Ө.СОНОР

 

Улс төр энэ долоо хоногт  нэлээд  сонирхолтой өрнөнө. Парламентад суудалтай намууд Ерөнхий­лөгчийн сонгуульд  нэр дэвшигчдээ  тодруулж байгаа учир Төрийн  тэргүүн болох  марафонд хэн, хэн гүйх нь  иргэдийн  анхаарлын төвд  байна. 

МАН  энэ  бүхний сал­хийг хагалж аварга Б.Бат-Эрдэнийг сойсон  бол МАХН хоёр, гурван кан­ди­датын нэр гар­гачихсан ярьж суугаа.  Харин АН-ынхан одоогийн Ерөнхий­лөгч  Ц.Элбэгдоржоос өөр  нэр  байхгүй гэж аль эрт­нээс мэдэгдсэн. Гэвч ардчилсан үзлийг имим­жээ болгодог намынхан бүг­дээрээ нэг хүнийг дэм­жих үү, үгүй юу гэдэг нь тун сонирхолтой тоглолт  байж  мэдэх  юм.

Нэгэн зэрэг ярсхийн гараа  өргөж нэг хүнийг дэмжих  нь эв нэгдэлтэй мэт харагдавч, нөгөө  талаараа бусдынхаа  үзэл  бодлыг   хазаарласан ардчилалгүй байна гэх сэтгэгдэл  төрүүлж  мэдэх юм.  Энэ бүх тоглолт өнөө, маргааш болох тус намын ҮЗХ-ны хурал, Их хурлаас тодорхой болох  байх. Харин тус намаас нэр дэвших одоогийн Төрийн тэргүүн  Ц.Элбэгдорж  сон­гуу­лийнхаа  сурталчилгааг хуулийн хугацаанаас нь  өмнө, дүрмийн  бус  аргаар  аль хэдийн явуулж эхэл­сэн нь тодорхой  байгаа юм.

Ирэх сонгуультай хол­боотойгоор Ц.Элбэгдорж  тун гярхай ажиллаж байгаа. Үүний нэгэн  жишээ нь Архины хяналтын тухай хууль  байлаа. Тамхиныхтайгаа  адилхан  цагаа олсон өөрчлөлт энэ болох байсан  юм.  Архины  хяналтын тухай хууль гарснаар супер­маркетуудаар архи зарахаа  больж, сог­туу­руулах ундаа  худалддаг тусгай  цэгүүдтэй  болс­ноор  сархадын худалдааг төр мэдэлдээ  авахаар  байв.  Мөн архи  хэтрүүлэн хэрэг­лэсэн иргэн нийг­мийн хэв журам зөр­чөөгүй л  бол  эрүүл­жүү­лэхэд  бус эмнэлэгт  хүргэж өгөх, хэн нэгэнд  согтууруулах  ундаа хүчээр  уулгасан хүнд  захиргааны  хариуц­лага тооцох зэргээр өөрч­лөгдөх байжээ.  Нийгмийн захиалгаар гарч ирэх ёстой энэ хуулийг  хойш татсан хүн  нь харин өнөөх сүү  өргөдөг Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж байлаа.  Ерөнхийлөгч энэ хуулийг  гаргахаас  үнэхээр  айсан.  Айхдаа  хойш татахаас өөр  арга олдоогүй бололтой. Учир нь  Архины хяналтын хууль батлагдвал  сог­тууруулах ундааны  үйлд­вэрлэл эрхлэгч, бор­луулагчдын сүлжээний хэдэн зуун  хүн, түүгээр дамжуулан хэдэн мянган  хүн амьдралынх нь ор­логын эх үүсвэрийг хаалаа  гэж Ц.Элбэгдоржийн эс­рэг  босох  нөхцөл  бүрдэх  байж. Өдгөө  гэр хо­рооллын гудамжны булан, орон сууцны байшингийн нэг давхар бүрт  сог­тууруулах  ундаа  худалдах  зөвшөөрөлтэй найман  нэрийн дэлгүүрүүд  бий. Яг энэ дэлгүүрүүд  шиг архидан  согтуурах үзэгдэл  нийгмийн бүх давхрагыг  хамарч, нэг хүнд  ногдох архиныхаа хэмжээгээр  дэлхийд тэргүүлж, ар­хидах  үзэгдэл  нь  Монгол Улсын  үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсныг хамгийн сайн  мэдэж байгаа хүн уг нь  Ц.Элбэгдорж юм. Гэвч иргэдийн зүгээс асар их  хүлээлт үүсгээд байсан  Архины хяналтын тухай хуулийн төслийг Ц.Элбэгдорж санаа­чилсан ч өргөн барихаасаа  өмнө цааш нь хийгээд  цоожилсон  юм.  Угтаа бол тэрээр  өөрийгөө  биш  ард түмнээ, Ерөн­хийлөгчийн суудлаа бус иргэдээ боддог  байсан  бол  цаг  нь аль хэдийнэ  болсон  энэ  хуулийг яаралтай батлуулах  байв.  Нийт сонгогчдынхоо эрх ашгийг бодох бус хэдэн хүний саналыг авч ча­дахгүй байх гэсэн  Ц.Элбэгдоржийн айдас Архины хяналтын  хуулийг хэсэг  хугацаанд  дараатай байлгах  хүчин зүйл  болсон  нь энэ юм. 

