М.ЦЭЦЭГ

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр боллоо. Тэрээр 2009 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд намын гишүүнчлэлээсээ түр түдгэлзээд байсан юм. Энэ удаад мөн АН-аас нэр дэвшихээр болж гишүүнчлэлээ сэргээлээ.
Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны 42 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болж гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох журмаа батлав. Дараа нь Ерөнхий нарийн бичгийн даргыг томиллоо. Энэ албанд үүрэг гүйцэтгэгчээр Ц.Оюундарь ажиллаж байсан бөгөөд түүнийг батламжлав. Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох санал хураалт нууц болж, ҮЗХ-ны гишүүдийн олонх Ц.Оюундарийг дэмжсэн байна. Санал хураалт болж байх хооронд Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. Журмын дагуу Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой эрхмүүд Гүйцэтгэх зөвлөлд өргөдөл бичиж өгөх ёстой бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшихээ илэрхийлж өргөдөл өгсөн байв. Түүний асуудлыг хэлэлцээд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд орууллаа. Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хурал товчхон болж өндөрлөв. Нэр дэвших ганцхан эрхмийн нэр өмнө нь яригдаж байсан. Хэвлэлийнхний таамаг, намын удирдах байгууллагын бэлдсэн төлөвлөгөөний дагуу асуудлаа шуурхай шийдлээ.
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, тус намын МоАХ фракцын дарга Х.Баттулга өрсөлдөнө гэсэн таамаг улс төрийн хүрээнд явж байсан ч талаар боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрсөлдөгчгүйгээр нэр дэвшигчээр тодров. Нэр дэвшигч нь ялгүй, татварын өр төлбөргүй, Ерөнхийлөгчийн албыг хашиж чадахуйц ёс зүйтэй хүн байх ёстой гэсэн шалгуурыг журамдаа тусгасан байв.