АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй террористуудын жагсаалтад анх удаа эмэгтэй хүнийг оруулжээ. Алдарт рэппер Тупак Шакурын авга эгч Жоан Дебора Чезимар энэхүү “эргэлзээтэй нэр хүнд”-ийг хүртээд байна. Ассата Шакур хочоороо алдаршсан Чезимар “Хар чөлөөлөлтийн арми” хэт даврагч бүлгийн гишүүн байжээ. 1970-аад онд тус бүлэг банкуудыг идэвхтэй дээрэмдэж, цагдаагийн ажилтнуудын амь насанд халдаж байв.
1973 онд Нью-Жерсид цагдааг буудан хөнөөсөн Чезимар 1997 онд бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Чезимар болон түүний хамсаатнуудын сууж явсан автомашиныг хоёр цагдаа зогсоожээ. Тухайн үед Чезимар банк дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байжээ. Буудалцаан болж нэг цагдаа алуулж, нөгөө нь шархадсан байна.
1979 онд гэмт хэрэгтэн бүсгүй шоронгоос оргож, дараа нь Кубад очиж нуугджээ. Кубын эрх баригчид түүнд улс төрийн орогнол олгосон юм. Холбооны мөрдөх товчоо дээрх цагдаагийн үхлийн 40 жилийн ойгоор Чезимарыг хамгийн ихээр эрэн сурвалжилж буй террористуудын жагсаалтад оруулсан байна. ХМТ-ны сайтад Чезимарын ашиглаж байсан 20 орчим нэрийг ил болгожээ. Тэрээр хэзээ төрсөн нь тодорхой бус, эдүгээ 60-66 настай хэмээн үздэг.
АНУ-ын эрх баригчид гэмт хэрэгтэн эмэгтэйн байгаа газрыг зааж өгсөн хүнд нэг сая долларын шагнал амлажээ. Мөн Нью-Жерси мужийн захиргаа Чезимарыг баривчилж чадсан хүнд дахин нэг сая долларын шан амлаж байна. ХМТ-ны төлөөлөгч террорист бүсгүйг Америкт буцаж ирж, бууж өгч шүүхийн өмнө зогсохыг уриалжээ.