Ийнхүү  архинаас  болж  сонгогчдынхоо  саналыг алдахаас сэрэм­жилсэн түүний айдас сүүлдээ, эрээ  цээргүй PR болон хувирчээ.  Мэдээж  тэрээр төрийн тэргүүний албыг хашиж буй гори­логч тул  маш  том давуу эрхтэй. Үүнийгээ ашиглан сүүлийн  үед  хэт  их  албан бус сурталчилгаа  хийж байгаагийн нэгээхэн хэсэг нь ерөнхий  боловсролын сургуулийн төгсөх  ангийн сурагчдыг  чиглэсэн  PR нь  юм.  Яг одоо  МУБИС, МУИС-ийн  Түүхийн  ангийн  гурав, дөрөвдүгээр дам­жааны оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулиудад дадлагад  гарч байгаа юм байна. Үүнийг нь Ц.Элбэгдорж  овжин ашиглаж оюутнуудаар өөрийгөө магтуулсан  агуулга бүхий түүхийн хичээлийн лекц  уншуулж байгаад МУИС-ийн багш нараас эхлээд  олон  хүн дургүйцэж  байна. Дунд сургуулийн төгсөх ангийн  сурагчид гэдэг  18 насанд  хүрч санал  өгөх  эрхтэй болж буй сонгогчид гэсэн  үг.  Чухам иймээс л зорилтот бүлгээ  онилсон тойруу  сурталчилгаагаар тэдний  тархийг  угааж  буй  ажээ. Уг  нь  бол 11-р  ангийн сурагчдад  зөвхөн Дэлхийн түүх  заах батлагдсан  хуваарийг Боловрол, шинжлэх ухааны  яамнаас  бүх  ерөнхий боловсролын сургуулиудад  мөрдүүлдэг  байна. Энэ журмыг  зөр­чиж 1990-ээд  оноос хойшхи ардчилсан жи­лүүдийн түүх, тэр дундаа ардчиллын зүтгэлтэн  С.Зориг агсан, одоогийн  төрийн тэргүүн гээд  л  тойруу  замаараа “Ц.Элбэгдоржийг магтах нь” сэдэвт түүхийн  хи­чээлийг заалгаад  байгаа бололтой. Чухамдаа бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх сарын  22-ноос эхлэх  хуультай. Харин Ц.Элбэгдорж албан тушаалаа  ашиглаж хууль  зөрчин, хуулийн дагуу  юм шиг харагдахаар элбэг  PR-аа  хийсээр  байна.