Д.БОЛОР
Хууль тогтоох ажил нэг өдрөөр саатлаа. УИХ дахь МАН, АН-ын бүлэг өөрсдийн хүнээ тангараг өргүүлнэ, өргүүлэхгүй хэмээн “шантаажилсаар” зарим хуулийн төсөл гацав. МАН, АН-ынхан чуулганы танхимд ороогүй шалтгаан нь “Танай хүн тангараг өргөнө гэвэл манайх хариуд нь давхар өргүүлнэ. Үгүй гэвэл орохгүй” гэж. Үдээс өмнөх хуралдаан ийм байдлаар болоогүй бол үдээс хойшхи нь товлосон цагаасаа нэлээд хожим чуулганы танхимд цугласан. Тэд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Европын сэргээн босголтын банк үүсгэн байгуулагдсаны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн юм. Харин нэр бүхий хүмүүсийг тангараг өргүүлэх асуудлыг хэлэлцэлгүй чуулганыг өндөрлөсөн. Өнөөдрийн чуулганаар Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэх эсэх нь тодорхойгүй байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшигч С.Чинзориг, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нарын байр суурийг сонслоо.
Д.Эрдэнэбат: МАН Д.СУМЪЯАБАЗАРАА ГЭВЭЛ БИД Д.ЗОРИГТОО ГЭНЭ
-Бид заргалдаад явбал хууль тогтоох ажиллагаанд саад учирна. Хий дэмий улстөржилт газар авна. Ардчилсан бүлгийн байр суурь бол маш тодорхой байгаа. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт явуулах ёстой гэж. Яагаад гэвэл хуулийн дагуу 22 цагт хаах ёстой байтал 20 цагт хаасан. Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь гарсан байна. Энэ утгаараа цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ямар нэгэн асуудал үүсгээд хэрэггүй. Улс төр өөрөө тогтвортой байх ёстой. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг нь үнэн юм бол үүнтэй маргаан үүсгээд хэрэггүй. Маргаан үүсгэх нөхцөл бололцоо бий юу гэвэл бий. Гэхдээ улс төрд өнөөдөр илүү ойлголцол хэрэгтэй байна.
-Өвөрхангайн тойргийн тухайд ямар шаардлага тавьж байгаа юм. Танай нам Д.Зоригтоо тангараг өргүүлнэ гэсэн байр суурьтай байгаа юм уу?
-Энэ тойргийн хувьд маргаан нь шүүхээр эцэслэгдсэн эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Өвөрхангайн тойргийг захиргааны хэргээр эцэслэн шийдсэн. Үүнд ямар ч асуудал байхгүй. Үнэхээр хуулийн зөрчил байна гэдэг нь С.Чинзориг гэдэг хүн дээр гарчихсан юм билээ. Тэгэхээр Д.Зоригтын хувьд тангараг өргөх нь зөв. Тэгээд ч Сонгуулийн ерөнхий хороо түүний нэрийг оруулж ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Д.Сумъяабазараа гэвэл бид Д.Зоригтоо тангараг өргүүлнэ.
-Энэ асуудлаар МАН-ын бүлэгтэй санал солилцсон уу?
-Солилцоод явж байна. Улс төрийн нам, бүлгүүд ухаалаг хандана гэж найдаж байна. Бид асуудлыг хүчээр шийднэ гэж бодохгүй байна. Хуулийн хүрээнд зөвшилцөх нь зөв. Хууль зөрчсөн гэж хоёр талаас маргаан үүсгээд байвал дуусашгүй зүйл болно.
С.Чинзориг: МӨНГӨӨР ЗОДОЖ УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАХГҮЙ БАЙЛГҮЙ
-Өвөрхангайн маргаантай холбоотой асуудалд шүүх хэт нэг талыг барьсан. Шуналдаа автсан увайгүй улс төрчдийн байдлыг шүүх өөрөө гүйцэтгэх гар хөл нь болсон. Энэ бол эмгэнэл. Хан-Уул дүүргийн шүүхийнхэн Н.Төмөрхүү бид хоёрыг буруутгаж байгаа атлаа хариуцагчаар оролцуулахгүй гудамжинд зогсоож байгаад шийдсэн. Өвөрхангайн шүүх ч гэсэн намайг буруутгасан шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ бас л хариуцагчаар гудамжинд байлгаж байгаад шийдсэн шүү дээ. Насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх асуудалд холбоогүй гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхийнхэн үүнийг хэлэлцээд эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаад шилжүүлсэн юм билээ. Удахгүй шүүх хурал нь болох байх. АН-ынхны яриад байгаачлан Дээд шүүх болоод Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарсан юм байхгүй. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дарга “Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг хэлэлцээд шийдсэн” гэж ярьсан байна лээ. Тэгвэл ийм зүйл байхгүй. Улсын дээд шүүхэд хандахаар аймгийн давж заалдах шатны шүүх хурлаар ороогүй хэрэг учраас хэлэлцэх боломжгүй гэдэг. Цэцэд хандахаар шүүхийн процесс дуусаагүй байна гэж хариулдаг. Тэгээд ч захиргааны хэргээр энэ асуудал яваагүй. Захиргааны хэргийн шүүхэд хандаагүй.
-Д.Зоригт тангараг өргөвөл яах вэ?
-Ард түмний сонголт бол Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх. Саяхан ардчилсан орнуудын уулзалт ч боллоо. Тэгэхээр 20 жил ардчиллын төлөө тэмцэж байсан учраас ард түмнийхээ сонголтыг шүүхээр далайлгадаг, мөнгөөр зодож авдаг увайгүй үйлдэл гарахгүй болов уу гэж найдаж байна. Хэрэв ийм байдал гаргавал ардчиллын түүхэнд үлдэх маш том хар толбо болно. Дээрэм хийхгүй болов уу гэж харж байна.
ХОЁР НАМЫН МАРГААНД ОРОХГҮЙ
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Ардчилсан нам, МАН-ын бүлгийн гишүүдийн дунд үүсээд байгаа нэр дэвшигчдийн УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх эсэх асуудалд оролцохгүй” гэсэн тайлбар өгч байна.