Б.ЭРХЭС

Ээлжит бус чуулган эхэлж, эхний өдрөө гишүүдийн зодоон цохионтойгоор өндөрлөсөн ч баасан гаригт үргэлжлэх байсан чуулганы хуралдаан болсонгүй. Уг нь энэ өдөр үдээс хойш 16 цагт Их хурлын чуулган хуралдаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан юм. Гэвч ирц бүр-дээгүй учир ээлжит бус чуулганыг цуцлалаа.
Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн жил халамжийн хэлбэрээр асар их мөнгийг бэлнээр иргэдэд тараасан, татварын орлого тасарсан, тендер хугацаандаа зарлагдаагүй зэрэг бэрхшээлүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт хүндрэл учруулаад байгаа гэнэ. Үүнээс болж төсвийн алдагдал таван хувьтай байна гэж Сангийн сайд Ч.Улаан хэлсэн юм.
Нэгэнт төсвийн алдагдал өндөр, улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа учир төсвийн тодотголыг нэмэх биш, танах зарчмаар хийхээс өөр аргагүй байдалд хүрээд байгаа. өөрөр хэлбэл, өмнөх жилүүдэд төсвийн тодотголоор төрийн байгууллага, яамдад төсөв нэмж олгодог байсан бол энэ жил төлөвлөсөн төсвөөс хасах байдлаар тодотгол хийх болоод байна.
“Шударга ёс” эвслийн бүлэг төсвийн тодотголыг хэлэлцээд “Одоогийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр төсөв батлагдаж гарах ёстой. Удахгүй Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдэнэ. Улмаар УИХ-ын намрын чуулганаар ирэх жилийн төсвийн хэлэлцүүлэг эхлэх үеэр өнөө жилийн төсвийн алдааг засах чиглэлээр ажиллах ёстой” гэж үзжээ.
Мөн “Шударга ёс” эвслийн бүлэг Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцжээ. Тус эвслийн бүлгээс ажлын хэсэг гаран хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Д.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн сонгуулийн хуулийн тухайд, ямар ч байсан сумын ИТХ-ын төлөөлөгчийг намын жагсаалтаар сонгох нь зохисгүй, иргэд өөрсдөө хүнээ нэр дэвшүүлэх ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрч, энэхүү заалтаар хэлэлцүүлэг эхлүүлэхэд санал хураалгахаар болсноо дуулгасан юм.