С.УЯНГА
Олон улсад Монгол Улсын нэр хүнд өссөөр байна. Үүний нэг илрэл бол Аугаа их эх орны дайн, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын нийслэл Москва болон БНХАУ-ын Бээжин хотноо монгол цэргүүд олон орны цэргүүдтэй мөр зэрэгцэн парад алхсан явдал. Мөн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд ЗХЖШ-ын бүрэлдэхүүн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа жишээ. Саяхан л гэхэд БНХАУ-ын Бээжин хотод Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан ёслолын жагсаалд 16 орны цэрэг эрс парад алхахад монгол цэргүүд олон нийтийн санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авчээ. Түүнчлэн манай улсын цэргийн хайрцаг парадад ганцаараа зэвсэггүй жагссан нь монголчууд эртнээс анд нөхдийндөө орохдоо буу зэвсэггүй эв нэгдлээ дээдэлдэг гэх санааг илэрхийлсэн гэдгийг онцолжээ. Үнэхээр л Бээжинд парад алхсан монгол цэргүүдээс улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдгийг харж болохоор байв.
Тэгвэл өчигдөр үүргээ хариуцлагатай, амжилттай гүйцэтгэж, Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж яваа албан хаагчдад шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд болсон юм. Энэ үеэр Афганистан улсад явагдаж буй “НАТО”-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын I ээлж, Хойд Судан улсын “Дарфур” мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн VI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардууллаа. Хойд Судан улсын “Дарфур” мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн штабын дарга, хошууч А.Гансүх “Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 2010 оноос үүрэг гүйцэтгэх хугацаандаа НҮБ-ын 17 мянга гаруй цэргийн алба хаагч болон ажилчин, албан хаагч, орон нутгийн иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байдаг. Харин манай VI ээлжийн хувьд 4600 гаруй хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн” хэмээв. Олон сарын турш хүнд бэрх нөхцөл, цагийн аюултай үед үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн гавьяаны одон, цэргийн хүндэт медаль, энхийн төлөө медаль болон салбарын шагнал гардуулсан юм.
Мөн эх орныхоо төдийгүй Монгол Улсын Зэвсэгт хүчний сүр хүч, цог жавхааг олон улсад өндөрт өргөсөн Бээжин хотноо Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн парадад алхаад ирсэн цэргүүдэд батламж гардуулж, хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү эх орныхоо нэр хүнд, сүр хүчийг дэлхийд дуурсгасан цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа “Афганистан улсад явагдаж буй “НАТО”-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын I ээлж, Хойд Судан улсын “Дарфур” мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн VI ээлжийн цэргийн баг болон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн парадад оролцсон бие бүрэлдэхүүн төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн билээ. Энхийг сахиулагч цэрэг дайчдын хичээл зүтгэлийг Монгол Улсын төр засаг ямагт өндрөөр үнэлж тухай бүрт нь шагнан урамшуулж, өргөн олны дунд баяр ёслолын байдалтай, гүн хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байгаа нь цэрэг дайчдынхаа цаашдын үүрэг даалгавраа амжилттай биелүүлэх, үйл ажиллагаагаа эрч хүчтэй, үр бүтээлтэй явуулах итгэл урам зоригийг хайрлаж байдаг юм” гэдгийг онцоллоо.