М.ЦЭЦЭГ

Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо өчигдөр  хамтран хуралдаж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төс­лийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танил­цууллаа. Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хад­галамж зээлийн хоршоо­дын төлбөр барагдуулах ажлын алба нь 2006 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нийт 26 хадгаламж зээлийн хор­шоонд холбогдох 8301 хохирогчтой 72,4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс хүлээн авснаас энэ оны байдлаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36,1 тэрбум төгрөгийг хүлээн авч, 26 хадгаламж зээлийн хоршооны 7784 хохирогчтой зохих гэрээг байгуулан 35.9 тэрбум төгрөгийг олгожээ. Хууль тогтоомжийн хэрэгжилт 99.5 хувьтай байгаа бөгөөд 490 хохирогчийн 186.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна хэмээн сайд мэдээллээ.

Шүүхийн шийдвэрээр 30.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас цагдаагийн байгууллагаас 29.2 тэрбум төгрөгийг үл хөдлөх болон хөдлөх хө­рөнгө хүлээлгэж өгсөн бөгөөд 1.5 тэрбум төгрө­гийн үл хөдлөх болон хөд­лөх хөрөнгийг шүүхийн шийдвэрт илүү бичигдсэн, итгэмжлэгдсэн хариуцагч нь үрэгдүүлсэн, тоо данс нь давхардаж бичигдсэн гэх үндэс­лэ­лээр хүлээл­цээгүй аж. Нийт 26 хад­галамж зээ­лийн хоршоо­ноос “Нэмэг­дэх Ундарга”, “Ти-Эс-Би” хадгаламж зээлийн хоршоо нь хохир­лоо 100 хувь барагдуулж, “Гэр хорооллын барилга­жилт”, “Цэн-Алт”, “Үйлс үржи­хүй”, “Европын хөг­жил”, “Си Эм Си”, “Се­вен бойз” зэрэг хадгаламж зээлийн хоршоо нь төрд төвлөрүүлэх мөнгөн хө­рөнгийг барагдуулж дууссан байна.

Хохирлыг эргэн төлөг­дөх нөхцөлөөр барагдуу­лах журамд нэмэлт, өөрчлөлт оруулж уг журмаар хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах ажилд үүсээд байсан гацааг арилган, худалдан борлуулах бо­ломжтой болсон хэдий ч нийт хохирогчдын үлдсэн хохирлыг барагдуулах бо­ломжгүй байгаа юм байна. Тиймээс дээрх хуулийн төслийг боловсруулсан гэж Хууль зүйн сайд Х.Тэ­мүүжин хэллээ. Хуулийн төслийн танилцуулгын дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа.

З.Энхболд:

-Төсвөөс олгосон 36 тэрбум төгрөг эргэн төлөгдөх боломжгүй гэсэн дүгнэлтийг өмнөх Их Хурлын үед ХЗХ-ны асуудлыг шалгасан ажлын хэсэг гаргачихсан. ХЗХ-нд барьцаалсан үнэ хү­рэхээр барьцтай хө­рөн­гүүд болох газрын гэр­чилгээ, барилга, ашигт малтмалын лицензүүд асуудал шүүхэд очихоос өмнө алга болсон байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийд­вэрлэж байгаа вэ. ХЗХ-той холбоотой асуудлыг шалгах ажил гүнзгийрэх үеэр нэр бүхий албан тушаалтан сейфэндээ найман жил хадгалсан тэрбум гаруй төгрөгөө цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн гэсэн мэдээлэл бий. Тэр хүний нэрийг мэдмээр байна?

Х.Тэмүүжин:

-Энэ удаагийн ажлын хэсэг урьд өмнөхөөс онц­логтой. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хо­хирогчдыг ч мөн багтаасан. Ажлын хэсэг ХЗХ-ны хэргээр ял эдэлж буй хүмүүстэй уулзан, хураагдсан хөрөнгө хэрхэн алга болсон, ямар үнээр үнэлэгдсэн, хэрхэн зарагдсантай танилцсан. ХЗХ-дын хоморголон дампууруулж, эд хөрөнгийг татсанаас хохирлоо барагдуулах боломжтой байсан ХЗХ-ны хадгаламж эзэм­шиг­чид хохирч үлдсэн. Эд хөрөнгийг татан төвлөрүүлэх явцад үнэ хүрэх эд зүйлсийг үрэгдүүлсэн, хураагдсан зүйлсийн жагсаалтаас хассанаас болоод хуулийн байгууллагад бүрэн бүт­нээрээ ирээгүй. Түүнчлэн үнэ хүрэхээргүй зүйлийг өндрөөр бүртгэсэн зөрчил ч олон байгаа.Хураагдсан хөрөнгийг хадгалах, бүртгэх үүрэгтэй төрийн албан хаагчид үүргээ гүй­цэтгээгүй.Их хэмжээний мөнгө оруулан, өндөр хүү аваад гарч одсон гээд бай­гаа хүмүүсийн заримынх нь нэрс тодорч байгаа ч баримт нь бүрэн гарч ирэхгүй байгаа. Учир нь асуудал дэгдэх явцад ба­римтыг устгасан, засвар­ласан учир нотлох баримт төдийлөн бүрдэхгүй бай­гаа. Ажлын хэсэг цаашид шалгасаар байх болно. ХЗХ-ны тэрбум гаруй төг­рөгийг сейфэндээ найман жил хадгалаад асуудлыг гүнзгийрүүлэн шалгах үед гаргаж ирсэн албан ту­шаалтны нэр одоохондоо бидэнд ирээгүй. Про­ку­рорын байгууллагад шал­гагдаж байгаа гэв.

Гишүүдийн олонхи бу­руутанг тогтоон хариуц­лага тооцох ажил удаан үргэлжлэх учир эхлээд хохирогчдын хохирлыг барагдуулах нь зүйтэй хэмээн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэ­хийг дэмжлээ.