М.ГАН

Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа. Ардчиллын болон хөгжлийн түүхэнд “Монголын туршлага” гэдэг шинэ хэллэг бий болгосон, “Гуравдагч хөрш”-ийн бодлогоороо ялгардаг болсон, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж буй зэрэг хэд хэдэн чиглэлээр манай улс дэлхий нийтэд үнэлэгдэж байгааг Л.Болд сайд тэмдэглэлээ. Монгол Улс хөгжлийн тусламж хүлээн авагч орон байсан бол одоо хөрөнгө оруулалт хүлээн авдаг улс гэдгээ гадаад харилцаагаараа дам­жуу­лан дэлхий нийтэд нотлон харуулж байна гэлээ.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт га­даад бодлого хэ­рэг­жүүл­дэг. Шинэчлэлийн Зас­гийн газар энэ бодлогын замгамж чанарыг хадга­лахын зэрэгцээ гадаад орнуудад ажиллаж, амь­дарч буй иргэдээ хам­гаалсан, тэдэнд ойртсон үйлчилгээ үзүүлэхийн тулд дорвитой шинэчлэл хийхээр ажиллаж байгааг Л.Болд сайд онцлов.  Энэ хүрээнд дипломат тө­лөө­лөгч, консулын газрынхаа тоог нэмэх, оновчтой газар байрлуулах, үйлчилгээний байгууллага болгон өргө­жүүлэн зохион байгуулах зэрэг ажлыг шат дараатай хийж эхэлжээ. Иргэ­дийн­хээ эрх ашгийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх, ялтан шилжүүлэх ажил зохион байгуулж, цахим хэлбэрээр мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх тусгай шугам ч нээжээ. Одоо 39 оронд ажиллаж буй дипломат төлөөлөг­чийн газрынхаа тоог энэ жилд багтаан 45 болгон нэмэх, Монгол Улсын иргэдийг аль болох олон оронд визгүй зорчуулахаар хэлэлцээ хийх ажлууд ахицтай байгаа аж. Үүнээс гадна газар өмчлөх, нийг­мийн халамж тэтгэмжид хамрагдах боломжийг гадаадад буй монгол иргэддээ олгож, үүгээр дамжуулан тэднийг бүртгэлд бүрэн хамруулж, үнэн зөв мэдээллийн сантай болохоор зорьжээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатарын мэдээлснээр 16 оронд манай улсын 159 иргэн ял эдэлж байна. Ял эдэлж байгаа монгол иргэдтэй биечлэн уулзах ажлыг Гадаад харилцааны яам өнгөрсөн оны аравдугаар сараас эхлүүлсэн. Ял эдэлж байгаа иргэд голдуу хулгай, хар тамхины хэрэгт холбогджээ. Зөвхөн хар тамхины хэргээр 34 иргэн ял эдэлж бай­гаа­гийн олонхи нь БНХАУ-д хоригдож байна. Солонгост 29 монгол хүн алга болсон гэх мэдээлэл бий. Тэдний 12 нь олдсон, ес нь Монголд байгаа нь тогтоогджээ. Үлдсэн хоёр нь ч олдоно гэж найдаж буйг Л.Болд сайд хэллээ.