Х.ХАТАН
“Хайр хайрын дотроос эхийн хайрыг бүү март” гээд жаахан байхад дурсгалын дэвтэрт бичдэг байсан санагдана. Үнэхээр л ээж гэдэг агуу бурхад шүү дээ. Зөвхөн эмэгтэй хүн л өөрийнхөө дотор хүн бий болгож орчлонд төрүүлдэг гайхалтай хүмүүс. Ээжийнхээ тухай бодоход хорвоогийн бүх л сайн сайхан зан чанарууд санагддаг. Өөрөө ээж болохын цагт ээжийнхээ сэтгэлийг, зовлон, жаргалыг илүүтэй ойлгодог. Эх хүн үр хүүхдээ ямар их хайрлаж, тэднийхээ төлөө бүхнийг хйиж, ямар олон мэргэжлийг эзэмшдэг талаар зохиолчид олонтаа бичсэн байдаг. Ямартаа л бурхан хүн бүрийн дэргэд байж чадахгүй учраас ээж гэдэг хүнийг өөрийнхөө оронд илгээсэн гэдэг шүү дээ. Тиймдээ ч эх хүн хайр бүтээгч, дамжуулагч, түгээгч, цацруулагч юм. Харин бид ээжийгээ харж, хайрлаж, бахархаж чаддаг шигээ үр хүүхдийнхээ сэтгэл зүрхэн дэх хайрыг мэдэрч чаддаг болов уу. Тэдний бяцхан зүрхэнд хамгийн сайхан ээж нь хорвоо ертөнцийн бүхнийг чадагч, ид шидтэн мэт санагддаг байх. Хэвлийдээ олдсон цагаас эх нь үрээ, үр нь эжийгээ хайрлах тэр агуу хайр хүний амьдрал үр хүүхдээрээ үргэлжилдэг мөнхийн цагираг мэт байх нь гайхалтай. Ээждээ хайрлуулж, ээжийгээ хайрлаж өссөн хүн хэзээ ч муу хүн болдоггүй. Өр зөөлөн сэтгэлтэй, ууч сайхан сэтгэлтэй хөх толботой монголчуудын ухаан эх үрсийн хайраараа үеийн үед үргэлжлэх билээ.