Д.АРИУН 

Ням гариг буюу есдүгээр сарын 13-нд ОХУ-ын 83 бүс нутагт сонгууль болж байна. 59 сая сонгогчийн саналыг авахаар сонгуулийн санал авах 57622 байр ажиллаж байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ сонгуулиар 21 бүс нутгийн амбан захирагчийг, Холбооны 11 субьектэд бүс нутгийн хууль тогтоох байгууллагын төлөөлөгчдийг сонгох юм. ОХУ-ын сонгуулийн төв комиссын мэдээгээр бол нэр дэвшигчид 92 мянган мандатын төлөө өрсөлдөж байгаа аж. Бүс нутгийн сонгууль нь ирэх 2016 онд болох ОХУ-ын төрийн эрх барих дээд байгууллага болох Төрийн Думын сонгуулийн өмнөх нэгэн сорилго байдаг гэдгийг оросын болон барууны хэвлэлүүд онцолсон байна.