шигшээ ба­гийн ахлагч асан Имран Каны нам сүүлийн таван жилд улс орныг удирдах­даа ард иргэдийн итгэлийг алдаад байсан Пакистаны Ардын намаас илүү санал авчээ. Энэ нь Пакистаны Ардын намын лидер, өнөө­гийн Ерөнхийлөгч Асиф Али Зардарид томоохон сануулга болж өгчээ. Түү­ний бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлчээр дуусах юм.

Пакистаны иргэд энэ удаагийн сонгуульд 60 хувийн ирцтэй оролцсон нь 1977 оноос хойшх хам­гийн өндөр үзүүлэлт болж байна. Сонгогчид саналаа өгөхөөр халуун наран дор урт дараалал үүсгэн зог­сож байсны улмаас санал хураалт сунжирч, ихэнх хэсгүүд санал авах хуга­цааг нэг цагаар, олон хэ­сэг гурван цагаар сунга­жээ. Пакистаны санхүү­гийн нийслэл гэгддэг Карачи хотод будлиан, луйвар хамгийн ихээр бүртгэгдлээ. Харин лалын босогчдын “Техрик и Та­ли­бан” бүлэг сонгогчдыг айлган сүрдүүлж байсан ч сонгуулийн ирцэд нө­лөөлж чадсангүй.

Сонгуулийн кампа­нийн үеэр цөөнгүй халд­лага үйлдэгдэж 110 хүний амь нас хохирчээ. Сон­гуулийн санал авах өдөр гэхэд л Карачи хотод бөм­бөг дэлбэрч 11 орчим хүн амь насаа алдаад байна. Энэ хотод сонгуулийн бу­дилаан, зөрчил хамгийн их гарсныг Сонгуулийн хо­роо тэмдэглээд “Бид Карачи хотод шударга, чөлөөт сонгуулийг явуулж чадсангүй” хэмээн мэдэг­дэл гаргасан байна.

Сонгуульд ялалт бай­гуу­лаад байгаа Наваз Шариф 1999 онд хоёр дахь удаагаа Засгийн газрыг тэргүүлж байхад армийн гегерал Первез Мушар­раф цэргийн эргэлт хийн эрх мэдэлд гарч ирсэн юм. Улмаар Наваз Шарифыг гэрийн хорионд байлгаж байгаад Саудын Араб руу цөлсөн юм. Шариф 2007 онд Пакистанд буцаж ир­жээ. 2008 оны сонгуульд оролцож Пунжаб мужийн Засгийн газрыг ах Шах­базын хамтаар бүрдүүлж байжээ.