М.ЦЭЦЭГ

Улс төрийн намууд энэ долоо хоногт Ерөн­хийлөгчйин сонгуульд нэр дэвшигчээ тодруулж дуус­на. Улс төрийн гол сэдэв энэ байх ч парламентын хувьд дэд даргаа сонгох уу, 75 дахь гишүүн тангараг өргөх үү гэсэн асуулт хариултаа хүлээж байна. УИХ-ын дэд даргад Ардчилсан намаас Р.Гон­чигдоржийг нэр дэвшүүл­сэн ч МАН-ынхан хүлээж авалгүй өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы нэгд­сэн хурал­даанаар хэлэл­цэх үеэр энэ асуудлаас завсарлага ав­сан юм. Тэдний завсар­лагын хугацаа ирэх пүрэв гаригт дуусах бөгөөд дахиж сунгах хуулийн хугацаа бий. МАН-ын гишүүд  УИХ-ын 26 дугаар тойрогт болсон дахин санал хураалтаар МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэх ёстой хэмээн үзэж байгаа билээ. Нэр дэвшигчийн нэрийг УИХ-ын гишүүнээр сонгогд­сонд тооцон Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөн­хийлөгч, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Түүнийг тангараг өргөтөл УИХ-ын дэд даргыг сонгохгүй хэмээн МАН завсарлага авсан юм.

Парламентын энэ долоо хоногийн ажлын хуваариас үзвэл УИХ-ын дэд даргыг сонгох хэлэлцүүлэг үргэлжлэх ч гишүүний тангараг өргөх асуудлыг төлөвлөөгүй байна. Тэгэхээр УИХ-ын даргын Зөвлөлийн хур­лаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын да­раал­лыг тогтоохдоо тангараг өргөх асууд­лыг хэлэлцээгүй бололтой.

Ардчилсан намын бүлгийн гишүүд 26 дугаар тойрогт явуулсан дахин санал хураалт хууль зөрчсөн гэж өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц асуудлыг шийдсэний дараа тангараг өргөх эсэхийг ярих хэрэгтэй гэж тус намын бүлэг үзэж байгаа юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын 26 дугаар тойрогт болсон дахин са­нал хураалт хууль зөр­чөөгүй, СЕХ түүнийг ба­тал­гаажуулсан, тангараг өргүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Тус намын бүлэг УИХ-ын гишүүний эр­хийг эхлээд баталгаа­жуулс­ны дараа дэд даргын асуудлыг ярилцах нь зүй­тэй гэж үзээд завсарлага авсан.Тэд УИХ-ын дэд даргад нэр дэвшсэн Р.Гон­чиг­доржийг эсэргүү­цээгүй ч энэ асуудлын өмнө Д.Сумъяабазар тангараг өргөх ёстой гэж үзэж байгаа юм. Ямар боловч Р.Гончигдорж, Д.Сумъяа­базар нарын асуудал парламентаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын гол сэдэв болно.