Н.МӨНХЖИН

 

Сири, Израилийн хил дээр НҮБ-ын энхийг са­хиу­лах хүчинд үүрэг гүй­цэт­гэж байсан Филип­пиний дөрвөн цэргийг бо­согчид хулгайллаа хэмээн Ливаны “The Daily Star” сонин мэдээлэв. Энхийг сахиулагчид Жамла суурины орчим, Голаны өндөрлөгийн бүсэд эргүүл хийж байхдаа барьцаа­лагд­сан байна. Лалын бо­согчдын “Ярмукийн хут­гийг ологчдын бригад” бүлэг энэ хэргийг үйлд­сэнээ мэдэгджээ. Тус бүлгийн гишүүд ин­тер­нэтээр тараасан мэдэг­дэлдээ “Энхийг сахиу­лагч­дын аюулгүй байдлыг хангахын тулд баривчил­сан” хэмээн онцолсон бай­на. Сирийн байнгын армийн цэргүүд хил орч­мын нутгийг тасралтгүй буудаж байгаа нь эргүүл хийж явсан НҮБ-ын эн­хийг сахиулах корпусын цэргүүдийн амь насанд заналхийлж байсан хэ­мээн босогчид мэдэгджээ.

НҮБ-ын энхийг са­хиу­лах хүчин барьцаа­лагд­сан цэргүүдээ сул­лахын тулд шаардлагатай бүхнийг хийж байна хэ­мээн тус хүчний төлөөлөгч Жозефин Герреро ярилаа. Сирийн босогчдын “Яр­му­кийн хутгийг ологчдын бригад” бүлгийнхэн үү­нээс өмнө ч Голаны өндөр­лөгөөс энхийг сахиулагч­дыг хулгайлж байсан юм. Өнгөрсөн гуравдугаар са­рын эхээр босогчид Фи­липпиний 21 цэргийг ол­золж, тэднийг Ерөнхий­лөгч Башар Асадын цэр­гүүдэд тусалж байна хэ­мээн буруутгаж байв. Гэвч НҮБ-ын “Цэнхэр дуулга­тан”-ууд гурав хоногийн дараа суллагдаж Иорданд хүргэгдэж байжээ. “Ярму­кийн хутгийг ологчдын бригад” нь Сирийн иргэ­ний дайны эхэн үед буюу 2011 оны арванхоёрдугаар сард Дамаскийн Засгийн газрын эсрэг тэмцэх зо­рил­гоор байгуулагдсан билээ. Тус бүлгийн гишүүд нь голдуу Палестины ара­бууд байдаг аж.

Саудын Арабын “Аль-Хайят” сонинд бичсэнээр, яриа хэлэлцээ хийсний эцэст “Ярмукийн хутгийг ологчдын бригад” бүлэг олзны цэргүүдийг ямар нэг болзолгүйгээр сул­лахаар болсон байна. Гэвч Сирийн арми тасралтгүй гал нээж байгаагийн ул­маас энхийг сахиулах хүч­ний цэргүүд нуувчнаасаа гарч чадахгүй байна хэ­мээн босогдын төлөөлөгч ярьжээ. Босогчид НҮБ-ын цэргүүдийг огт барь­цаалаагүй, харин тэднийг байлдааны үйл ажил­ла­гааны бүсээс гаргаж авар­сан хэмээн Египетийн “Al Bavaba” сайт мэдээлэв.

Филиппиний дөрвөн цэргийг зэвсэгтэй 30 ор­чим босогч хянаж, хорьж байгаа бололтой. Одоогоор олзны цэргүүдийг хүчээр суллах хувилбарыг яриа­гүй байна. Израиль улс “Манай иргэдийн аюул­гүй байдалд заналхийлэх­гүй бол бид энэ хэрэг яв­далд хөндлөнгөөс оролцох­гүй” хэмээн амлалт өгчээ. Эдүгээ Сири, Израилийн хил дээр Австри, Энэтхэг, Филиппин, Марокко, Мол­давын цэргүүдээс бүрд­сэн 917 энхийг сахиу­лагч үүрэг гүйцэтгэж, аюул­гүй байдлыг сахиулж байна.