Н.МӨНХЖИН

1959 онд Фидель Кастрогийн зарлигаар Кубад гольфийн спортыг хоригложээ. Гольфийг капитализмийн билэгдэл хэмээн үзсэн аж. Гэвч 50 жилийн дараа түүний хүү Антонио Кастро Куба дахь гольфийн спортын од болон мандаж байна. Варадерод болсон голь­фийн Copa Montecristo тэмцээнд Антонио Кастро түрүүлжээ.

Антонио Кастро Сото 1969 онд мэндэлжээ. Гэмтлийн эмч мэргэ­жилтэй тэрээр 2006 оноос хойш бие нь чилээрхсэн эцгийнхээ итгэлтэй ба­руун гар хэмээн тоо­цогддог. Спортод ихэд шимтдэг Антонио Олон улсын бейсболын холбоо болон Кубын бейсболын холбооны дэд ерөнхий­лөгчийн албан тушаалтай юм.

Саяхан Кубын амралт, аялал жуулчлалын гол нутаг Варадерод сонир­хогчдын гольфийн олон улсын Copa Montecristo тэмцээн болж 15 орны 100 орчим тамирчин оролц­жээ. Жил бүр нэр хүнд нь өссөөр байгаа энэ тэм­цээний аваргаар Кубын хувьсгалын лидер Фи­делийн хүү Антонио Кастро түрүүлсэн байна.

Кубад 1959 онд гольфийг бусад хэд хэдэн спортын хамтаар хориг­лож байсан юм. 1990-ээд онд зарим спортын хори­гийг цуцалсан ч гольфийг үлдээжээ. Гэвч энэ спорт Куба арал дээр аажим аажмаар дэлгэр­сээр байна. Рауль Кастрогийн Зас­гийн газар аялал жуулчлалын 16 шинэ бүс нутаг байгуулах төсөл хэрэгжүүлж бай­гаагийн ихэнх нь гольфийн талбайтай байх ажээ. Гольфийн талбайг өр­гөжүүлэх, хөгжүүлэх са­наачилгын ард Антонио Кастро байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга.