
Д.БОЛОР
УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан 19.10 цаг хүртэл үргэлжлэв. Хэлэлцэх асуудлаа ярилцаж дууссан ч нэр бүхий хүмүүсийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр ажлын бус цагаар хуралдсан нь энэ. Хуралдаан нэг талдаа хүч далайлгасан, нөгөө талдаа гоморхсон хүмүүсийн харилцан яриа болов. Тухайлбал, МАН-ынхан “Өвөрхангай аймагт манай С.Чинзориг үнэмлэхүй саналаар ялалт байгуулсан. Үүнийг нь танай намыхан шүүхийн хүчээр бусниулж өөрийн хүнээ оруулж ирэхээр чармайж байна. Ингэж болохгүй ээ, ардчилсан намынхаан. Ард түмний сонголт хаан сонголт байх ёстой. Энэ сонгуульд чинь ардын хүү түрүүлж болдоггүй юм уу. Яагаад бэл бэлчин, эрх мэдэлтэй Д.Зоригт хууль бусаар орж ирэх гээд байгаа юм” хэмээн ээлж дараалан үгээ дайлаа. Харин АН-ынхан “Хууль зөрчсөн бол гишүүн болох эрхгүй. Хууль, шүүхийн өмнө хэн ч эрх тэгш байх ёстой. С.Чинзоригийг хууль зөрчсөн гэдгийг шүүх нотолсон байна” хэмээн хариулж байв. Ийм байдлаар багагүй маргаан өрнөсний дараа Өвөрхангайн тойргоос Д.Зоригт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар нарыг гишүүний тангараг өргүүлсэн юм. Хүч түрэмгийлсэн гэх энэ үйл явдалд хоёр намын төлөөлөл болох УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
З.Энхболд: ХЭН ХЭДЭН САНАЛ АВСАН НЬ ОГТ ХАМААГҮЙ
- 2012 оны зургадугаар сараас хойш, нэг үгээр хэлбэл жил болж байж УИХ 76 гишүүнтэй боллоо. Маргаан дагуулаад байгаа Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хассан заалт 2008 онд хэрэгжиж байсан сонгуулийн тухай хуулиас үүдэлтэй. Сонгуулиар МАХН-ынхан хүүхэд тэвэрч байгаад хүүхэд бүрт арван мянган төгрөг өгөх тухай яриад оноо авдаг байсан учраас үүнийг шинэ хуулиар хориглосон. Сонгуулийн үеэр нэг хүүхэд тэврээд зураг авахуулахад л хасдаг хатуу заалт байсан. Одоо ч гэсэн нэг хүүхдийг сонгуулийн штабт ажиллуулахад нэрсийн жагсаалтаас хасна. Үндсэндээ Өвөрхангай аймгийн сонгуулийн маргаан юу болж дууссан бэ гэвэл сонгуулийн тойргийн хорооны гаргасан шийдвэрийг л шүүх авч үзсэн болохоос биш шүүх өөрөө тогтоогоогүй. Тодруулбал, Өвөрхангайн тойргийн хорооныхон тойрогтоо МАН-аас нэр дэвшигчдийг хууль зөрчсөн байна, үүнийг нь сануулж байна гэснийг шүүх авч хэлэлцээд сануулах бус нэр дэвшигчийн жагсаалтаас хасах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Хуулийг харвал яг л тийм байгаа. Хэн хэдэн санал авсан нь хамаагүй гэсэн үг. МАН-ынхан ч гэсэн нэр дэвшигчдээ хууль зөрчсөнийг шүүхийн шийдвэр гарсны дараа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ чуулганы танхимд хүлээн зөвшөөрөөгүй юм шиг аашилж байна. Ийм жишгээр УИХ-ын гишүүдийн тоо бүрдлээ.
С.Бямбацогт: АН-ЫНХАН ХҮЧЭЭР ДАЛАЙЛГАЖ Д.ЗОРИГТЫГ ОРУУЛЛАА
-УИХ удаа дараа хууль зөрчиж, хүч далайлгаж байгаа. Үүнийх нь илрэл Д.Зоригтыг тангараг өргүүлсэн үйл явдал юм. Уг нь хэрэг дээрээ Өвөрхангай аймагт манай намын нэр дэвшигч С.Чинзориг үнэмлэхүй ялалт байгуулсан. Авсан саналынхаа тоогоор нэр дэвшигчдийн нэгдүгээрт жагссан. Тодруулж хэлбэл, тангараг өргөсөн Д.Зоригтоос 6800 санал илүү авсан. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гаргаж Д.Зоригтыг оруулж, С.Чинзоригийг татчихлаа. Энэ бол илт хууль бус, хүч далайлгасан шийдвэр. Ер нь насанд хүрээгүй тэр хүүхэд 6800 хүний саналд нөлөөлж чадах уу. Шүүх үүнийг бодолцох ёстой. АН-ынхан хүч түрэмгийлж тангараг өргүүлж байгаад харамсалтай байна. Тэд гуя дагуулж хүзүү гэдэг шиг Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг дагуулж Д.Зоригтыг оруулж ирлээ. Өмнө нь ч ийм үйлдэл гаргаж байсан. Д.Сарангэрэл гишүүнийг дагуулж Г.Батхүүгээ оруулж ирсэн шүү дээ.