Н.МӨНХЖИН

Хятадад томоохон шуу­гиан дэгдэв. Увайгүй худалдаачид харх, үнэгний махыг үхэр, хониных хэмээн зарж байсан нь илрээд байна. Одоогоор энэхүү хууль бус бизнест хутгалдсан 904 хүнийг баривчлан саатуулаад бай­на хэмээн “Синхуа” агентлаг Хятадын Олон нийтийн аюулгүй байд­лын яамны эх сурвалжаас иш татан мэдээллээ. Цаг­даа нар хэргийг үргэлж­лүүлэн шалгах явцад олон зүй бус үйлдлийг илрүүл­жээ. Цзянсу мужид гэхэд л үнэг, булга, хархны ма­ханд химийн бодис нэмж хонины мах болгоод зах дээр гарган борлуулдаг байсан аж. Хуурамч мах­ны худалдаачид энэхүү наймаанаас нийтдээ 10 сая юанийн (1.62 сая дол­лар) ашиг олоод байжээ.

Хуурамч махыг анх нэг­дүгээр сард илрүүлсэн юм. Гэмт этгээдүүд махыг химийн бодисоор “бор­доод” зогсохгүй мөн усаар тарьж хөөлгөн жинг нь нэмэгдүүлдэг байв. Үхсэн амьтны махыг ашигласан тохиолдол ч цөөнгүй гар­чээ. Одоогоор 20 тн гаруй “хул­хи” мах хурааж, 382 эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хуурамч махны хэргийг илрүүлэн шалгаж буй нь өргөн хэм­жээний кам­панит ажлын зөвхөн эхлэл хэмээн Олон ний­тийн аюулгүй байд­лын яамнаас мэдээ­лэв. Да­раагийн ээлжинд сүүн бүтээгдэхүүний нөх­цөл байдлыг шалгахаар бол­жээ. Сүү, сүүн бүтээгдэ­хүү­ний салбарт “гүнзгий дархлагдчихаад” байгаа олон асуудал байгааг цаг­даагийн газар хүлээн зөв­шөөрсөн ч өөр нарийн ширийн зүйл дэлгэсэнгүй.

Дээрх шуугиантай хол­бог­дуулан дэлхийн улс орнууд Хятадад аялж явах­даа мах идэхгүй байхыг ан­хааруулж байна. “Үхэр, хонины маханд холилдсон байж магадгүй үнэг, харх­ны мах нь галзуу өвчин, та­хал, хижиг, сальмонел­лез зэрэг олон аюултай өвчнийг өдөөгч вирусыг хадгалж байдаг. Тиймээс Хятадад байхдаа мах идэх­гүй байвал өлзийтэй” хэ­мээн улс орнууд сэрэмж­лүүлж байгаа юм.

2008 онд Хятадад мела­минтэй холбоотой шуу­гиан дэгдэж дэлхий ний­тийг цочроож байсан би­лээ. Зарим компани сүүн бүтээгдэхүүн, тэр тусмаа хүүхдийн хоол тэжээлд меламин хэмээх үхэлд ч хүргэж болох хортой бо­дисыг нэмсэн байсан. Ал­бан ёсны мэдээллээр, мела­минд 300 мянган хүн хордож, 54 мянган хүүхэд эмнэлэгт хүргэгдсэнээс зургаан хүүхэд нас барсан юм. Меламинтэй, эрүүл мэндэд аюултай бүтээг­дэхүүн үйлдвэрлэсэн ком­панийн эздийг баривчилж шүүхэд шилжүүлсэн бө­гөөд тэдний хоёрыг нь цаазаар авсан байна. Сүүн бүтээгдэхүүнд меламин байгааг эрх баригчдад анх мэдээлж байсан иргэн Зян Вэйсо 2012 онд учир би­түүлэг шалтгаанаар амиа алджээ.