Б.ОД

 

Лалын Бүгд Найрам­дах Иран Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийг Ираны Ерөн­хийлөгч Махмуд Ахмади Нежад Ерөнхийлөгчийн ордныхоо өмнөх талбайд угтан авлаа. Энэ үед хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал хөгжимд эгшиглэв. 

Ийнхүү угтах ёслол үйлдсэний дараа хоёр улсын Ерөнхийлөгч хэ­л­элцээ хийж гурван чиг­лэлийн асуудлаар тохиролцоонд хүрлээ.

Нэгдүгээрт, түүх суд­лалаар хамтарч ажил­лахаар болов. Хоёрдугаарт,  Ерөнхийлөгч нарын ивээл дор сан байгуулж, түүхээ судлах эрдэм шинжил­гээний ажилтнууд, оюут­нуу­дад тэтгэлэг өгч сур­гах, мөн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор Иранаас эрдэмт­дийн баг илгээж эрдэм шинжилгээний бага ху­ралд оролцуулахаар тогт­лоо. Гуравдугаарт, эдийн засгийн хамтын ажил­лагааг ахиц дэвшилд хүр­гэх асуудлыг судалж үзэ­хээр санал нэгдэв. Хэлэл­цээний дараа баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд жил бүр зөвлөлдөх уулзалт хийх механизм бүрдүүлэх тухай санамж бичиг, визний  нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг суд­лах санамж бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Иран Улсын Гадаад харилцааны дэд сайд Сейед Аббас Арагчи, Хасан Ашхаби нар гарын зурав. Үүний дараа Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж  Лалын Бүгд Найрамдах Иран Улсын тэргүүн дэд Ерөнхийлөгч Мохаммед Риза Рахимитэй уулзаж ярилцав.Тэд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хүрээнд хамт­­ран ажиллах болом­жийн талаар санал солилц­сон юм. Мөн хоёр орны түүх тэдний ярианы нэг гол сэдэв байлаа. Эртний өөрийн гэсэн өвөр­мөц соёл, уламжлалтай ард түмнүүд түүнийгээ авч үлдэх нь орчин үеийн даяар­­шиж буй дэлхий ертөнцөд хамгийн чухал зүйл гэдгийг харилцан онцлон тэмдэглэв.